Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээг иргэн бүрт хүргэхийн төлөө Монголын эрүүл мэндийн салбарт гэгээ татуулан 2009 онд орж ирсэн “Грандмед” эмнэлэг өдгөө нуруу нугасны бичил, мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гурав дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд хүртлээ өргөжөөд байна. Тус эмнэлгийн ололт, амжилт, нөр их хөдөлмөрийг Монголд төдийгүй Олон улсад үнэлж Швейцар, АНУ зэрэг орнуудад болсон нэр хүндтэй хурал, фестивалиас удаа дараа шагнал хүртээд байгаа билээ. Тэгвэл саяхан “Гранмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар манай улс дэлхийд энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь улс болж чадлаа. Энэ талаар “Грандмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Б.Нурбектэй ярилцлаа.
-“Грандмед” эмнэлгийн нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар дэлхийд манай улс энэ төрлийн хагалгаа хийдэг хоёр дахь улс болсон сайхан мэдээ байна. Ер нь энэ төрлийн хагалгаа өмнө нь хийгддэг байсан уу?
-Хүзүүний дурангийн хагалгааг хийсэн хоёр дахь орон болж байна. Өмнө нь БНСУ энэ төрлийн хагалгааг дэлхийд ганцаараа хийдэг байсан. Одоо манай улс хоёр дахь орон боллоо. 1970, 1980-аад оны үед хүзүүний хагалгааны анхны аргууд гарсан байдаг. Гэхдээ хагалгааг нээлттэй аргаар хийдэг байсан. Нээлттэй аргаар хийхийн тулд хүзүүний ард зүслэг хийж хийдэг. Гэтэл сүүлийн үед эрдэмтэд хүзүүний булчин маш чухал үүрэгтэй гэж тодорхойлсон. Нээлттэй хагалгаа нь булчинг ихээхэн гэмтээдэг учраас хагалгааны дараа толгой өвдөх, хүзүүгээр байнга өвддөг болох зэрэг сул тал ихтэй байсан. Харин 2016 онд хүзүүний хагалгааг дурангаар хийж болно гэсэн шинэ арга гарсан. Дурангийн гол зорилго нь тэр 1970, 1980-аад оны хагалгаатай адилхан боловч толгой хүзүүний булчингаа гэмтээхгүй хийдгээрээ ач холбогдолтой гэж хэлж болно. Ер нь хүзүүний хагалгаа хийж нугасны цаана байгаа мэдрэлийг чөлөөлж байгаа учраас энэ төрлийн хагалгаа өөрөө маш хүнд юм. Тиймээс БНСУ-аас бусад оронд төдийлөн хийгдэггүй байсан байх нь.
-Дэлхий дахинд эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж байхад ганцхан БНСУ-д энэ хагалгаа хийгддэг байсан гэхээр таны хэлээд байгаа шиг нэлээд хүнд, ур чадвар шаардсан хагалгаа болж таарах нь. Тийм үү?
-Хүзүү өөрөө их жижигхэн ястай. Үүн дээр дурангаар хагалгаа хийнэ гэдэг их эрсдэлтэй. Тийм учраас олон улсад энэ хагалгааг хийгээд байдаггүй. Бидний хувьд нэлээд олон хүнд энэ хагалгааг хийж туршлагажаад нэг ёсондоо нутагшуулж чадлаа гэсэн үг л дээ. Ингэснээр энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь орон боллоо. БНСУ-д хүзүүний дурангийн хагалгааг хийдэг. Гэхдээ түгээмэл биш. Энэ төрлийн хагалгаанд мэргэшсэн, мэргэжлийн эмч цөөхөн бий. Хүнд хагалгаа учраас мэс заслын эмч болгон хийчих хагалгаа биш юм.
-Энэ хагалгааг ямар тохиолдолд хийдэг вэ?
-Манайхны яриад байдаг остеохондроз буюу хүзүүний шохойжилт үүссэн, яс ургасан үед хүзүү өвддөг, толгой өвддөг, бүр цаашлаад дал мөр рүүгээ бадайрах шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд ихэвчлэн нэг мэдрэл, хоёр мэдрэл, гурван мэдрэл гээд олон мэдрэл зэрэг дарагдсан байдаг. Ийм үед л мэдрэлийг чөлөөлөх үүднээс хийгддэг хагалгаа. Одоогоор дэлхийд ийм өвчний үед хүзүүний урдаас нээлттэй хагалгаа хийж дискийг солих арга хэмжээ авдаг. Диск солихын тулд хүзүүний урдаас зүсэлт хийж байгаа учраас улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, гүрээний артерыг гэмтээх зэрэг маш их эрсдэлтэй. Хоёрдугаарт хүзүүний нэг дискийг сольчихоор нөгөө диксэнд нөлөөлж, тодорхой хугацааны дараа бусад диск нь муудах эрсдэлтэй байдаг. Нэгнийхээ ачааллыг бусад дискнүүд авдаг байх нь. Тэгвэл дээрх дурангийн хагалгаа бол хүзүүний араас хийж мэдрэлээ чөлөөлнө. Хүзүүний урдаас хийдэг хагалгаа шиг бусад дискүүдэд нөлөөлөхгүй.
-Хүзүүний диск солиулснаас илүү дурангийн хагалгаа хийлгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Хүзүүний диск солиулсан хүн их байна. Дараа нь өөр дискнүүддээ нөлөөлдөг. Остеохондроз гэдэг маань зөвхөн нэг мэдрэлийг дардаггүй. Гурав, дөрвөн мэдрэлийг зэрэг дардаг. Тэгэхээр гурав, дөрвөн дискийг зэрэг солино гэсэн ойлголт байхгүй. Дурангийн хагалгаагаар гурав, дөрвөн мэдрэлийг зэрэг чөлөөлөх боломжтой. Хоёрдугаарт булчингаа гэмтээхгүй учраас зовиур багатай. Гуравдугаарт хүзүүн дээр маш олон шохойжилт үүссэн, яс ургасан гэх боловч ихэвчилэн хүзүүн дээр гол өвдөлт үүсгэдэг нэг л мэдрэл байдаг. Учир нь нугасанд нөлөөлөхгүйгээр яг тухайн өвчтэй мэдрэлийг олно гэдэг амаргүй. Дөрөвдүгээрт энэ өвчнөөр ихэвчлэн настай хүмүүс өвчилдөг гэж хэлсэн. Тэгвэл тэр хүмүүс ясны сийрэгжилттэй байдаг. Тэр утгаараа диск тавьчихаар эргээд шахагдаад хугарах эрсдэл байдаг. Харин дурангийн хагалгаа бол ясны сийрэгжилттэй байсан ч хийж болдог. Бид хамгийн нарийн голчтой буюу 7 мм-н дуранг ашиглаж, бага зүслэгээр мэс заслыг хийдэг ба өвчтөн нэг хоноод эмнэлгээс гардаг нь манай гол давуу тал болно.
-Монголд хүзүүний шохойжилттой, дал мөрүүгээ дарж өвддөг оноштой хэр их хүн байдаг бол?
-Толгой өвддөг, гар нь бадайрдаг, хүзүү нь өвддөг остеохондроз оноштой маш их хүн байдаг. Ихэнхдээ 50-аас дээш насныхан энэ төрлийн зовиураар их шаналж нойргүй хонож байа. Хүзүү, толгой өвдлөө гэдэг. Даамжирч зүрхээр хатгаад байна гэх тохиолдол ч байна. Зүрхний шинжилгээ хийхээр зүгээр гараад байдаг. Яг цаанаа хүзүүтэй холбоотой байдаг.
-Хүзүүний хагалгааг хийх шаардлагатай ч тоохгүй удаан явах нь ямар эрсдлийг дагуулж болох вэ?
-Настай хүмүүсийг бид мэднэ дээ гарны булчингууд нь хонхойгоод орчихсон байдаг шүү дээ. Мэдрэлийн судсууд удаан хугацаанд дарагдаад явахаар булчингууд нь хатингаршина. Гэхдээ хүзүүний остеохондроз гэдэг оноштой хүмүүсийн таван хувь нь л дээрх хүнд хэлбэрээр өвддөг. Үлдсэн 95 хувь нь эмчилгээний үр дүнг хурдан өгдөг.
-Манайхан хүзүү, толгой их хөшиж хөөрч байна гээд байдаг. Энэ өвчний бас нэг тэмдэг мөн үү?
-Оролгүй яахав. Хүзүү, толгой их хөөрдөг хүмүүс даралт ихэсч багассантай холбоод яриад байдаг. Тэгэхээр байнга хүзүү, толгой хөшиж хөөрч өвдөөд байна гэдэг хүзүүтэй л холбоотой.
-Одоогоор энэ төрлийн хичнээн хагалгааны ард гараад байна вэ?
-Нийтдээ 1500 гаруй дурангийн хагалгааг бид хийгээд байна. Урт хугацааны судалгаа, дурангийн хагалгааг 1500 гаруй хүнд хийж байж сая бид хүзүүний дурангийн хагалгааг нутагшуулж чадлаа гэж хэлэх эрхтэй болж байна. Өөрсдийгөө маш сайн бэлдсэний хүчинд дараагийн шатанд шилжиж байна гэсэн үг.
-Хагалгааны багийн бүрэлдэхүүний тухайд?
-Манай багийн хувьд одоохондоо гурван эмч ажиллаж байна. Бүгд л дурангийн хагалгааны мэргэшсэн эмч нар. Бид жилд 400-500 дурангийн хагалгаа хийдэг. Дээрх хагалгааг нутагшуулахын тулд маш их дэмжлэг хэрэгтэй болсон. Хөрөнгө оруулалт, эмнэлгийн удирдлага, багийн зүгээс гээд маш олон дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Бидний хувьд өнөөдөр тэр бүх нөхцөл сайн бүрдсэн.
-Бид хүзүүний дурангийн хагалгааг нутагшуулж чадлаа. Цаашдаа хагалгааг амжилттай үргэлжлүүлснээр жилд хичнээн хүн энэ хагалгаанд орох боломжтой юм.
-Бид багийнхаа хувьд энэ хагалгааг нутагшуулсандаа баяртай байгаа. Бид дэлхийн хэмжээнд явж байна. Дэлхий биднээс суралцах цаг ч ирж байна. Нэг үе бид дандаа эрүүл мэндийн салбарын хөгжлийн хойноос нь явдаг байсан бол өнөөдөр зэрэгцээд явах чадамжтай боллоо гэж хэлмээр байна. Технологийн хувьд мэдээж хямдхан өртөгтэй биш. Нэг өдрийн дотор бус маш олон жилийн турш зөв стратеги бодлогоор алсыг харсан ажлуудыг шат дараатайгаар хийж, эмч, мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг системтэйгээр дээшлүүлсний үр дүнд өнөөдрийн энэ амжилтад хүрсэн. Тиймээс эмнэлгийнхээ удирдлагад энэ завшааныг ашиглаад талархсанаа илэрхийлмээр байна.
Д.Даваасүрэн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт