Үс сайхан бол зүс сайхан гэдэг билээ. Хүний үс хавар, зун ургалт сайтай байдаг учир энэ үед ургалтыг нь дэмжих бүтээгдэхүүн хэрэглэвэл маш сайн үр нөлөөтэй. Химийн бодис ихтэй шампунь ангижруулагч, тэжээлийн тос зэрэг нь үсийг улам л гэмтээх тул бүтээгдэхүүн худалдан авахдаа орц найрлагыг нь сайтар харж байгаарай.
Үсэндээ тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн чухал. Жишээ нь хуурай үстэй хүн тослог үсний бүтээгдэхүүн хэрэглэвэл улам л хуурайшин, ихээр салаалж, гэмтэн, хугарах аюултай. Иймээс өөрийн үсийг ямар төрлийнх, яаж арчлах зэргийг сайтар мэддэг байх шаардлагатай. Үсийг дотор нь хэвийн, хуурай, тослог, холимог гэж дөрөв хуваадаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог учир гялалзаж харагддаг, ширэлдэхгүй гарын аясаар намирсан, үсээ угаагаад хэд хоносон ч хэвээ сайн хадгалж, хатуурдаггүй бол та үсээ зөв арчилж чаддаг хүн байна.
Хуурай үс гэрэл муу ойлгодгоос өнгө муутай харагддаг. Ийм үс нь амархан хугарч гэмтэн, ширэлдэж, үзүүр нь салаалсан байдаг. Энэ нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болдог. Ийм учраас тэжээл сайн өгч, химийн бодсоор түлэхгүй байх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хуурай үсэндээ тэжээл өгөхийг хүсвэл масло түрхэн, сайтар массаж хийсний дараа малгай өмсөж 30 минут байлгана. Дараа нь шампуниар угааж арилгана.
Тослог үс нь олдмол болон удамшсан байдаг. Тогтмол угаахгүй л бол тослогтож, бөөгнөрөн эвгүй үнэр гардаг тул арчилгаа маш шаардлагатай.Үүнтэй тэмцэх хамгийн амар бөгөөд үр дүнтэй арга нь цагаан архи, шар айргаар үсээ шавшиж угаах юм. Цагаан архиар угаахдаа нэг цайны аяга архийг 1.5 литр усанд хийж найруулна. Шар айргаар дангаар нь угааж болно. Дараа нь хүйтэн бүлээн усаар сайтар угаах хэрэгтэй. Мөн анхаарууштай чухал зүйл бол тослог үсний хэт хүчтэй цэвэрлэгч шампунь хэрэглэхгүй байх юм.
Холимог үстэй хүмүүс нь ихэвчлэн урт үстэй байдаг нь тосны булчирхайгаас ялгардаг тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүйн улмаас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг байна. Ийм төрлийн үстэй хүн үсээ нарийн арчлах хэрэгтэй. Үсний үзүүрийн хуурайшсан хэсэгтээ тэжээл сайн өгч, зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой.
Эцэст нь хэлэхэд үсээ нойтон дээр нь самнах, хэт их халуун сэнсээр үлээлгэх, үсний хайч, индүүгээр түлэх, нэг бүтээгдэхүүнээ гурван сараас дээш хэмжээгээр хэрэглэхээс татгалзаарай.
Бэлтгэсэн:Д.Уугантуяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт