Олимп, Дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дээр тав дахь тулаанаа хийхээр болсон байна.
Төгсцогт 17-хон настайдаа дэлхийн ринг дээр үзүүрлэж, 2012 оны Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Харин өнгөрсөн жилээс мэргэжлийн бокст хүчээ сорьж байна. Мэргэжлийн рингэнд “KING TUG” нэрээр гарч буй Төгсөө энэ хугацаанд дөрвөн тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан.
Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ынГ.Брэкстоныг, дөрөвдүгээр сарын 18-нд Мексикийн М.Рубалкаваг тус тус эхний раунд, наймдугаар сарын 27-нд Мексикийн А.Бодильог гуравдугаар раунд, 12 дугаар сарын 3-нд Мексикийн П.Мелог хоёрдугаар раунд тус тус дутуу гаргаж байсан юм. Төгсцогтын хийсэн эхний хоёр тулаан 6 раунд, дараагийн хоёр нь 8 раунд тоглох байсан ч тус дөрвөн тулаанд 7 раунд л зарцуулжээ.
Энэ удаа Төгсөө анх удаагаа 10 раундын тулаан хийх юм. Өрсөлдөгч нь DYNAMITE хочит Рафаэль Васкес. Эдүгээ 38 настай , Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн тэрбээр бас л “Хатуу самар”-ын нэг. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16 удаа ялсан, үүнээс 13-ыг нь нокаутаар ялсан бөгөөд хоёр ялагдахдаа оноогоор ялагдсан, адтай боксчин.
Васкесийн рингний гаднах амьдрал ч олны анхаарлыг татдаг. Бага насандаа эцэг, эхээ алдсан тэрбээр алдаж онон, гудамжны зодоон цохион, хар тамхи зэрэгт холбогдон “хэцүү нэртэд” хүртэл орж байж. Тиймээс ч мэргэжлийн бокст нилээд хожуу, бүүр 2010 онд, 32 настайдаа л анхны тулаанаа хийсэн байна. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага охин нь аутизм өвчтэй, эхнэр нь хорт хавдартай нь оношлогдсоноос хойш DYNAMITE зөвхөн боксын рингэнд төдийгүй амьдрал, гэр бүлийнхээ төлөө давхар тулаан хийх болжээ. Хүндэтгэхгүй байхын аргагүй ийм л нэг “хатуу самартай” Төгсөө халз тулалдана.
Залуу нас , хурд, эрч хүчний эсрэг хашир туршлага зогсох нь . Мэдээж манай хүн хурдаар илүүрхэнэ. Техникээр ч дутахгүй. Гол анхаарах зүйл нь хэт яарахгүй, 10 раунд тоглолоо гэхэд хүчээ зөв хуваарилах тооцоо сайтай тоглох, мөн өрсөлдөгчийнхөө шийдсэн цохилтоос болгоомжтой байх хэрэгтэй болов уу. Васкес шиг цохилт даадаг, унаа холтой боксчид “зодуулаад” байсан ч гүрийгээд 10 раунд тэсэх боломжтой. Тэрбээр өөртөө боломж гарахыг тэсвэртэй хүлээх болов уу. Мэдээж санаачилгыг авах хурд бол түүнд байхгүй бөгөөд 15 насны зөрүү гэдэг бол асар их хурдны ялгаа. Нөгөө талаар бас л асар их туршлагатайн нотолгоо. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст нийтдээ 7 раунд л тоглоод байгаа бол Васкес 71 раунд буюу 10 дахин илүү тоглосон гэдгийг мартаж болохгүй.
Тэд 3 сарын 15-нд тулалдах байсан ч хойшлогдож өнөөдөр буюу 4-р сарын 7-ний өдөр тулалдахаар боллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт