ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШИМЭГЧ

            Тав хоног хоол, хүнсгүй өлбөрч мөхөхийн ирмэг дээр тулаад байсан бясаанууд амьтан ирснийг үнэрээр нь мэдэрчээ. Халуун, шинэ цусны үнэр өрөөгөөр нэг ханхалж бясаануудын хоосон гэдсийг гижигдэхэд өлсгөлөнгөөс болж самуурч гүйцсэн ухаан мэдрэл нь ум хумгүй тийш хүрч очин, хооллохыг шавдуулна. Яйжийсан буйдангийн ангайсан завсар хооронд нуугдсан ах дүү таван бясаа шөнө болохыг тэсч ядан хүлээлээ. Аяллын цаг эхэлснийг илтгэн өрөөг харанхуй нөмрөхөд гэдэс нь нуруутайгаа наалдаж хальс болсон таван бясаа амьтан руу очихоор дээш мацав. Намайг зоогло гэсэн шиг амтат зууш нь жигд хэмнэлээр хурхирч, хоол идэх дуршлыг нь улам дэвэргэхэд ах дүү тав бүр ч ихээр тэчьяадаж, тэгснээс толгой нь манаран дүйнгэтэж өөрийн эрхгүй хурд нь саарна. 

            -Цусны үнэр хамар сэтлэх нь ээ.

            -Гэхдээ энэ цус ондоо үнэртэй юм.

            -Хурц, нясуун үнэртэж байна.

            -Үнэр ямар хамаа байна аа. Өлсгөлөн амт мэдэрдэггүй.

            -Хор байвал яана?

            -Цус л үнэртэж байна.        

            -Хамгийн зөөлөн газар нь гэдэс. Цус нь ч амттай гэлцсээр тавуул гүзээ өөд мөлхөн гарав. Арьс руу нь соёогоо зооход халуун, нялуун цус ходоод руу нь урсан орж хүсэл ханахын ер бусын таашаалыг бясаанууд мэдэрч, ухаан санаа нь самуурчээ. Амьтныг яраглаж, хөлбөрч эхлэхэд тэд сая ухаан орлоо.

            -Гэдэс цадлаа. Одоо явцгаая гэж том ах нь хэлэхэд удаах дүү нь:

            -Хүлээж бай л даа. Дахиад жаахан сороодохьё гэж гуйв. Цус сорох түүний гэдэс бөмбөлөг шиг бөөрөнхий болж хариугүй хагарах нь уу гэлтэй цүдийхэд сая нэг сэтгэл нь цадсан бясаа соёогоо сугалан явах гэсэн боловч байрнаасаа хөдөлж чадсангүй.

            -Ханаж цаддаггүй амьтан. Биеэ даахаа больтлоо цус соржээ хэмээн ах нь уурсав.

            -Энд удаан байвал бид цөм үхнэ. Энэ амьтан сэрээд биднийг алах болно.

            -Тэгээд орхиод явах юм уу?

            -Тавуулаа үхэх юм уу?

            -Тэгвэл түрээд явъя.

            -Бөөндөө явбал алагдах эрсдэл бүр өндөр. Тэр сэрчихнэ. Орхиод явъя.

            Гэнэт амьтан хөдөлж эхлэв. Бясаануудын соёогоо шигтгэж цус сорсон арьс пөмбийж хавджээ. Тэр газар нь загатнасан тул амьтан сарвуугаараа ширдхийтэл нь маажихад бясаанууд тал тал тийш бутран зугтаж ганц цүдгэр бясаа л байрнаасаа хөдөлж чадсангүй хоцров. Сарвуунд нь нэг юм тэмтрэгдэхэд амьтан эрхий долоовор хурууныхаа өндөгөөр чимхэн авснаа тас хийтэл нь бяцлаад нясалж орхиод хурхиран унтав. Цүдгэр бясааны гэдэснээс саяхан сорсон цус орчныг бялж, бүлт үсэрсэн хоёр нүд нь амьтны үсэнд наалджээ. "Түүний шунал аминд нь хүрлээ" гэж ах нь толгой сэгсрэн харуусахад отгон дүү нь:

            -Энэ ертөнцийн сайхан нь хаа байна аа. Ах маань үхчихлээ гэж хашгираад хурц соёогоо амьтны арьсанд дахин дахин зоолоо. Амьтны яраглах бөглүү дуу гарч сарвуу загатнасан газраа маажиж гарав. "Зугтаараа сарвуу ирлээ" гэж нэгнийгээ орилоход отгон дүү нь соёогоо арьснаас сугалж авч амжсангүй. Сарвуу түүнийг шүргэснээ өндгөөрөө эргэж тэмтчээд бясааг чимхэн авмагцаа няцалж, цусанд будагдсан нойтон хуруугаа хөнжилд арчив. Тэгснээ амьтан эргэж хөрвөөгөөд хурхирлаа. Хэдхэн агшинд болж өнгөрсөн аймшигт үйл явдалд амьд үлдсэн гурван бясаа ихэд цочирджээ. Тэд өмнө нь хэзээ ч ийм эрсдэлтэй аялалд явж байсангүй. "Өш хонзон, өш хонзон. Дүүгийн минь амийг авчихлаа" гэж том ах нь хашгичаад мэгшин уйлав. Гурван бясаа хэдэн хором дуугаа хураан, сэтгэл дэх айдастайгаа тулж, одоо юу болохыг тааж ядан түгшинэ. Нам гүмийг эвдэн дүү бясаа нь:

            -Хурдан явцгаая. Одоо л явахгүй бол үхнэ гэхэд ах нь:

            -Сая юу болсныг хараа биз дээ. Хазуулсан шарх нь одоо загатнаж байгаа. Амьтныг нам унтсан хойно явах нь зөв гэв.

            -Үгүй, бид явахгүй л бол үхнэ.

            -Айж явбал аминд өлзийтэй. Битгий зөрүүдлээд бай. Амиа алдах гээ юү?

            -Энд ингээд байгаад байвал харин ч үхнэ.

            -Жаахан хүлээчих.

            -Би тэсэхгүй нь. Та хоёр үлдвэл үлд. Би явлаа гэж хэлээд дүү бясаа нь мөлхөж одов. Түүний ах бясаа нь хэсэг тээнэгэлзсэнээ "Хүлээснээс үхсэн нь дээр" гэж амандаа шуухитнаад дүүгийнхээ араас мөлхлөө. Гэдэс нь загатнахад сарвуу зураасан гөвдрүү татуулан маажиж гарлаа. Тэгснээ хуруунд нь торсон бясааг чимхэн аваад чулуудаж орхив. Дүүгээ амиа алдахыг харсан ах бясаа сарвуунаас зугтан мөлхсөөр арай гэж гэдсэн дээрээс буув. 

            Ганцаар хоцорсон том ах бясаа аймшигт сарвуунаас зугтан улам доош мөлхсөөр амьтны салтаа руу орж үсэн дунд нуугдав. "Амьтан нам унтсан болов уу яасан бол?", "Эндээс одоо гарах уу, яах вэ?" гэсэн бодолдоо бясаа шөнийн турш тарчилжээ. Нар мандаж өглөө болоход хаалга тогшсоор гэрийн эзэн орж ирлээ.               

            -Сайхан амрав уу, Баясаа?

            -Сайхан амарлаа. Танайд чинь шумуул байхгүй биз дээ? Гэдэс нэл гөвдрүү. Амьтан хазчихсан юм шиг байна гээд гэдсээ маажсанаа хатсан цусны толботой эрхий, долоовор хуруугаа гозойлгов. 

            -Бясаанд л хазуулж дээ. Хор цацаад цацаад дийлдэхгүй байгаа юм гэж гэрийн эзэн тоомжиргүй дуугарав.

            -Муу сайн шимэгчид. Хаа сайгүй байх юм даа гэж шүд зуун хэлээд Баясаа жорлон орлоо. Дотуур өмдөө шувтлан морь харахад үсэн дунд нь нуугдан байсан бясаа түүний гарын сэгсрэх хөдөлгөөнөөр тэнцвэр алдан суултуур руу ойчив. Баясаа гэдсэн дээрх таван гөвдрүүг харснаа "Хөгийн муу шимэгчид" гэж амандаа хэдэнтээ хараагаад жорлонгийн усыг татлаа. Усан дунд эргэлдсээр бохирын хоолой руу сорогдон орох агшинд бясаа "Дэндүү хаширласнаас болж амиа алдлаа даа" гэж гашуудав. 

    /”Төсөөлшгүй ертөнцийн нууц” номоос/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй