ТАРИХ ХУГАЦАА
-Хаврын улиралд дөрөвдүгээр 25-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд мод тарихад тохиромжтой байдаг.
МОД, СӨӨГ ТАРИХАД БЭЛТГЭЛ АЖИЛ
-Мод, сөөг суулгахын өмнө мод тарих нүхийг урьдчилан заавал ухаж бэлтгэнэ. Нүхийг усаар дүүргэж, чийгийн хангамжийг сайжруулах.
Түүнчлэн мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.
МОДНЫ НҮХ УХАХ
-Мод, сөөгний нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.
МОД ТАРИХ
-Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.
УСАЛГААГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий.
Модыг тарьсан өдөртөө 0-60 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт