ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    А.Даваажаргал: Хүндрүүлэгч 25 хоног зүүснээр миний үсрэлт эрс өөрчлөгдсөн

    Монголын волейболын шигшээ багийн гол тоглогчдын нэг бол яах аргагүй спортын мастер А.Даваажаргал юм. Тэрээр 2010 онд “Хасу-Мегастарс” багт элсэж, багийн ахлагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд Монгол улсынхаа волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2013 онд багтжээ. Дөнгөж 25 настай ч волейболын спортод амьдралынхаа 11 жилийг зориулж, энэ хугацаандаа чамгүй туршилга хуримтлуулсан нэгэн юм. Тухайлбал хоёрдугаар сард болсон “Хасу Кап-2016” тэмцээнд багаараа алтан медаль, 2015 онд Улаан-Үүд хотод зохиогдсон олон хотын тэмцээнд мөнгөн медаль, “шилдэг довтлогч” шагнал, мөн тус онд Монголд зохиогдсон Зүүн Азийн АШТ-нд дөрөвдүгээр байр эзэлсэн гээд дурьдаад байвал маш их. Улаанбаатарт зохиогдсон Зүүн Азийн тэмцээн Монголын волейболын түвшин Азид ямар байгаа вэ гэдгийг харуулсан гэж А.Даваажаргал ярилцлагынхаа үеэр дурьдаж байсан юм. Монголын волейболын спортын залуу үеийн төлөөлөгч А.Даваажаргалыг нягтлан бодогч мэргэжилтэй гэдгийг спорт сонирхогчид төдийлөн мэддэггүй ээ. Ингээд ярилцлага өрнүүллээ.

    Та волейболын спортоор хичээллээд 11 жил болсон байна. Энэ бүх хугацаанд сурч мэдсэн зүйлээ бусдад заахаар сургалт эхлүүлжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

    Мэдээж өөрийн сурч мэдсэн зүйлс мөн туршилгаасаа бусадтай хуваалцая гэж бодсон юм. Үүнийхээ хүрээнд “Хасу-Мегастарс” багийн тоглогч М.Цэрэнбаатартай хамтарч волейболын сургалт нээлээ. Сургалтаа энэ долоо хоногт эхлүүлсэн. Эхний байдлаар 30 гаруй хүн бүртгүүлсэн байна. Манай сургалт бүх хүмүүст нээлттэй, насны хязгаар гэж байхгүй. Гурав, дөрөвдүгээр хороололын 77-р сургууль дээр бэлтгэлээ эхлүүлээд байна.

    Таныг спортоос огт өөр чиглэлээр ажилладагыг мэднэ ээ. Ер нь анх яагаад эдийн засгийн чиглэлээр суралцах болсон бэ?

    Манай аав бүжигчин хүн. Тэр ч утгаараа нэг хэсэг бүжиг сонирхож цөөн тоглолтонд орсон. Бага байсан болоод ч тэр үү юм юм л сонирхдог байлаа. Бүжгийн сонирхлоо дагаагүй нь волейболтой холбоотой байх. Намайг 6-р ангид байхад манай сургуульд волейболын дугуйлан нээгдэж, хүүхдүүдийг шалгаруулж байсан. Тэр шалгаруулалтанд ороод үзье гэж бодсон. Тэгээд л волейболын бэлтгэлд хамрагдаж хичээллэж эхэлсэн дээ. Анх волейбол гэдэг спортын А үсгийг ОУХМ Д.Солонго багшаар заалгасан. 10 жилээ төгсөөд  МУИС-ийн эдийн засгийн сургуульд орж санхүүгийн менежер мэргэжилээр суралцаад, 2013 онд төгссөн. Одоо үед дан ганц тамирчны карьераа хөөж амьдарна гэдэг хэцүү. Бас эдийн засаг талруугаа илүү сонирхолтой байсан болохоор энэ ангийг сонгосон.

    Хүмүүс таныг “Хасу-Мегастарс” багийн ахлагч гэдгээр нь илүү мэдэх байх. Та улсын шигшээ багт орохоосоо ч өмнө энэ клубэд олон жил тоглосон. Анх яагаад энэ клубыг сонгосон бэ? 

    Манай сургууль дээр намайг 8-р ангид байхад Д.Солонго багш волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байсан. Тэр үед “Хасу-Мегастарс” клуб байгуулагдаагүй байсан. Дараа жилээс нь “Хасу-Мегаветт” компани манай багийг зарим тэмцээнд ороход ивээн тэтгэдэг болсон. Улмаар  2010 онд энэ баг дээрээ тулгуурлаад “Хасу-Мегастарс” клубыг байгуулахад анх гишүүн нь болсон. Одоо зургаан жил болсон байна.

    Аливаа нэг спортоор хичээллэж байгаа хүн тухайн спортоосоо их зүйлийг суралцдаг. Таны хувьд волейболын спорт ямар зан чанарыг суулгасан гэж боддог вэ?

    Миний хувьд бол зан чанарын тал дээр энэ спорт маш том өөрчлөлт өгсөн гэж боддог шүү. Би багадаа ер нь түргэн ууртай, шийдвэр гаргахдаа өөртөө итгэлтэй биш, багаар ажиллах чадвар маань бага зэрэг сул байсан. Тэгээд волейболын спортоор хичээллэж эхэлснээс хойш огцом уурладаг байсан бол арай багассан, бас шийдвэр гаргах тал дээр өөртөө итгэлтэй болсон, багаа зөв удирдах, хүмүүстэй харилцах чадвар, олны дунд биеэ авч явах байдал гээд их олон зүйлийг минь өөрчилсөн. Ер нь хүн спортоор хичээллэснээр хамгийн том давуу тал нь тэвчээр хатуужил суулгаж тухайн хүнийг зорилготой болгож өгдөг.

    Волейбол тоглоход өндөр нуруу, үсрэлт чухал санагддаг. Та энэ тал дээр өөрийгөө хэрхэн хөгжүүлэв?

    Багадаа үеийхэн дундаа өндөр нуруутайдаа ордог байсан волейбол тоглоод улам өссөн. Одоо би 184 см өндөр. Дунд сургуульд байхдаа 183 см байсан. Гэхдээ дахиад жаахан өндөр болчих юмсан гэсэн бодол байсан. Тэр ч утгаараа янз бүрийн сунгалтын дасгал хийсэн. 10 жилээсээ хойш нэг л см өссөн. Гуравдугаар курсээс эхлээд фитнэсээр хичээллэе гэж шийдээд нэг хэсэг эрчимтэй хичээллэсэн. Хааяа тэмцээн уралдаан бас бус зүйлээс шалтгаалж жаахан цалгардаад байгаа. Би 10-р  ангид байхаасаа эхэлж улам өндөр үсрэх гэж хөдөө явах, хээрийн бэлтгэлд гарахдаа хүндрүүлэгч зүүдэг байсан. Тэр үед 25 хоног биенээсээ салгахгүй орой унтахдаа л авдаг бусад үед байнга хүндрүүлэгчтэйгээ явдаг байсан. Энэ нь ч надад шууд нөлөөлж үсрэлтийг минь эрс өөрчилсөн.

    Анхны олон улсын тэмцээндээ хэзээ орж байв?

    2007 онд 9-р ангид байхдаа Улаан-Үүд хотын өсвөрийн улсын аваргын тэмцээнд орж түрүүлж байлаа. Анх удаа олон улсын тэмцээнд оролцох эвгүй байсан. Учир нь энд монгол хүүхдүүдтэй тоглож байсан бол Орос хүүхдүүдтэй тоглох тэс өөр. Орос хүүхдүүд их том биетэй болохоор эхний тоглолтон дээр жаахан биеэ барьсан, сандарсан.

    Та олон улсын тэмцээнд хэд хэд оролцсон. Тэмцээнд явахад зардлаа хаанаас гаргадаг вэ?

    Янз бүр. Яг ямар тэмцээнд явж байгаа гэдгээсээ шалтгаална. Жишээ нь Азийн тэмцээнд шигшээ багаасаа орвол манай зардлыг Монголын Волейболын холбооноос гаргадаг. Өөр бас элсний волейболын Азийн тэмцээн, клүбүүдийн Азийн тэмцээн гээд олон тэмцээн байгаа. Зарим тэмцээнд явахад клубээсээ зардлаа гаргуулж байсан тохиолдол ч байдаг.

    Өнгөрсөн жил эх оронд маань Азийн Зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болж манай шигшээ баг өндөр амжилт үзүүлж волейбол сонирхогчдоо баярлуулж байсан. Энэ тэмцээн Монголын багийн нэр хүндийг нэлээд өсгөсөн үйл явдал болсон.

    Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манайд гурав дахь удаагаа зохиогдсон. Өмнө нь 2000, 2008 онуудад зохиогдсон байдаг. Мөн Азийн зүүн бүсэд найман холбоо харьяаглагддаг. Тэр жил анх удаагаа бүх холбоодууд оролцсон тэмцээн болсон. Манай шигшээ багийн хувьд зургаан сар тасралтгүй бэлтгэл хийж оролцсон. Энэ ч үр дүнгээ өгсөн. Бид зорьсон амжилтандаа хүрээгүй ч Монголын волейболын хөгжил Азидаа ямар түвшинд байгаа вэ гэдгийг харуулсан. Урьд нь бол Монголчуудыг намхан нуруутай, ур чавдар дутуу гэсэн нийтлэг ойлголт байсан. Энэ бодлыг бид эвдэхийг хичээсэн. Тэр тэмцээнд бидний нурууны өндөр Азийн түвшинтэй нилээн дөхсөн. Би гэхэд л шигшээ багаасаа доороосоо гуравт зогсдог.

    “Хасу-Мегастарс” багт хоёр гадны тамирчин /легионер/ ирж тоглож байсныг санаж байна. Ер нь гадны тамирчинтай тоглохоор давуу тал нь юу байна?

    Давуу тал маш ихтэй. Гадаад тамирчид бид нарыг бодвол арай өндөр зэрэглэлийн, ур чадвар илүү. Тэгэхээр тэднээс суралцах зүйл маш их бий. Эсрэг тоглож байгаа багуудад ч бас суралцах зүйл маш их. Жишээ нь өндөр хаалттай үед яаж довтлох, тэдний эсрэг хаалт яаж тавих, өндөр зэрэглэлтэй тамирчин болоход яаж бэлдэх гээд маш их давуу талтай.

    Та энэ салбарт байгаагийн хувьд Монголын волейболын спортын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

    Мэдээж хөгжиж байна. Одоо Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэдний тоглолтыг харахад л ямар байгаа нь тодорхой харагдана. Өмнө нь Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэг аймагт зохиогдоно тэр газар нь бүх баг очиж оролцдог байсан. Одоо бол бүс бүсээс шалгардаг болсон. Баруун бүс гэхэд л баруун аймгуудын дунд тэмцээн болж эхний дөрвөн байранд орсон баг нь нийслэлд ирж оролцдог болсон. Ингэхээр аймаг, сум болгон баг бэлдэж илүү өргөн хүрээ хамарч байна. Бас Мини волейболын тэмцээнд маш их хүүхдүүд ирж оролцдог. Хэдийгээр хүмүүс волейболын спортын хөгжлийн талаар сайн мэддэггүй ч бидэнд бол илт мэдэгддэг. Тийм болохоор ер нь хурдацтай хөгжиж байгаа гэж болно.

    Мэдээж та оролцсон тэмцээн бүрээсээ шинэ зүйл сурдаг, дурсан санадаг байх. Сэтгэлээс гардаггүй дурсамж, хүндэлж явдаг хүмүүсийнхээ талаар хуваалцаач?

    Өнгөрсөн жилийн Зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн том дурсамжуудын маань нэг. Манай шигшээ баг яг нэг цул болж тоглож чадсан. Том зорилго тавьж түүнийхээ төлөө нэг баг болж чамгүй амжилт үзүүлсэн гэж боддог юм. Хүндэлж явдаг их олон тамирчин бий. Дээд үеийн ах, эгч, багш нараасаа байнга суралцдаг. Д.Солонгоо Ц.Шоовдор багш нар, шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглодог н.Сайханбилэг ах гээд олон хүмүүс байгаа. Гадаадаас бол Бразилийн тоглогч Жибагийн тоглолтыг үзэх дуртай. Учир нь Жиба намхан нуруутай ч үсрэлт, тэсрэлт гээд бүх зүйл нь төгс гэж хэлж болох байх. Жиба волейболыг утгаар нь тоглодог. Үнэхээр үзүүштэй тоглодог.

    Та элсний волейболын тэмцээнд цөөнгүй оролцсон. Манайд энэ спортын хөгжих боломж нь ямар байдаг вэ?

    Элсний волейбол хөгжих боломжтой. Яагаад гэвэл нэгд зардал багатай. Заалны волейболын тэмцээнд тамирчин, дасгалжуулагч гээд нийт 20 гаруй бүрэлдэхүүнтэй ордог болохоор зардал нэлээд их. Харин элсний волейболын тэмцээнд нэг багт  хоёр тоглогч, нэг дасгалжуулагч  оролцох учраас санхүүгийн хувьд давуу талтай. Үүний зэрэгцээ Монголд бэлтгэл хийх нөхцөл бололцоо боломж бүрэн байгаа.

    Манай тамирчдаас урлагийн салбартай холбогдсон хүмүүс цөөнгүй бий. Та ч бас Монгол модель агентлагийн загвар өмсөгч. Хэзээнээс загварын салбарыг сонирхож эхлэв?

    Гурван жилийн өмнөөс загвар өмсөж эхэлсэн. Гадаадад загвар өмсдөг модель Нора Монголдоо загварын агентлаг байгуулна гэсэн. Чи очоод нэг уулзаад үз гэж манай найз зөвлөсөн.  Тэр үед надад загвар өмсөх сонирхол их байсан болохоор очиж уулзаад л загвар өмсөж эхэлсэн. Гэхдээ загвар өмсөгчөөрөө тууштай ажиллая гэсэн бодол байхгүй. Одоо бол Монгол модель агентлагт харьяалагдаж байна.

    Шигшээ багийн тамирчин, компанийн ажилтан, загвар өмсөгч гээд олон ажлыг амжуулжээ. Орчин үеийн өөрийгөө олон талаар хөгжүүлдэг залуу үеийн төлөөлөл гэж хэлж болохоор байна. Та гэр бүл зохиож амжсан уу, энэ талаар сонирхмоор байна.

    Манайх ам бүл гурвуулаа. Гэргийг маань Б.Сарантуяа гэдэг. Мөн л волейболын спортын тамирчин. Манай эхнэр “Алтайн барс” “Тэнүүн Огоо” клубэд тоглодог байхад л нэг нэгнээ таньдаг байсан. 2010 оноос үерхэж эхэлсэн. Манай хүүг Д.Далайжаргал гэдэг. Энэ жил дөрвөн настай.

    Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын зорилгыг сонирхмоор байна?

    Волейболын тамирчин гэдэг утгаараа Зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд орох зорилго дотроо өвөртөлж явдаг. Бас нэг зорилго бол сургалт эхлүүлж байгаагийн хувьд нэг чанартай баг гаргах бодол бий. Ер нь бол волейболын спорт өндөр хөгжсөн орнуудад хүүхдийг багаас нь зөв системээр бэлтгэдэг. Ингэхээр хүүхдүүд илүү ур чавартай болж амжилт гаргах боломж нь илүү байдаг.

    Ярилцсанд баярлалаа. Таны эхлүүлсэн ажилд амжилт хүсье.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй