Номин Юнайтед их дэлгүүр 11-р сарын 26-ны өдрийн 22 цагаас 27-ны өдрийн 02 цаг хүртэл хар баасан гараг худалдаа зохион байгууллаа. Юнайтед их дэлгүүрийн бүх давхарт бараа бүтээгдэхүүн супер хямдарч, ус буцалгагч 15 мянган төгрөг болно гэсэн иргэд сар шинийн баярын үеэр Нарантуул захад цугладгаасаа ч олноор Номингийн гадна цуглав. Идэр чийрэг залуус эрийн сайндаа ээжийгээ, эхнэрээ, хүүхдээ Номин дотор оруулж чадсан ч үнэндээ үзэх харах, сонирхож сонжих зүйл байсангүй. Зай байсангүй гэх нь зүйтэй ч байж мэднэ. Америкаас “хулгайлсан” хар баасан гарагт дэлгүүр орж, зад хямдралтай бараа авах өндөр хүлээлттэй ирсэн иргэдийг өмнөх үнээсээ 30 мянган төгрөгөөр хямдарсан нөтбүүкүүд нэгдүгээр давхарт угтлаа. “200 хүнд тараах хямдралын купон дууссан” гэж Номингийн худалдагч залуу хэлээд Купон дууссан гэх бичиг ханан дээр наахад олон хүний ундууцал төрлөө. Хүүхэд хөгшдөө дагуулан, бүр нялх хүүхдээ том тэргэн дээр түрээд шөнийн 22 цагт энэ дэлгүүрийг зорьж ирсэн хүмүүс үүднээс нь буцсаар. Анун компанийн эсрэг талд орших Номин Юнайтедийг зорьсон автомашины цуваа 120-ийн “Таван тэмээтэй уулзвар”-аас эхэлж, 75-р сургуулийн урдаас түгжрэл үүсч, улмаар Нарны гүүр, Энхтайвны гүүрний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний хурд 00-рүү дөхөв. Төв зам дагуу иргэд автомашинаа нэг км орчимд эгнээ болгон завсаргүй тавьж, Замын цагдаагийн ажилтнууд Номин Юнайтедийн гадна хөдөлгөөн зохицуулж байв.
Машинаа хол тавиад 18 хэмийн хүйтэнд алхаж яваа хүмүүстэй хар баасан гарагийн хямдралаас гар хоосон гарч ирсэн хүмүүс “Хэрэггүй ээ, буц буц”, “Эксклюсив үнэгүй хувцас тараана гэсэн шиг юм болж байна”, “Шал дэмий” гэсээр зөрж байлаа.
Номингийн хямдралаас олон хүн сэтгэл дүүрэн гарсан гэдэгт итгэлтэй байгаа ч түүнээс хэд дахин олон хүн урамгүй гарч явсан. Ер нь хар баасан гараг гэж юу юм бэ? Хар баасан гарагийн зад хямдралтай худалдаа яг ийм зохион байгуулалттай байдаг уу гээд Гүүглдээд үзтэл дөрвөн цаг үргэлжилдэг хямдралтай худалдаа биш болж таарлаа.
АНУ-д Талархлын баярын дараах өдөр олон мужид бүх нийтээрээ амарч, Талархлын баярын худалдаанд оролцох боломжийг олгодог байна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн туршид иргэд худалдаа хийдэг байх нь. Хар баасан гарагийн худалдаа шөнийн 22 цагт биш үүрийн зургаан цагт, заримдаа дөрвөн цагт эхэлдэг гэнэ. Зарим жилд хар баасан гарагийг амралтын өдрүүдтэй давхцуулснаар бүтэн дөрөв хоногийн турш иргэд зад хямдарсан үнээр худалдаа хийдэг байна. Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн худалдан авах чадвар ямар хэмжээнд очтолоо буурсан бэ гэдгийг Номингийн хар баасан гараг харууллаа. Зохион байгуулалтын тал дээр залруулах зүйл олон байгаа ч хар баасан гарагийн эхлэлийг тавьсан нь олзуурхууштай. Зүй нь Номин Улаанбаатар хот дахь бүх салбар дэлгүүрээрээ дамжуулж энэ худалдааг зохион байгуулсан бол ингэтэл түгжрэл үүсч, ингэтэл хүмүүсийн уур уцаар төрөхгүй байлаа. Цаашдаа нийслэлийн олон их дэлгүүрт хар баасан гарагийн худалдаа болох тул Номингийн жишээнээс сургамж авч зохион байгуулалтын тал дээр анхаарууштай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт