“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд газрын харилцааны бүх төрлийн үйлчилгээг нэгтгэн, цахимжуулах зорилгоор ULAS системийг боловсруулан, нэвтрүүлж эхэллээ. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газартай хамтран “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж, нийслэлд бүртгэлтэй нийт иргэдэд газар өмчлүүлэх үндсэн зорилгын хүрээнд Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр 2014 оноос хойш 5 удаа зохион байгуулаад байна. Энэхүү хугацаанд нийслэлд оршин суух бүртгэлтэй 650 мянган иргэн цахим бүртгэлд хандан нийт 923 168 хүсэлт ирүүлснээс 71 165 иргэн газар өмчилж авсан байна.
2003-2012 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 91025 иргэнд газар өмчлүүлсэн бол 2013-2016 оныг хүртэлх хугацаанд 94385 иргэнд газар өмчлүүлсэн байна. Цахим системээр газар өмчлүүлэх ажил газрын харилцааны салбарт гарсан томоохон дэвшил болох нь эндээс харагдаж байна. Уг ажлын үргэлжлэл болгож нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан 68 байршилд цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Нийслэлийн иргэн, хуулийн этгээдэд Хотын ногоон бүс дэх зуслангийн газруудыг өмчлүүлэх ажлыг олон жил хүлээсэн. Энэхүү ажлыг өнгөрсөн 4 дүгээр сард эхлүүлж, 26 байршилд 2000 гаруй иргэдийн зуслангийн газраа өмчлөх хүсэлтийг газрын харилцааны ULAS системээр дамжуулан хүлээн авч шийдвэрлэж байгаа юм.
ULAS системийн дараагийн шатны ажил болгож 10 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулах газрын цахим биржийг бэлэн болголоо.
Цахим биржид бүртгүүлэхийн тулд иргэн хуулийн этгээд Газрын харилцааны
www.land.ulaanbaatar.mn системд бүртгүүлэн орж цахим бирж хэсгээс оролцох газраа сонгож хүсэлтээ илгээнэ. Газар өмчлөлийн цахим системд бүртгэлтэй иргэд уг эрхээрээ www.land.ulaanbaatar.mn рүү орно.
Хүсэлтээ илгээсний дараа дэнчин төлсөн баримт болон бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх НӨХГ-ын мэргэжилтэнд хандаж дуудлага худалдаанд оролцох эрхээ авна.
Бүрдүүлэх материал
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дараах материалуудыг бүрдүүлэн Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд байрлах Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэнд хандана уу.
Үүнд:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.