Чех улсын нийслэл Прага хотод Цөмийн эрчим хүчний чуулган болж байна. Чехийн байгаль орчны болон цөмийн эрчим хүчийг эсэргүүцдэг бүлгүүд энэ хурлыг хамтран зохион байгуулж байна. Энэхүү чуулганы гол илтгэгчдийн нэг нь Их Британийн цацраг судлаач Ян Фэйрли. Тэрээр Чернобилийн гамшиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн тухай 2006 онд хийгдсэн судалгааг шинэчилж, “Бамбар 2016” нэртэй судалгааны тайлан танилцууллаа. Ян Фэйрлийн судалгааны нэг дэвшил нь иодине 131 буюу бамбай булчирхайн хорт хавдар үүсгэгч химийн бодисын түвшин 1986 оны гамшгийн дараа Европт хэр нэмэгдсэнийг тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар Беларус, Украйн, ОХУ-д цацрагийн өндөр бохирдолтой нутагт 5 сая хүн, бага бохирдолтой нутагт 400 сая хүн амьдарч байна. Чернобилээс цацарсан хаягдлын 37 хувь нь баруун европт хүрсэн бол өнөөдөр баруун европын 42 хувь нь цацрагийн бохирдолтой байна. Зөвхөн Чернобилээс үүдэж 40 мянган хүн хорт хавдраар өвчлөх тооцоо гарснаас өнөөдөр бамбай булчирхайн хорт хавдраар 6000 хүн өвдсөн, ийм хавдартай 16 мянган хүн нэмэгдэнэ гэж судлаач үзжээ.
Австри улсын газар нутгийн гуравны нэг, Австритай хил залгаа Чех улсын нийт нутгаар цөмийн ослоос ялгарсан цацраг хаягдал тархжээ. Австри улсад 1986 оноос хойш бүртгэгдсэн бамбай булчирхайн хорт хавдрын тоог ослын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн бөгөөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өвчилсөн байна. Тоон дүнд шилжүүлбэл Чернобилийн цөмийн ослоос улбаалж Европ тивийн 40 мянган хүн хорт хавдраар өвдөж, амиа насаа алдах тооцоо гарчээ.
Мөн Бүгд Найрамдах Чех улсад хийгдсэн өөр нэг судалгаанаас үзвэл бамбай булчирхайн хорт хавдрын тохиолдол жилд 2.6 хувиар нэмэгдэж байна. Британийн цацраг судлаач Ян Фэйрлийн дүгнэлтээр бол Австри улсын Вени хотын орчимд бүртгэгдсэн энэ төрлийн хорт хавдрын 8-41 хувь нь Чернобелийн ослоос үүдэлтэй юм. Түүнчлэн цус багадалт, олон төрлийн хорт хавдар, зүрхний өвчин, төрөлхийн гажиг, сэтгэцийн өөрчлөлт зэрэгт Чернобилийн осол хүчтэй нөлөөлсөн гэжээ.
Үүний зэрэгцээ Чернобилийн ослын хожмын үр дагавар, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг дутуу үнэлж байна гээд яг энэ ослоос үүдэлтэй өвчлөлийн талаарх судалгаанд хөрөнгө оруулахыг уриалсан байна.
Чех, Австри тэргүүтэй Баруун Европын улс орнуудад өндөр насжилттай цөмийн реакторууд олон байдаг ч эдгээрээс гарч болох аюулыг эрх баригчид үл тоож, шинэ реактор барьж байгааг хурлын зохион байгуулагчид эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн Чех улсын цөмийн аюулгүй байдлын хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт 1986 онд байгуулагдсан Дуковани цөмийн реакторыг цаашид ашиглахыг зөвшөөрсөн нь хурлын хэлэлцэх бас нэг асуудал болж байна. Чех улс хамгийн өндөр насжилттай реактороо хэрэглээнээс хасахгүй байгааг хөрш зэргэлдээ Австри улс ч зэмлэн буруушааж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт