Нийтийн тээврийн үйлчилгээний 1 дүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний 1 машин цагийн зардлын тарифыг баталж, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Мөн тус хурлын 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд одоо мөрдөн ажиллаж байгаа юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн олговор нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам” -ын дагуу олгогддог.
Өнөөдрийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох 3 талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас 3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулж асуудлыг шийдэхээр болжээ. Өчигдөрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.