Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭГ УГТАН АВЛАА
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэ-гийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирэв. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.
Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.
ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД БАРААЛХАВ
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэ-г тусгайлан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулав. Түүнчлэн хатагтай Акиэ Абэ “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолт үзэж сонирхов.
Ч.САЙХАНБИЛЭГ, ШИНЗО АБЭ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийнхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.
САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЭЛЧИН САЙД Т.ШИМИЗҮ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Японы Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДТОЙ УУЛЗАВ
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдтой уулзаж хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар санал солилцож, Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.
ШИНЗО АБЭ-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн 2015 оны 10 дугаар сар 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т түшиглэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд Таван толгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн талууд бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт