Найман настайдаа хөгжмийн дугуйлангийнхаа төлбөрийг аав ээждээ хэлэлгүй мөсөн гулгуурын талбайд үрчихсэн бяцхан охиноо ирээдүйд Олимпийн аварга тамирчин болно гэж Б.Сумъяагийн аав н.Буянтогтох гуай бодоогүй байх. Б.Сумъяа 17-хон насандаа Залуучуудын өвлийн Олимпийн аварга болж ард түмнээ баярлуулаад байна.
Бяцхан охин төрөлх Дархан-Уул аймагтаа тэшүүрийн спортын анхны “А” үсгийг ОУХМ С.Мандах, Д.Нацагдорж нараар заалгаж, тэр жилдээ л аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалаа хүртжээ.
2014 онд Д.Энхбаяр багшийн шавь болж хоёрхон жилийн дотор багшийнхаа удирдлага дор тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, Норвегийн Лиллехаммер хотод болсон Залуучуудын өвлийн олимпоос анхны алтан медалыг эх орондоо авчирлаа.
Тамирчны ялалт хямдхан олдсонгүй ээ.
Манай оронд тэшүүрийн тамирчдад бэлтгэл хийх орчин хомс учир Б.Сумъяа олимпийн эрх авах цуврал тэмцээндээ Солонгост 10 хоног л бэлджээ. Ингээд Нидерланд, Германд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцож, Олимпийн эрх авсан 28 тамирчны нэг болон, урд хөршид гурван долоо хоног бэлтгэл хийж олимпид оролцжээ.
Холимог багийн тэмцээнийг тамирчдын амжилтаар нь хувиарласны дагуу Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болоход тус багийн дасгалжуулагчаар Д.Энхбаяр таарсан нь Б.Сумъяад сэтгэлзүйн хувьд давуу тал болсон гэж тэр ярьсан юм.
Улмаар гүйлтийн тэшүүрийн тэмцээнд нэг минут 57 секундын амжилтаар олимпийн аварга болжээ. Б.Сумъяа 500 метрт нэг удаа гүйсэн амжилтаараа хувийн амжилтаа шинэчилж, хоёр удаа гүйсэн нь Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчилжээ.
Ийнхүү хөгжмийн биш спортын авъяасаа дагасан бяцхан охин Залуучуудын өвлийн Олимпоос Монголын анхны алтан медалыг авах чин хүсэлдээ хөтлөгдөн зүтгэсний үр дүнд 17-хон насандаа эх орныхоо далбааг Олимпийн тэнгэрт мандуулжээ.
Ж.Дамдинням
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт