Таазанд шахуу тулсан бяцхан төмөр сараалжин цонхоор хаврын чийг, гөлөглөх модсын нэг л таатай нялуун үнэр салхиар дамжин өрөөнд үе үе ханхийхэд эрх чөлөөгөө хасуулж, зодууртаа шаналсан гурван ялтангийн сэтгэл хөвөлзөж, нарны амьдралаа санагалзана.
-Эндээс гарах юмсан хэмээн өрөөнд байгсдаас насаар ахмад эрийг сүүрс алдахад дунд хэрийн настай нь:
-Горьдсоны гарз биз гэж гашуунаар хэлээд завьжнаас нь зогсолтгүй урсах цусаа тургилав. Өрөөний мухарт шигдэн суусан насаар балчир залуу нам гүмийг эвдэн гэнэт гэнгэнэж гарлаа. Залуугийн сэтгэл зүсэм уйлах чимээ сүүлдээ нөгөөх хоёрт шаналан болж эхлэхэд ахмад нь тэсэлгүй:
-Дуугаа татаач. Үхсэндээ усан нүдлээд байгаа юм. Уйлах цаг зөндөө гарна. Гэхдээ одоо л биш шүү гээд хэт хүчлэн хашгичсанаас өвчин нь сэдрэхэд "Ёооё, бурхан минь, ямар их өвдөж байна аа" гээд шүдээ харшилдуулан, хэдэн хором гиншив. Хоригдогсдын ахмад нь баривчлагдаж ирээд нэг сар болж байгаа бол 30 эргэм насны залуу нь хоёр долоо хоногийн нүүр үзэж байгаа аж. Харин насаар бага нь дөнгөж хорь шүргэж яваа бөгөөд долоо хоногийн өмнө баривчлагджээ. Зовлон, зүдгүүр, яргалал, цус, нулимсыг хашсан чийгтэй энэ дөрвөн хананы дотор олон амь тарчилж нөгөө ертөнц рүү одсоор өдгөө ээлжээ хүлээн гурван эр сэтгэлээ эмтлэн, шал дэрлэн хэвтэцгээнэ. Өрөөний хүнд, төмөр хаалга хяхтнан онгойж хоёр цэргийн хамт Дотоод явдлын яамны байцаагч орж ирлээ.
-Эсэргүүнүүд хэмээн шүднийхээ завсраар хорсолтойгоор хэлээд байцаагч өрөөний мухарт атиран суух залуу руу хуруу чичлэн:
-Энийг аваад гар гэв. Хоёр цэрэг айснаас нүд нь аягандаа багтаж ядан эргэлдэх залууг сугадан чирэхэд нөгөөх нь хамаг чадлаараа биеэ хойш чарсан ч нэгэнт тамиргүй болсон түүнийг цаадуул нь ядах юмгүй өрөөнөөс авч гарав. Төмөр хаалга тасхийн хаагдаж эргээд өрөөнд айдас, харанхуй ноёлов. Хэдэн цагийн дараа зодуурын шарх, өвчиндөө ёолсон залууг хоёр цэрэг сугадсаар орж ирээд шал руу чулуудсанаа дунд хэрийн настай залууг чирч гудачсаар авч гарлаа. Хонгилын мухарт байх өрөөнд залууг оруулан өндөр сандал дээр суулгав. Залуугийн хөл газар үл хүрэх агаад агаарт санжигнана. Модон сандлын тавцан дээр дээш үзүүрийг нь цухуйлган хадсан хэдэн арван хадаас хонго, өгзөгийг нь сийчин, өвчиндөө бөгсөн бие нь халуу шатаж, үе үе часхийн өвдөхөд залуу өөрийн мэдэлгүй дуу алдах аж. Хоёр гарыг нь сандлын ард хүлэв. Тамхи баагиулах байцаагч гартаа модон саваа барьжээ.
-Дамба аа, чи ингэж өөрийгөө зовоож яах нь вэ дээ. Хэргээ хүлээчих. Ах, дүү хоёр чинь энэ хэрэгт холбоотой болохыг бид нэгэнт тогтоочихсон. Чи хэчнээн шазуур зуусан ч хэлээ унжуулж, долоон булчирхайгаа тоочих цаг ирнэ шүү. Тэр үед хожимдсон байх вий гэж байцаагч сүүлийн хэдэн үгээ зориуд сунжруулан хэлээд модон саваагаараа ширээ тогшлоо. Залуу юу ч дуугарсангүй. Өвчиндөө шаналж чичрэн сууна.
-Дуугараач, муу эсэргүү гэж хоолой чахруулан орилоод байцаагч ганцхан харайн залуугийн дэргэд ирж модон саваагаар гуяыг нь хэдэнтээ балбахад пидхийх бөглүү чимээ гарав. Залуу ёо гэж дуугарсангүй. Гуя нь өвчин мэдрэхээ байжээ. Залуу хавдаж, хөхөрсөн зовхины цаанаас арай гэж нүдээ нээн:
-Чи бид хоёр уг нь нэг нутгийнх юмсан. Ингэж ч явах гэж дээ хэмээн цус, шүлсээ дуслуулан хэлээд толгойгоо даалгүй гудайв. Байцаагчийн шанаа гүрвэлзэж, хөлөрсөн гарын алганд модон саваа гулгахад тас атгав. Хүйтэн, чулуун шалан дээр цусны пялхийн дуслах чимээ аниргүйд уусна. Байцаагчийн царай минчийж ирснээ, шүдээ хавирч:
-Чи бид хоёр нэг нутгийнх гэхээс миний уур хүрч байна гэж хашгираад модон саваагаар залуугийн шилбэ рүү түсхийтэл цохилоо. Хонгилоор зовиур, гаслантайгаар орилох дуу хадаж хананаас хананд ойн, өрөөнөөс өрөө дамжин олон ялтны сэтгэлд шар ус хуруулж, аймшигт зодуур, тамлалт эрхгүй өвдөг чичрүүлнэ. Нүүр рүү нь ус цацахад залуу сая сэргэв. Толгойгоо арай гэж өндийлгөн зовхио хөдөлгөхөд зүүн нүд нь нээгдэв. Ширээний ард байцаагч тамхи баагиулан сууна.
-Сэргэв үү? Чи дэмий л гүрийж байна. Чиний өчигтэй өчиггүй ах, дүү хоёрыг чинь баривчлахдаа л баривчилна. Яасан юм ойлгодоггүй толгой вэ, чи. Май үүнийг хар гээд байцаагч нүүрэнд нь хуудас цаас наах шахам ойртуулаад:
-Гарын үсгийг нь хар. Чоймбол гэж байгаа биз. Танай двизийн штабын дарга. Түүний юу гэж мэдүүлснийг би уншаад өгье. Двизийн захирагч Дамба болбоос өөрийн ах, дүү хоёрын хамт манайд ирж намайг хүчээр эсэргүү бүлэгтээ элсүүлсэн нь үнэн болно. Би үүнийг амиараа баталж байна гэсэн байна. Энэ байхад л хангалттай. Ах чинь, дүү чинь одоо эсэргүү. Тэднийг маргааш баривчилна гэж хэлээд байцаагч тамхины ишээ газар чулуудаад дээр нь очин өлмийгөөрөө гишгэлэн няц дарав.
-Чи тэднийг эсэргүү биш гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Хэрэггүй. Надаар энэ хэргийг дуусга. Би бүх хэргийг өөртөө хүлээе.
-Одоо нэгэнт оройтсоон. Би чамд сануулаагүй биш сануулсан.
-Хөгийн зулбасга. Надаар чи даажин хийж байна уу? гээд залууг цусаа нулимахад байцаагч мушийлаа.
-Чи бид нэг голд төрж, өвөр түрийндээ орж өссөнөө бодоод ганц удаа надад тус болооч. Ах, дүү хоёрыг маань битгий оролд. Чамд эрх мэдэл нь бий шүү дээ.
-Хэрэг нэгэнт шийдэгдсэн.
-Чи Монгол хүн биз дээ. Хорвоод амьдрах удам, угсааг минь бүү тасдаач.
-Тийм ээ, би Монгол хүн. Надад ч бас зүрх, сэтгэл гээч юм байдаг юм шүү хэмээгээд байцаагч ширээ шаан босож ирэв.
-Миний дээр дарга гэж бий. Энэ хана, шал, хаалга, ширээ цөм нүдтэй. Гээд яахав. Надад нэг санал байна. Чи өөрөө мэднэ биз. Ах, дүү хоёрынхоо аль нэгийг чи илчил. Нэгнийх нь амийг ингэж л аварна. Өнөө шөнө сайн бодоорой. Өглөө надад нэр нь хэрэгтэй. Удам чинь үлдэг.
Хоёр цэрэг залууг цусан зам татуулан хонгилоор чирсээр өрөөнд нь аваачин хаяв. Залуу мөлхсөөр хана налан суулаа. Насаар ахмад нь хана руу харан хэвтэх нь сараалжаар цухуйх сарны гэрэлд бөртийн харагдана. Балчир нь өвдгөө тэврэн суух аж.
-Яасан урсаж дуусдаггүй цус вэ? хэмээн залуу бувтнаад зодуурын шархаас илүү цээж хөндүүрлэсэн сонголтондоо бачууран үсээ зулгаалаа. "Дүү маань бас цэргийн хүн. Жавхаатай эр дээ" гэх бодолдоо хөгжин залуу жуумалзсанаа "Одоо хөөрхий минь сэтгэл нь түгшээд шаналж яваа байх даа" хэмээн бодлоо үргэлжлүүлэв. Тэрээр хоёр сарын өмнө дүүгээ нэгэн бүсгүйтэй сугадалцан явж байхад нь хашааны өнцөг дээр халз таарсан билээ. Тэгэхэд залуу дуугүй өнгөрсөн. Сэтгэлдээ "Нүдэнд дулаахан, аятайхан бүсгүй байна" хэмээн бодсонсон. "Амьдралын сайхан үетэй дөнгөж золгож яваа нас. Харин ах маань намайг ингэж тартагтаа тулж явааг минь дуулах нь байтугай, зүүдлээ ч үгүй суугаа. Хагас жилийн өмнө очиход эхнэр нь цүдгэр харагдсан. Өдийд төрсөн болов уу, яасан бол. Мөрөөрөө амьдарч яваа малчин хүн дээ". Түүний бодол хөвөрсөөр, хөвөрсөөр, эцэс сүүлдээ толгой нь заадсаараа салах нь уу гэлтэй янгинан өвдөхөд сая нэг бодол зогсов. Тэртээ булангаас балчир залуугийн шивнэх дуу сонсдов.
-Ах аа, та сэрүүн байна уу?
-Юу гээв?
-Би таныг эр хүн гэж сэтгэлдээ үнэлж явдаг шүү. Та л ганцхан надад тусалж чадна.
-Адилхан хоригдож байж би чамайг юугаар гийгүүлээ аж.
-Миний гуйх зүйл танд эвгүй сонсогдож магадгүй. Гэхдээ та миний сэтгэлийг сайн ойлгоорой. Би эдний тамлалтыг тэсэхгүй нь. Маргааш гэхэд л би тэдний юу хүссэнийг чалчиж гарна. Би тэгмээргүй байна.
-Эцсээ хүртэл тэсэх хэрэгтэй дээ.
-Би чадахгүй ээ. Та тэсэж гарч чадах биз. Энд горьдлого, найдвар хоосон зүйл. Өөрийгөө л хуурахын нэмэр.
-Надаас тэгээд чи юу хүсээ вэ?
-Тэд надаас ямар өчиг авах гэж энд хорьж, байцааж байгааг та мэдэх үү? Тэдний хүсэж байгаа зүйл бол би аавыгаа эсэргүү бүлгийн удирдагч гэж батлах юм шүү дээ. Аав маань ямар юмных нь эсэргүү байхав дээ гээд балчир залуу мэгшив. Түүний чичирхийлэх мөр, хана цоо нэвтлэм амьгүй, хоосон харц, түүнээс урсан гарах нулимсыг залуу төсөөлж байлаа. Түүний өмнө ч гэсэн хүнд сонголт тулгараад байгааг балчир залууд хэлэхийг хүсэвч хөмхийгөө тас зуув. Хэсэг хугацааны дараа балчир залуу:
-Ах минь, би аавыгаа маргааш эсэргүү гэж нотлох болно. Би тэгээд цааш яаж амьд явах юм бэ? Эндээс мултарч дөнгөө ч билүү гэж шуухитнан хэлснээ дуугаа намсган:
-Танаас наминчлан гуйя, намайг алаад өгөөч хэмээн шивнэв. Залуу хариуд нь юу ч дуугарсангүй. Балчир залуу дахиад л мэгшиж эхлэв. Тэгснээ хэсэг үхсэн мэт чимээгүй болсноо дахиад гэнгэнэж гарна. Үүр цайж жижигхэн цонхоор бүдэг саарал гэрэл тусаж өрөөг бага ч болтугай гэгээтэй болгов. Шөнийн турш залуу шаналж, сэтгэлийн гүн дэх зовиур, айдас, мухардалыг түмэнтээ хэмлэн байж арай гэж нэг шийдэлд хүрчээ. Чимээгүй байснаа балчир залуу мэгшиж эхлэв. Залуу хана руу харан хөдөлгөөнгүй хэвтэх ахимаг эрийг нүд гүйлгэн хараад эргэж балчир залуу дээр харц тогтоон хэсэг ширтсэнээ:
-Чи чадах юм уу? хэмээн сөөнгөтөн дуугарлаа. Балчир залуу мэгшихээ больж улайсан, үхмэл нүдээр залууг хэсэгхэн зуур цоо гөлөрснөө хоёр алгаа зөрүүлэн ам, хамраа таглав. Залуу балчир залуу руу бөгсөөрөө шалан дээгүүр гулгасаар дөхөж очив. Балчир залуу дээш харан нүдээ анин хэвтээд толгой дээгүүрээ дээлээ нөмрөн гараа атган цээжин дээрээ зөрүүлэв. Залуу дээлний цаанаас хурдан хурдан амьсгалах балчир залуугийн амьсгалын хэмнэлээр амны нь харалдаа нааш цааш болох саарал даалимба цусанд толботсоныг үзэв. Хэдэн агшин өнгөрсний хойно залуу ухасхийн хоёр гараа балчир залуугийн нүүрэн дээр аваачин дээрээс нь цээжээрээ дарлаа. Балчир залуугийн энгэртээ зөрүүлсэн атгаастай гар нь үл хөдлөх ажээ. Хормын дараа бүсэлхийгээрээ балчир залуу хэдэнтээ нумарч, атгасан гараараа шал нүдсэнээ бүхий л биеэрээ займчин чичирхийлээд бие нь сулбайв. Залуу цогцосны хажуугаар гэдрэг харан хэвтлээ. Түүн рүү ахимаг эрийн нүд цоргин харна.
-Чи тэдэнд хэлэх үү?
-Би матаач биш ээ.
-Гэхдээ л чи хэлнэ. Энэ чиний эндээс амьд мултрах цорын ганц зам.
-Би чиний бодсон шиг эр хүн биш. Хэрэв хүсвэл чамайг би алж өгч чадна шүү.
-Хэрэггүй ээ. Миний амь наддаа өнөөдөр хэрэгтэй. Харин чинийх...?
-Миний асуудал чамд хамаагүй. Эндээс хэн ч амьд гарахгүй.
-Чамд гарах боломж байна. Надад бол үгүй. Тийм учраас би балчир залуугийн хүслийг гүйцэлдүүлсэн юм.
Ахимаг эр дуугаа хураав. Мандах нарны бяцхан дөрвөлжин туяа өрөөний хананд тусахад шаналсан хоёр эр сая л нэг бие биенийхээ нүд рүү эгцлэн харж сэтгэлийн уг дахийг тааварлах гэж оролдоцгоов. Нүд юуг ч үл илэрхийлэх аж. Хов хоосон харц. Хов хоосон сэтгэл. Хүнд, төмөр хаалга хяхтнан онгойж байцаагч, хоёр цэргийн хамт орж ирэв. Нүүрээ дээлээрээ бүгтээн хөдөлгөөнгүй хэвтэх балчир залуу руу байцаагч хяламхийснээ:
-Энэ яагаав? гэлээ.
-Үүрээр нүд аньсан хэмээн залуу хариулав.
-Нударчихсан юм биш биз?
-Үгүй ээ.
-Үнэн үү?
Хана налан суух ахимаг эр байцаагчийн догшин харцнаас дальдчин залуу руу харлаа. Түүний нүдний угт үл мэдэг оч анивалзахыг анзаарсан ахимаг эр:
-Энэ үүрээр нударчихсан юм аа гэж бувтнав.
-Залууг аваад гар хэмээн байцаагч хэлээд ахимаг эр рүү харснаа:
-Чи энэ цогцостой хүүрнэлдээд байж бай гэчихээд өрөөнөөс гарлаа. Хүнд, төмөр хаалга хяхтнан хаагдахад цогцосны мэгших дуутай хамт ахимаг эр өрөөнд хувь тавилангаа хүлээн хоцров.
/"Тамаас ирсэн солиот" номоос/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт