БНАСАУ-ын их удирдагч Кин Чен Ир агсны ууган хүү Ким Жон Нам Малайз улсад нас барсан, энэ хэрэгт Умард Солонгосын тусгай ажилтан байж болзошгүй хоёр эмэгтэйг сэжиглэж байгаа гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийн сэжигтэн Вьетнам улсын пасспорттой нэг эмэгтэйг баривчилсан байна. Энэ хэргийн талаар баттай бус мэдээлэл таамаг их байгаа учраас дэлхийн хэвлэлд хэрхэн мэдээлснийг хүргэе.
Малайз улсын цагдаагийн газраас Умард Солонгос улсын иргэн, 46 настай эрэгтэй Куала Лампурын нисэх буудлын ажилтнаас эмнэлгийн тусламж хүссэн, эмнэлэг орох замдаа амьсгал хураасан гэсэн албан мэдээллийг өгөв. Тэрээр Ким Чол гэсэн пасспороор аялаж байжээ.
Харин Өмнөд солонгосын хэвлэлд Ким Чол бол Умард Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Унын эцэг нэгтэй, эх өөртэй ах болох Ким Жон Нам гэж мэдээлэв. Малайзын талаас ч түүнийг мөн болохыг баталсан гэж Өмнөд Солонгост мэдээлж байна. Чосун телевизэд Ким Жон Намыг хөнөөсөн хэн болох нь тодорхойгүй хоёр эмэгтэй таксигаар зугтсан гэсэн бол Ройтерс мэдээллийн агентлаг энэ хоёр эмэгтэйг Хойд Солонгосын тусгай ажилтнууд байх талтай гэж мэдээлсэн байна.
Малайзын албаны хүмүүс энэ хоёр эмэгтэй хортой зүүгээр Ким Жон Намыг хатгасан, хортой шингэн цацсан гэсэн харилцан адилгүй мэдээллийг өгч байна. Гэхдээ малайзын цагдаагийн газраас өгсөн албан ёсны мэдээллийн дагуу бол үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Нисэх буудлын ажилтан мэдүүлэгтээ “Нас барсан хүн... ардаас нь нэг хүн нүүрэнд нь хүрэх шиг болсон гэж хэлсэн. Толгой нь эргэж эхэлсэн учраас тусламж гуйсан” гэжээ.
Ким Жон Нам нь Умард солонгосын их удирдагч Ким Чен Ирийн ууган хүү. 2001 оныг хүртэл Умард Солонгосын төрийг залгамжилна гэж яригдаж байсан. 2001 онд Япон улс руу хуурамч бичиг баримтаар аялсан нь олон улсад цацагдсан, түүнчлэн капитализмыг дэмждэг, аливаа улс орныг нэг гэр бүл үе дамжуулан удирдахыг дэмждэггүй байсан зэрэг үзэл бодлоосоо шалтгаалж, улс удирдах эрх мэдлээ алдсан гэж үздэг. Тэр үеэс хойш хилийн чанадад буюу гол төлөв БНХАУ-ын нутаг дэвсгэр, Макаод амьдардаг байжээ.
Харин БНАСАУ-ын төрийн эрхийг 2011 оноос хойш барьж байгаа, өнөөгийн удирдагч Ким Жон Ун нь төрийн албан хаагчдын хүрээлэлд их цэвэрлэгээ хийж байгаа. Хэрвээ энэ хэргийг Ким Жон Ун захиалсан нь тодорхой болвол 2013 оны 12-р сард нагац ах Жан Сон Таек болон гэр бүлийн гишүүдийг нь цаазалснаас хойшх гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хамгийн том хэрэг болох юм гэж Германы DW агентлаг дамжууллаа.
BBC агентлаг харин Хойд солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Ун, ахыгаа төрийн эрхийг авч болзошгүй өрсөлдөгч, аюул заналхийлэл гэж үзсэн учраас ийм арга хэмжээ авсан байж болзошгүй гэж мэдээлжээ.
Энэхүү гэнэтийн үйл явдал Умард Солонгос улс ням гарагт пуужин харваж олон улсын хараанд өртсөн үетэй давхцаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт