Өнөөдөр бол Монголын Хөлбөмбөгийн түүхэнд “ШИГШЭЭ БАГИЙН ӨДӨР” юм. Монголын Хөлбөмбөгийн төлөө зүтгэж, хүч хөдөлмөр, оюун ухаан, бие бялдар, зүрх сэтгэлээ зориулж явсан үе үеийн тамирчдадаа болон өнөөгийн Монголын шигшээ багийн тамирчид, ирээдүйд Монгол улсын нэр төрийг өндөрт өргөх нийт тамирчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын хөлбөмбөгийн хөгжилд цаашид өндөр хувь нэмэр оруулах 2 гэрээг өнөөдөр үзэглэх гэж байна. 12:00 цагаас МХБХ-ны хурлын танхимд "Их талын дуулиан" ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах бол 14:00 цагаас Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах болно. Монгол улсын ирээдүйн шигшээ багийг бүрдүүлэх гол цөм нь болсон Ерөнхий боловсролын дунд сургуулиудад “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сургуулиудын сургалтын хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээлийг оруулах боломжтой юм.
Хожигдлоос айж бид хөгжлөөс ухрахгүй. Нэг зорилгын төлөө нэг баг, нэг хүн болж бид урагшлах болно. Энэ ч утгаараа охидын шигшээ багийн дасгалжуулагчаар сүүлийн хоёр ч ДАШТ-ий шигшээд хүрч алт, мөнгөн медалийг энгэртээ зүүгээд буй Япон улсын мэргэжилтэнг эх орондоо ажиллуухаар болж хүрэлцэн ирээд байна.
Монголын Улсын хөлбөмбөгийн шигшээ хамгийн анх 1997 онд Зүүн Азийн спортын 2-р Их наадамд оролцож байсан билээ. Нийт зургаан тоглолтыг хийсэн бөгөөд хэсгийн хамгийн сүүлийн тоглолт болох Гуамын шигшээ багийг 4-0 харьцаатай ялж анхны тэмцээндээ оролцож түүхэн хожлоо байгуулж байсан гавьяатай. Шигшээ багийн тоглогч Б.Буман-Учрал тус тэмцээнд 4 гоол оруулж байсан бол С.Эрдэнэбат, Ц.Отгонсүрэн, Г.Алтан-Илд нар тус бүр нэг гоол оруулж олон улсын тавцанд нэрээ гаргаж байлаа.
Үүнээс хойш 1998 оны арванхоёрдугаар сарын нэгэнд Тайланд улсад зохиогдсон “Бангкок-98” Азийн зуны спортын Их наадамд оролцсон.
Хориннэгдүгээр зууны эхлэл буюу 2000 оны дөрөвдүгээр сарын 5-9 өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохиогдсон “Азийн цом” тэмцээнд оролцсон бөгөөд шигшээ багийн цорын ганц гоолыг Б.Буман-Учрал оруулж байлаа.
2001 оны хоёрдугаар сарын 8-19 өдрүүдэд 2002 оны ДАШТ-ийн урьдчилсан тоглолтонд оролцохоор Саудын Араб улсын Даммам хотыг зорьсон Монголын шигшээ баг хэдийгээр хүссэн амжилтаа үзүүлээгүй ч Б.Буман-Учрал, Д.Баярзориг нар эсрэг багийн хаалганд гоол оруулсан түүхтэй.
Мөн оны тавдугаар сард Японы Осака хотноо зохиогдсон Зүүн Азийн спортын 3-р Их наадамд оролцож Г.Алтан-Илд шигшээ багийн цорын ганц гоолыг оруулж байсан юм.
2002 онд Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-д оролцсон бол, тавдугаар сард нь БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо зохиогдсон 17 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнд мөн эх орноо төлөөлөн оролцсон.
2003 онд Монгол улсын хөлбөмбөгийн хувьд олон ч тэмцээнд оролцсон жил байлаа. 2003 оны хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохиогдсон Зүүн Азийн АШТ-д амжилттай оролцож Гуамын шигшээ багийг 2-0 харьцаатай буулган авсан бөгөөд Г.Төгсбаяр, Д.Лхүмбэнгарав нар эсрэг багийн хаалгыг гоолоор мялааж байсан билээ.
Мөн оны дөрөвдүгээр сарын 23-27 өдрүүдэд Бутан улсын нийслэл Тимпу хотноо зохиогдсон “Азийн цом” тэмцээнд оролцож Гуамын шигшээ багийг 5-0 харьцаатай илүүрхэн буулгаж авж байсан юм. Г.Бат-Ялалт нэг гоол харин довтлогч Г.Төгсбаяр гурван оруулж Монгол улсын анхны хеттрикийн эзнээр тодорч байлаа. Гуамын шигшээ багийг гурав дараалсан тэмцээнд ийнхүү ялаад байсан юм.
Тус оны 11-р сард ХБНГУ-д зохиогдох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж Мальдив улсын бат ганцхан бөмбөгөөр ялагдаж байсан.
2005 онд Тайвань улсад зохиогдсон Зүүн Азийн АШТ-д оролцож Гуамын шигшээ багийг 4-1 харьцаатай буулган авч, зохион байгуулагч орны багтай 0-0 харьцаатай тэнцэж, ХонгКонгийн багтай эн тэнцүү өрсөлдөж харамсалтай нь 3-4 харьцаатай ялагдаж байсан. Тус тэмцээнд шигшээ багийн довтлогч Г.Төгсбаяр 2 гоол, Д.Баярзориг, Б.Буман-Учрал нар тус бүр нэг гоол оруулж байсан түүхтэй.
Мөн 2005 оны өвөл буюу 11-р сарын 23-27нд 19 хүртэлх насны Ази тивийн АШТ-д оролцож хоёр ялагдалыг хүлээсэн ч ХонгКонгийн багийн хаалганд гурван гоолыг оруулж мөн л нэг бөмбөгний зөрүүтэй ялагдаж байсан юм.
2007 оны зургаадугаар сарын 17-24ний өдрүүдэд Макао улсад зохиогдсон Зүүн Ази тивийн АШТ-д оролцож, тус оны 10-р сарын 1-9 хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 16 хүртэлх насны тэмцээнд оролцон Гуамын багтай тэнцэж, Макао улсын багийг ялсан байна.
Харин 2010 оны ӨАБНУ-д болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг энэ оны төгсгөлд хийж БНАСАУ-ын багт нийлбэр дүнгээр ялагдсан ч С.Одхүү болон Д.Лхүмбэнгарав нар гоол оруулж байсан билээ.
2009 оны гуравдугаар сарын 11-15ны хооронд Гуам улсад зохиогдсон Зүүн Азийн АШТ-д манай Монголын шигшээ баг Макаог 2-1 харьцаатай, Марианы аралыг 4-1 харьцаатай ялж анх удаагаа нэг тэмцээнд хоёр ч дараалсан хожлыг байгууллаа. Тус тэмцээнд Н.Цэдэнбал хоёр гоол, Д.Лхүмбэнгарав, Б.Мөнгөнсүх нар нэг гоолыг оруулж байжээ.
2009 оны дөрөвдүгээр сард “AFC Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг Макао улсын багтай таарч эхлээд Макао улсад зочлон 2-0 харьцаатай ялагдсан бөгөөд хариу тоглолтыг долоо хоногийн дараа Улаанбаатар хотноо хийж 3-1 харьцаатай ялсан ч эсрэг багийн талбайд гоол оруулсан үзүүлэлтээр Макао тэмцээнийг цааш үргэлжлүүлж байлаа. А.Мөрөн, Д.Лхүмбэнгарав нар тус бүр гоолдож байсан юм.
2013 оны гуравдугаар сард “AFC Challenge Cup” дахин оролцож Лаос улсыг зорьж байсан.
2014 оны долоодугаар сарын 21-25 өдрүүдэд Гуам улсад болсон Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ баг Умард Марианы аралыг 4-0 харьцаатай хожиж тэмцээнийг гайхалтай эхлүүлж байлаа. М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, А.Мөрөн мөн Б.Дашням нар гоол оруулж байсан бол хэсгийн сүүлийн тоглолтоо Макао улсын эсрэг хийж 2-3 харьцаатай ялагдсан байдаг. Д.Лхүмбэнгарав, А.Цолмон нар багаа манлайлан гоол оруулж байсан билээ.
2015 оны гуравдугаар сарын 12-17 өдрүүдэд “Москва -2018” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг хийж нийлбэр дүнгээр ялагдсан бөгөөд Б.Эрхэмбаяр багийнхаа цорын ганц гоолыг оруулсан. Зүүн Тимор улсын багт Бразил болон Португал зэрэг орны тамирчид ихээр тоглодог нь тэдний давуу тал байлаа.
2015 оны гуравдугаар сарын 17-31 өдрүүдэд Лаос улсад зохиогдсон Азийн Хөлбөмбөгийн Холбооны 23 хүртэлх насны залуучуудын АШТ-д оролцож Сингапурын багтай 2-2 харьцаатай тэнцсэн байдаг. Ц.Мөнгөншагай, С.Пүрэвдорж нар тус тоглолтонд гоол оруулж байсан юм.
2015 оны есдүгээр сарын 16-20 өдрүүдэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо Ази тивийн 16 хүртэлх насны “К” хэсгийн урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо зохион байгуулж улмаар Япон, ХонгКонгийн багуудтай өрсөлдсөн билээ. Ази тивд төдийгүй өөрийн насандаа дэлхийд манлайлдаг Японы багт гоол оруулж чадалгүй ялагдсан бол тэмцээний сүүлийн тоглолтоо ХонгКонгийн багийн эсрэг хийж Б.Хосбаяр, Э.Бат-Эрдэнэ нар гоол оруулсан юм.
2015 оны 11-р сарын 14-19 өдрүүдэд Улаанбаатар хотноо МХБХ футзалын ААШТ-ий урьдчилсан шатны зүүн Азийн тэмцээнийг өндөр зохион байгуулалттайгаар явуулж чадсан. Ази тивдээ тэргүүлэгч БНХАУ, БНСУ, Тайвань болон ХонгКонгийн багууд хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо ХонгКонгийн багийн эсрэг хийж 8-3 харьцаатай илүүрхэн буулгаж авсан билээ. Тус нээлтийн өдрийн тоглолтонд эсрэг багийн хаалганд дөрвөн гоолыг оруулж түүхэн ялалтыг байгуулахад чухал үүргийг гүйцэтгэсэн Н.Цэдэнбал тэмцээн зохион байгуулагчийн бөмбөгөөр шагнагдсан бол Ц.Түмэнжаргал, Х.Цэнд-Аюуш, Э.Баасандорж, Б.Улсболд нар мөн гоол оруулсан билээ.
Үүний дараагаар олон жилийн туршид лиг нь өндөр хөгжсөн Өмнөд Солонгосын багтай тоглож 7-3 харьцаатай ялагдсан. О.Баяржаргал хоёр гоол, Ц.Түмэнжаргал нэг гоол оруулсан бөгөөд Солонгосын багийн дасгалжуулагч Иран мэргэжилтэнг сандаргаж чадсан юм. Хангалттай цаг байсангүй тоглолт энэ үр дүнгээр төгссөн.
Дараагаар нь Ази тивийн шилдэг улс Хятадын багтай таарч хамгаалалтын алдаанаас болж 4 гоол алдсан. Гэхдээ залуу тоглогч Пүрэвдорж нэр төрийн гоолыг оруулж Монголын шигшээ багийн гоолын цувралыг таслалгүй үргэлжлүүлж чадсан юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо гол өрсөлдөгч Тайваний багийн эсрэг хийж маш тэнцүү явсан ч 5-3 харьцаатайгаар ялагдсан билээ. Монголын багийн хувьд тэмцээний сүүлийн өдөр хүртэл хэсгээс гарах итгэл найдвараа алдаагүй явсан юм. Өөрөөр хэлбэл бусад орнуудын хувьд бодож байснаас тэс ондоо тоглолтыг Монголын баг эх нутагтаа үзүүлж чадсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт