Монгол Улсаас Австрали тивийн Канберрад суугаа Элчин сайдын яам “Хөсөгтөн” хамтлагийг Австрали тивд урин тоглуулав. Хөсөгтөн хамтлаг нь Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн хамтлаг билээ. Монгол Улсын ГХЯ-наас Австрали, Сингапур, Индонез, Вьетнам, Лаос улсад дипломат харилцаа тогтоосны ой, Монголын соёлын өдрүүдийг ардын урлагийн хамтлагийн тоглолтоор чимэглэн хүргэж байгаа нь энэ юм. Хөсөгтөн хамтлагийн Австрали улсын Канберра, Сиднейд хийсэн тоглолт нь ногоон тивд Монголоос урлагийн хамтлаг ирсэн анхны тохиолдол юм. Канберрагийн тоглолтыг Австралийн Үндэсний Их Сургуулийн урлагийн их танхим Ллевиллин-д зохион байгуулсан бөгөөд Австралийн Парламент, ГХЯ болон бусад яамд, Канберрад суугаа дипломат корпусаас 150 орчим хүн, монгол, австрали 250 гаруй оюутан иргэн үзэж сонирхлоо. Энэ арга хэмжээг зохион байгуулахад тус их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн олон талаар дэмжин хамтран ажиллав.
Сиднейгийн Монголчуудын холбоотой хамтран тус хотод зохион байгуулсан арга хэмжээнд Нью Саут Уельсийн Амбан захирагч асан тэргүүтэй 50 орчим төр, төрийн бус байгууллагын төлөөлөгч, 300 гаруй монгол, австрали, гуравдагч орны иргэн, оюутан үзэж сонирхов. Элчин сайд Б.Чулуунхүү дээрх арга хэмжээг нээж үг хэлэхдээ хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцолж байв. Ийнхүү Австралийн тэнгэрт морин хуур, хөөмийн эгшиг хамтлагийн хэмжээнд анх удаа уянгалж, Чингис хааны магтаалаар өндөрлөсөн “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт бүр Монголд аялан очих хүслийг далласан ерөөл болон өргөгдөв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт