Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав 9 дүгээр сарын 14-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хирээр Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулсан (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс). Монгол Улсын иргэд олноор зорчдог, оршин суудаг, Монгол Улсын нэгдэн орсон ялтан шилжүүлэх асуудлаарх олон улсын олон талт гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсуудын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5 иргэн БНЭУ-д гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл байдаг ч өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНЭУ-д болон БНЭУ-аас Монгол Улсад ял эдэлж буй иргэн байхгүй байна.
Гэсэн хэдий ч эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2015 оны 3 дугаар сард ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлжээ. Энэтхэгийн тал уг саналыг дэмжиж, ажлын шугамаар төслийг эцэслэн тохиролцсон болохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Энэхүү гэрээний төсөл нь нийт 19 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт