ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ҮЗЭСГЭЛЭН ГОО /өгүүллэг/

    Аянга гэнэт сэрлээ. Босохоос дургүй нь хүрнэ. Тэр уг нь унтахаасаа өмнө сэрэнгүүтээ нэг тийшээ явна хэмээн бат шийдсэн байлаа. Өчигдрийн шийдвэр нь түүнийг арайхийн босгож, удаанаар, дэндүү удаанаар хувцаслаад цонхоор харлаа. Тэнгэр бүрхэг. Салхи улин исгэрч, шороо босон гудамж зэвхий саарал. Хорвоо ертөнц ийм л байсан. Цаашид ч ийм л байх болно гэж Аянга харууссанаа салхины аясаар эргэлдэн нисэх бүрх малгайг хараад сэтгэл нь онгойв. Малгайны араас бүдүүн пагдгар эр гүйхчээ аядана. Хэсэг гүйснээ амьсгаадав бололтой хоёр гараа өвдгөн дээрээ тулан тонгойн зогсов. Хайран малгай. Бүдүүн эрийг харахаас дургүй нь хүрсэн Аянга эргээд гутрав. Яах гэж ингэтлээ бүдүүрдэг байна аа. Хайран малгай. Энэ ертөнцөд сайхан юм алга. Бүх юм өөрийн гэсэн зүй тогтолтой. Тэр зүй тогтол мөнхөд байна. Мөнхөд энэ хэвээрээ байх юм чинь амьдрал үнэндээ гутмаар юм. Төрнө, үхнэ. Энэ хоёрын хоорон дахь бүх юм тодорхой. Амьдрал ийм л энгийн. Хэдэн зуун мянган жил ингэж л явсан. Энгийн байгаа нь хэтэрхий утгагүй учраас гутарсан зарим нь бурхан, сүнс гээд элдэв янзын юм зохиож энэ амьдралыг бага ч гэсэн утгатай болгох гэсэн байх. Тиймгүйсэн бол амьдралыг яаж барах билээ. Амьдралыг гутрагсад л утга учиртай болгох юм даа. Аянгын толгойд иймэрхүү элдэв янзын юмс эргэлдэнэ. Хоол идэх үү, байх уу? Хүн идэхийн төлөө биш амьдрахын төлөө иддэг. Ямар тэнэг нь энэ үгийг бодож олсон юм бол доо? Идэж байгаагаа зөвтгөж байгаа хэрэг. Хэнд ч хэрэггүй хоосон үг. Хоол гэсэн чинь шал дургүй хүрчлээ. Аянга дахиад цонхоор харлаа. Бүдүүн эр алга. Салхи улин исгэрэх нь хөгжим шиг санагдав. Гашуудлын сонат. Чихэнд чимэгтэй бас чийртэй. Гудмаар алхлах хүмүүс дүнсгэр. Инээж байгаа хүн нэг ч алга. Инээвэл ам руу нь шороо орно л доо. Байгаль хүнийг шийтгэж байгаа нь тэр. Аянга бүр гутарч орхилоо. Түүний бага нас тамаас долоон дор өнгөрсөн мэт түүнд санагддаг билээ. Энэ ертөнц дээр хамгийн их зовсон, эмгэнэлт хувь заяатай хүн хэмээн өөрийгөө бодно.  Эцэг эх нь гар хумхилгүй шоргоолж мэт ажиллаж хангалттай мөнгө олдог байсан тул айлын ганц хүү Аянга өлсөх, даарахын зовлон үзсэнгүй. Тэд амрах завгүй ажиллаж, тэр хэрээрээ мөнгө хурааж баян цатгалан яваагаа түүний төлөө юм хэмээн бараг хэлд орсон тэр мөчөөс эхлэн өдөр бүр тоть шиг давтаж хэлдэг  байлаа.

    Хариуд нь Аянга хэнээс ч дутахгүй боловсролтой, ухаантай, мундаг эр хүн болох ёстой. Тэгж тэднийхээ ачийг хариулна. Түүнийг хүсэлгүй, дургүй, чадахгүй байсан ч хамаагүй сургуулиас гадуур дугуйланд явуулна. Бүх юм тогтсон ёс журамтай. Нэг дэх, гурав дахь өдөр хөгжмийн, хоёр дахь, дөрөв дэх өдөр бүжгийн, тав дахь, хагас сайн өдөр жүдогийн дугуйланд явна. Ганц үлдэх бүтэн сайн өдөр сурсан мэдсэнээ эцэг, эхдээ шалгуулна. Түүний хувьд амьдрал нь тов тодорхой бөгөөд долоо хоногийн турш өдөржин бусдын ярихыг сонсож, загнуулж, аашлууна. Инээх ч хориотой. Инээвэл загнадаг учраас тэр инээхээ больсон. Дураараа байх хүсэл нь түүнийг хааяа нэг дийлэхээр Аянга өрөөндөө хоолоо иднэ гээд авч орон цонхоор чулуудана. Ийнхүү тэр хэдэн өдөр юу ч идэлгүй байснаас хөдөлж ч чадахаа больж эцэст нь эмчийн зөвлөснөөр долоо хоног орондоо хэвтэнэ. Тэгж л тэр өөртөө зав гаргана. Энэ үедээ Аянга цаас харандаа  барин зураг зурдаг байлаа. Энэ л цаг мөчид тэр бүхнийг мартан, хорвоогоос тасарч орь ганцаар энэ дэлхийд амьдардаг юм шигээр өөрийгөө төсөөлнө. Ингэж амьдарсаар сарын өмнө тэр дээд сургууль төгсөж хуульч хэмээх дипломыг гардан авсан билээ. Эмийн сан руу сажлахаас гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Тэр гадагшаа гарлаа. Орцны дэргэдэх модон сандал дээр нэг эмгэн хөдөлгөөнгүй суух аж. Харц нь тэртээ холыг ширтээстэй. Аянга эмгэн рүү дөхөж очин байдаг чадлаараа:

    -Юу байна, эмээ? Амьдрал дажгүй юу? гэж ориллоо. Эмгэн Аянга руу гайхан харснаа:

    -Сайн, сайн. Хаврын урь ороод сайхан байна. Удахгүй шувууд ирнэ гээд мойног хуруугаараа тэнгэр өөд заагаад шүдгүй амаа ангайв. Инээж байгаа бололтой. Аянгад эмгэний ийн суугаа нь ядаргаатай санагдав. Хэзээ тэр шувуудыг ирнэ гэж хүлээн орцны үүд сахиж суухав дээ. Аягүй бол тэнгэрт нисэх шувуудыг харах гэсэн ч ус гүйсэн хоёр нүд нь олж үзэж чадахгүй байлгүй.

    -Эмээ та тэгээд тэр шувуудыг харж чадах юм уу? Ирлээ гэхэд тэртээ алсуур нисэж өнгөрөх байлгүй дээ.

    -Би нисэж байгааг нь мэдэрдэг юм аа.

    -Яаж, тэр вэ? Аянга эмгэний чихэнд хошуугаа наах шахам ориллоо.

    -Тэд надад нисэж яваагаа хэлдэг юм аа.

    -Солиотой эмгэн хэмээн Аянга амандаа бувтнаад эмийн сан орохоор сажиллаа. Эмийн сангаас тэр эм авлаа. Буцаад гэр рүүгээ гэлдэрч явтал замын хажуу талын төмөр хайсанд хар бүрх малгай тээглэж салхины аясаар дэрвэхийг олж харав. Нөгөөх бүдүүн эрийн малгай байх нь хэмээн Аянга тааварлаад хайснаас малгайг салгаж аван чулуудаж орхив. Салхины хэмнэлээр өнхрөх малгайг хараад Аянга гэнэт бүдүүн эрд уур нь хүрэв. Салхитай өдөр ийм малгай өмсөж явдаг, яасан усан тэнэг вэ? Үнэн төрхөө малгайгаар далдлах гэж оролдоо биз, өөдгүй новш. Хуурамч амьтан. Аянга малгайны араас гүйн гүйцэж очмогцоо дэвсэлж гарав. Малгай шалчийж малгай гэхээргүй болоход сая нэг Аянгын сэтгэл тайвширч “Хохь чинь” хэмээн амандаа бувтнаад цааш алхлаа. Орцны үүдэнд ирэхэд эмгэний хажууд нэгэн бүсгүй сууж байлаа. Салхинд урт хар гэзэг нь намиран, жихүүцсэнээс хацар нь улайж, үе үе дэгдэх шорооноос  тээршаан нүдээ онийлгон амаа жимийсэн төрх нь Аянгад лусын дагина мэт санагдав. Түүний сэтгэл яагаад ч юм сэргээд иржээ. Жинхэнэ үзэсгэлэн гоо. Бүр зүрх нь цээжиндээ багтаж ядах мэт цохилохыг тэр мэдрэв. Амьсгал нь давчдаж, толгой нь эргэнэ. Амьдралд бас сайхан зүйл байдаг аж. 

    -Сайн уу? Эмээгээ сахиж байгаа юм уу?

    -Тийм ээ. Авч явах гээд. Эмээ шувууд ирэхийг хармаар байна, түр хүлээгээч гэсэн юм.

    -Ийм өдөр шувууд ирэх үү? Болдог өдрөө гадаа гарч дээ. Чи энэ эмээгийн ач нь уу?

    -Үгүй ээ, гэхдээ түүнээс эрхэм. Эмээ намайг ирэхийг хүссэн юм аа.

    -Аан за, за. Ойлголоо. Чи эмч юм байна.

    -Тэгж хэлж болох л юм. Би хүмүүсд тайвшралыг өгдөг. Тэд ч үүнд баяртай байдаг.

    -Эмч ч сайхан мэргэжил байх даа. Бага байхад минь намайг ганц ойлгодог хүн эмч байж билээ. Одоо тэр эмчийн царайг ердөө санадаггүй юм.

    -Танайх энд байдаг юм уу?

    -Тийм ээ. Таван давхарт баруун талын хаалга. Ингэхэд чи аль эмнэлэгт ажилладаг юм бэ?

    -Чи удахгүй мэднэ ээ гэж хэлээд инээвхийлэх бүсгүйг хараад Аянга өөрийн мэдэлгүй:

    -Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Би амьдралдаа чам шиг сайхан бүсгүйтэй тааралдаж явсангүй хэмээн бувтналаа.

    -Хүн бүр намайг янз бүрээр хардаг. Сэтгэлдээ юу гэж төсөөлнө тэгж л харна.

    -Яагаад ч юм гэнэт чамайг би өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг санагдаад явчихлаа.

    -Би чамтай өмнө нь тааралдаж байгаагүй. Өнөөдөр санамсаргүй тааралдчихлаа. Яг энэ үед эмгэн мойног хуруугаараа тэнгэрийн хаяа руу зааж:

    -Шувууд, шувууд. Тэнд нисэж байна хэмээн ориллоо.

    Аянга эмгэний заасан зүг рүү харвал нээрээ л тэртээ алсад цайрах уулсын оройг эмжин шувууд зэллэн нисэхийг харав.

                -Одоо сэтгэл минь амарлаа. Өнөөдөр явахад таарсан сайхан өдөр байна гэж эмгэн хэлээд уртаар санаа алдлаа.

                -Та одоо яв даа. Дараа уулзъя. Эмээ бид хоёрын явах цаг ч боллоо хэмээн бүсгүйг хэлэхэд Аянга:

                -Ойлголоо. Дараа гэж хэзээ вэ?

                -Чамаас шалтгаална. Би чиний гэрийн хаягийг мэдэж байгаа шүү дээ.

                -Тийм дээ. Тэгвэл чамайг ирэхийг хүлээгээд би байж байя. Баяртай гэж хэлээд Аянга орц руугаа орлоо. Аянгын толгойноос “Түүнийг би өмнө нь хаа нэгтэй харсан даа” гэх бодол огт салж өгөхгүй байлаа. Хаалгаа онгойлгон гэртээ орлоо. Өрөөндөө орон буланд байх буйдан дээр суун өнөөх бодлоо үргэлжлүүлэв. Харсандаа гэж бодох тусам хаана вэ гэдэг асуулт түүнийг тарчилгана. Гэнэт тэрээр эсрэг буланд өөдөөс нь харан байх хоёрхон хоногийн өмнө зурж дуусгасан бүтээлэгтэй зургийг олж харав. Аажуухан босон зурган дээр очин үл мэдэг чичрэх гараараа бүтээлгийг хуу татан авахад өөдөөс нь орцны үүдэнд тааралдсан бүсгүй инээвхийлэн харж байлаа. Зурагны дор хар будгаар үхэл хэмээн тодоос тод таталган бичжээ. Аянгын чихэнд бүсгүйн хэлсэн учир битүүлэг үгс сонсогдох шиг болов. “Би хүмүүсд тайвшралыг өгдөг. Тэд ч үүнд баяртай байдаг.  Хүн бүр намайг янз бүрээр хардаг. Сэтгэлдээ юу гэж төсөөлнө тэгж л харна” гэх үгс цууриатсаар. Аянга ганцхан харайн цонх руу очин өлийн харвал гэрлээ анивчуулсаар эмнэлгийн машин зогсож байлаа. Орцны үүдэнд байх сандлын хажууд дамнуур дээр хэвтэх хэн нэгнийг цагаан даавуугаар хучсан байв. Аянгын толгойд “Үхэл” гэсэн ганц үг харван орж ирэв. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорлоо. “Тийм ээ, амьдрал утгатай юм байна” хэмээн амандаа хэдэнтээ шивнэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй