Алдарт жүжигчин, хөгжмийн зохиолч, зураач Ноён Филипп Энтони Хопкинг 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Уэльс улсад мэндэлжээ. Тэрээр бага сургуульд байхдаа урлагийн авъяастай нилээд дэггүй сурагч байсан учир аав ээж нь Энтониг томоотой болгохын тулд хөвгүүдийн сургуульд оруулсан ч тэр сургуулиасаа гарч 1957 онд Уэлсийн хөгжим, драмын урлагийн сургуульд элсэн орж 20 насандаа төгссөнийхөө дараа Английн нийслэл Лондон хотын Хааны драмын урлагийн академид суралцжээ.
Тэрээр залуу байхдаа хөгжмийн зохиолч, хөгжимчин болохыг хүсдэг байсан ч Түүнийг оюутан байх үед театрын найруулагч Лауренс Оливиер олж харан Английн үндэсний драмын театрт ажиллах санал тавьж, алдарт жүжигчин эрийн замнал эхэлсэн түүхтэй.
Түүнийг өнөө цагт амьдарч буй хамгийн агуу жүжигчдийн нэг хэмээн кино, урлаг судлаачид болон олон дэлгэцийн урлагт хайртай хүн бүр дуу нэгтэйгээр хэлдэг. Энтони Хопкинсийн тоглосон кинонуудаас түүнд хамгийн их нэр хүндийг авчирсан бүтээл бол 1991 онд бүтээгдсэн “Хурга майлахаа болино” хэмээх сод бүтээл юм.
Тэрээр энэ киногоор Оскарын шагнал хүртсэн бөгөөд киноны дараагийн ангиуд болох Ханнибал, Улаан луу кинонуудад ч мөн дүрээ мөнхөлсөн. Хопкинс Оскараас эхлээд олон нэр хүндтэй шагналын эзэн болж байсны нэг нь 1993 онд хүртсэн Их Британи Умар Ирландын нэгдсэн Вант улсын хатан хаан Хоёрдугаар Элизабет түүний урлагийн төлөө хийсэн зүйлсийг нь үнэлж олгогдсон хүндэтгэлийн нэрэмжит шагнал билээ.
2012 онд нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь алдарт жүжигчин Энтони Хопкинсийг ямар гайхалтай хөгжмийн зохиолч болохыг дэлхий нийт мэдсэн явдал байв. Алдарт хийлч, удирдаач Андре Рьюд нэгэн өдөр гэнэтийн и-мейл ирсэн нь Хопкинсийн гэргийгээс байжээ. Бүсгүй нөхрийнхөө 1964 онд буюу 27 насандаа бичиж бүрэн хэмжээний бүтээл болгосон ч хэзээ ч амьдаар тоглогдоогүй вальс бүжгийн аяыг алдарт хөгжимчин рүү илгээн өөрийн оркестратай тоглох хүсэлт тавьсан байлаа. Агуу жүжигчний нэрийг сонссон даруйдаа Андре бараг л шоконд орж, түүний тэртээ 50 жилийн өмнө бичсэн тансаг вальсийн аяыг сонгодог урлагийн өлгий хот болох Австрийн Вена хотод нэгэн үдэш амьлуулсан юм. Тус тоглолтыг Энтони Хопкинс өөрийн гэргийтэй ирж, сэтгэл догдлон үзэж сонирхсон билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт