ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол, Иран хоёр орны харилцаа 2500 жилийн өмнө эхэлсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Исламын бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын судалгаа, боловсролын төвийн гүйцэтгэх захирал Хади Солейманпоур, тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны шинжлэх ухаан хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Али Биниаз нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, Монгол Улсаас Иран улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням нар байлцлаа.

    Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Монгол, Иран хоёр орны харилцаа одоогоос 2500 жилийн өмнө эхэлсэн гэсэн шинжлэх ухааны мэдээ, баримт байдаг. Монголын тулгар төр болох Хүннү гүрний язгууртнууд 2300 жилийн тэртээ перс хивс, гар урлалын зүйл хэрэглэж байсан нь археологийн судалгаагаар тодорхой болсон. Мөн одоогоос 1500 жилийн өмнө буюу 506 онд Перс, Византи улсуудын хооронд байгуулсан эвийн гэрээг монголчуудын өвөг дээдэс Хүннү нар зуучилж байсныг батлах түүхэн баримт бий. Иран бол эртний түүхтэй орон, иранчууд бол өндөр соёл, уламжлалтай үндэстэн гэдгийг бид сайн мэднэ. Монгол, Иран хоёрт төстэй зүйл олон байдаг. Хоёулаа тодорхой хугацаанд дэлхийн бодлогыг тодорхойлж байсан. Хоёулаа их түүхтэй эзэнт гүрнүүд байсан.

    Байгаль, цаг уур, нийгэм өөрчлөгдөж байдаг. Харин хүн төрөлхтөний түүх аливаа өөрчлөлтөд өртөх ёсгүй. Түүх түүхээрээ үлдэх учиртай. Ард түмнүүдийн түүх бол аугаа, арилшгүй зүйл.

    Монголын Ил хаант улсын хаан Хүлэгийн дэргэд шадарлаж байсан Персийн Рашид ад Дин, Монголын Болд Чинсан нарын тэргүүлсэн түүхчид “Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлийг туурвисныг бүгд сайн мэднэ. Иран, Монгол хоёулаа газар нутаг томтой, ард иргэд нь авьяаслаг, махруу, хөдөлмөрч юм.

    Бидэнд энэ их түүх, уламжлалыг гээлгүй цаашид хөгжүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Ирэх 2016 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ ойд зориулж хоёр талын соёл, боловсролын харилцааг хөгжүүлж, соёлын өдрүүд харилцан зохион байгуулах гэх мэт олон ажил хийх шаардлагатай гэж үзэж байна” гээд ирэх жил Улаанбаатарт болох Олон улсын Монгол судлаачдын 11-р их хуралд Ираны эрдэмтэн, судлаачдаас оролцохыг урилаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Исламын бүгд найрамдах Иран Улсад айлчилсан юм. Энэ айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан гэдгийг уулзалтын үеэр дурдлаа.

    Энэхүү айлчлалын мөрөөр хоёр улсын Ерөнхийлөгч нар ярьж тохиролцон Монгол Улсын ШУА, Исламын бүгд найрамдах Иран Улсын ГХЯ-ны хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2013 онд байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд тусгагдсан ажлуудыг бүрэн дүүрэн, амжилттай гүйцэтгэх нь чухал бөгөөд Монгол Улсад хийж буй Ираны төлөөлөгчдийн айлчлал ч үүнтэй холбогдож байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд талархал илэрхийлэв.

    Иранчууд Монголын Ил хаант улсын Өлзийт хааны бунхныг 700 гаруй жилийн турш арчлан хамгаалж, улмаар ЮНЕСКО, дэлхийн өвд бүртгүүлсэнд мөн талархал илэрхийллээ.

    Хоёр орны шинжлэх ухаан, судалгааны хамтарсан хорооны хуралдаан болон Иран улстай хамтарч Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хийх олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ аравдугаар сарын сүүлээр болох юм. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны түүх, соёлын харилцааг шинэ шатанд гаргах нэгэн сэжим гэдгийг хоёр тал тэмдэглэж байлаа.

    Ноён Хади Солейманпоур  хоёр тал харилцаагаа шинэ шатанд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр орны эртний түүхэн уламжлал, түүх, соёлын нандин өвийн талаар Монголын шинэ залуу үеийнхэнд илүү танилцуулан ойлгуулах нь чухал болохыг уулзалтын үеэр тэмдэглэж байсан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй