ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цэцэрлэг байгуулах болсон “далд” шалтгаан

    Цахим ертөнцөд Болдко сэтгүүлч нэрээрээ танигдсан нэгэн эрхэм төрөөс нэг ч төгрөг авалгүйгээр 30 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна гэж шуугиж байна. БЗД-ийн II хороонд хүүхдээ харж гэртээ суудаг 30 ээжид гар урлал зааж орлоготой болгох юм гэнэ ээ. Эдийн засаг хямарлаа гэж нийтээрээ хөл дээрээ тогтохгүй ганхаж байхад төрийн дэмжлэггүй цэцэрлэг байгуулах ч хөгшчүүдийн хэлдгээр “лөөлөө” байх аа. Нэг л сонгуулийн шоу, шидэт үлгэр шиг санагдана.

    Болдкогийн цэцэрлэг БЗД-ийн II хороонд орших нэг давхар, тоосгон байшин. Өмнө нь энд  тус хорооны оффис байрлаж байжээ. Барилгын дотор хана нураах ажил 20 гаруй оюутан залуус, мотоциклчдын хүчээр үндсэндээ дуусч, одоо бохир, цэвэр ус холбох сангийн ажил үлдээд байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар ард иргэдээс 30 хүүхдийн цэцэрлэгт зориулж хандивласан мөнгө 2 сая төгрөг болжээ.

    Ийм мэдээлэл аваад ч сэтгүүлч хүний хувьд бас л итгэсэнгүй. Болдко сэтгүүлчтэй утсаар холбогдлоо. Барилгын тоос шороонд дунд хутгалдан ид ажиллаж байгаа хүнд хэдэн хардаж сэрдсэн маягтай асуулт тавьсандаа одоо харамсах шиг. Үнэний эрэлд явахдаа сэтгүүлч хүн ямар ч асуулт тавьж болохыг Монголд хамгийн олон хүнтэй ярилцлага хийсэн сэтгүүлч хүний хувьд Болдко ойлгосон.

    Гучин хүүхдийн цэцэрлэг гунигтай түүхтэй. Сэтгүүлч Болдко хоёрхон сарын өмнө ээжээсээ хагацжээ. Ээжийнхээ дурсгалд зориулж нэг сайхан зүйл хийвэл сэтгэлд нь хоосорч хоцорсон орон зай дундуур ч болов дүүрэх юм шиг санагдсанаас хүүхдэд л туслахаар шийдэж. Сэтгүүлч Болдкогийн ээж хүүхдэд маш их хайртай байснаас ингэж шийджээ. Мөн дотны найзынх нь гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдал ч цэцэрлэг барих шийдвэр гаргахад нөлөөлжээ.

    Монгол улсын хэмжээнд өвөлд 50 гаруй мянган хүүхэд гэртээ өнжиж, улмаар түлэнхийн төвд нэг өдөрт л 10-15 хүүхэд хүргэгдэж байна. Хүүхдүүд савтай усанд хүртэл живж амиа алддаг гэх Болдкогийн яриаг утасны цаанаас сонсоход хүртэл хүнд байлаа. Тэр хүүхдүүдийг аюултай орчинд өсгөнө гэдэг тахир дутуу хүмүүсийн арми үүсэхийн эхлэл гэж хэлэхэд сэтгэл бүр ч сэрдхийв. Эрэмдэг зэрэмдэг хүмүүсийн улс болох нь ээ.

    Тэгвэл хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөх ганц боломж нь цэцэрлэг. “Цэцэрлэг байгуулъя гэж шийдсэн. Төлбөргүй. Ээж нь ажил мэргэжилгүй, гэртээ суудаг гэр бүлийн хүүхдийг сонгож цэцэрлэгтээ хамруулъя гэж бодсон. 30 хүүхэд. Цөөн мэт боловч өндөр ач холбогдолтой” гэж Болдко итгэлтэй хэллээ. Тэр “Эгэл амьдралын мөр” ТББ байгууллагын тэргүүн н.Сайхантуяатай уулзаж, хотын захиргаанаас шийдвэрлэсэн барилга II хороонд байгааг сонсчээ. Мөн уншигчдын эчнээ танил н.Хорлоо эмээг орон гэртэй болгосон “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-тай ч хамтрах болсон байна.

    Цэцэрлэг байгуулахдаа гадны байгууллагаас тусламж авах биш, монгол залуус өөрсдөдөө хийе. Залуучууд хүүхдүүдэд туслая. Улаанбаатар хотын хэмжээнд орхигдсон төрийн өмчийн байгууллагуудыг цэцэрлэг болгоё гэж уриалж байна.

    Болдко бас цэцэрлэгийн ажилд бэлэн мөнгө хандивлахгүй ч будагтай нь будгаа аваад, барилгын компаниуд илүүдэл материалаа  хандивлавал Монголчууд нэг биш нэлээд олон цэцэрлэг барьж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.

    Болдкогийн цэцэрлэгт биеэр тусалж байгаа залуусаас гадна “Ээж болох бэлтгэл” хэмээх Фэйсбүүк бүлгийнхэн манай “барилгачид”-д хоол цай залгуулж байгаа бол Улаанбаатар чуулга, “Номин Холдинг” ХХК, “Түмэн Төмөрт” ХХК, “Вонажа” ХХК туслахаа илэрхийлсэн байна. “Вонажа” ХХК нь цэцэрлэгийг цэвэр бохир усны шугамд холбох сангийн ажлын гүйцэтгэхээр болсонд талархаж байгаагаа Болдко дамжууллаа. Мөн цэцэрлэгийн хандивын 20 ширхэг шилэн хайрцгийг “Талст” дэлгүүрийнхэн бэлэглэжээ. Үүгээр зогсохгүй барилгын ажил бүрэн дууссаны дараа холбоо дохиолол, камержуулалт, галын аюулгүй байдлыг хангаж өгөхөө амласан залуус ч байгаа гэнэ.

    Хүүхдийн цэцэрлэг байгуулахад тухайн цэцэрлэг нь анхнаасаа цэцэрлэгийн зориулалттай байх ёстой гэсэн шаардлагыг албаны хүмүүс тавьдаг. Мэдээж энэ нь зөв. Гэхдээ бага насны хүүхдүүд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх байдал дайны байдалтай байгаа улс орнуудаас ч хол даваад байгаа өнөөгийн нөхцөлд Болдкогийн санаачилсан төрийн өмчийн ашиглагдахгүй байгаа барилга бүрийг цэцэрлэг болгоход болохгүй зүйлгүйг асуудал хариуцсан хүмүүс нь бодож үзнэ гэдэгт итгэлтэй байна.  Нээрээ л хүн бүр өөрийн чадахаараа энэ ажилд оролцож, нийслэл хотыг, улс орныг хамарсан ажил болгож чадвал Л.Эрдэнэчимэг гишүүний ярьдаг 1000 цэцэрлэгийг барьчих ч юм билүү. Хэрвээ бид чадвал дахиж нэг ч хүүхэд өвлийн хүйтэнд гудамжаар нүцгэн гүйхгүй л байх даа.

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй