ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Жамсран: Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчилж догшрохоороо дийлддэггүй

    Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчилж догшрохоороо дийлддэггүй

    -Таныг элэгний аюулт өвчнөө өөрөө эмчилж эдгээсэн тухай өмнө нь домог мэл зүйл сонсчихоод их гайхаж билээ. Элэгний өвчнөөр шаналж буй хүн олон байгаа тул тантай уулзаж, зовсон хүмүүст зөвлөгөөг тань хүргэе гэж бодоод танайхыг зориод ирлээ?  

    -Би 1970 оноос элэгний өвчинтэй тэмцэж өнөөг хүргэлээ. Москвад Цэргийн дээд курст суралцахаар явахад бие минь гэнэт муудаж, Оросын цэргийн эмнэлгийн эмч нарт үзүүлтэл элэгний онц аюултай өвчин, тэр дундаа элэг ходоодны холбоо судасны өргөсөлт болсон байна гэсэн онош тавьсан. Орос эмч нар эмчлэх гэж үзээд дийлээгүй тул Болгарын эмч нарт хандахыг зөвлөлөө. Зөвлөснийх нь дагуу Болгарыг зорьж, хоёр сар хэвтлээ, мөн л эмчилж чадсангүй. Нэг өдөр германы эмч нар “Таны өвчин их хүнд юм. Бид чадлынхаа хэрээр эмчилж байна. Амь булаалдах эмчилгээ хийгээд ч дийлэхгүй нь. Та эх орон руугаа буцсан нь дээр” гэж хэллээ. Надад ч нутаг ус, эх орноо эртхэн бараадъя гэх бодол тэр үед төрж эхэлсэн байв. Германаас онгоцоор буцаж явахдаа зүүрмэгллээ. Тэгтэл ээжийгээ “Миний хүү нутагтаа ир. Эх орон, төрсөн нутаг хүнийг авардаг юм” хэмээн хэлж байгаагаар зүүдэллээ. Тэр зүүднээс хойш ээж минь намайг сүнсээрээ удирдаад байх шиг санагддаг болж, үгэнд орохоор шийдсэн. Ээж минь надад амьд сэрүүн байхдаа “Чи Хэрлэнгийн усаар угаалгаж хөхөө хөхсөн, бас Хэрлэнгийн ширгээсэн ус балгаад ухаан орсон” гэж ярьдаг байсан юм.

    -Тэр үед  “Одоо ч өнгөрчээ. Бушуухан харья” гэж яаран тэмүүлэх танд тэр зүүд их нөлөөлсөн байх аа?

    -Тэгсэн. Монголд ирээд сайд нарын зөвлөлийн эмнэлэгт хэвтэж байхдаа эмч нарт төрсөн нутгаа зорихоор шийдсэн тухайгаа хэллээ. Тэгтэл энэ тухай яриа Ю.Цэдэнбал даргын чихэнд хүрчээ. Ю.Цэдэнбал дарга “Чи буруу ярьж байгаа юм биш үү. Сайд нарын зөвлөлийн эмнэлгээс сумын төвийн эмнэлэг бараадаж, хөдөө хээр ууланд гарч зэрлэгшинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэхэд “Даргаа өндөр хөгжилтэй олон орон намайг эмчилж дийлсэнгүй. Тэгээд надад өөрийнхөө төрсөн нутагт очиж, ясаа тавья гэх бодол төрсөн юм” гэж хариулав. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “За ерөөсөө чамд онгоц гаргаж өгье. Тэгэхгүй бол чи замын явдал суудал даахгүй” гээд онгоцоор Төв аймгийн Мөнгөн морьт суманд хүргүүлсэн. Би ч тэндээс нутгаа зорьж,  Бурхан Халдун ууланд Тигр гэдэг нохой, Цагаадай хэмээх морьтой нөхөрлөн  хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж зэрлэгшиж амьдарсан. Тэр үед хүмүүс Бурхан Халдун уул савдагтай болж гэнэ гэж ярьдаг байлаа. Таньдаг нэг нь “Зэрлэг хурандаа”, зарим нь ч “Мөнгөн морьтын зэрлэг”, “Гүйдэг хар”, “Мөнгөн морьтын савдаг” хэмээн нэрлэсэн дээ.   

     

     Усанд өвчин анагаах увдис байдаг гэдэгт одоо ч эргэлзэхгүй итгэдэг

    -Та яриандаа Хэрлэн голын тухай байн байн дурдлаа. Энэ голын ус таныг өвчнөө анагаахад их тус болжээ дээ?

    -Тийм ээ. Би Хэрлэнгийн усыг рашаан гэж боддог. Ээж минь надад “Ээ дээ чи энэ яваа насандаа Хэрлэнгийн усаа битгий мартаарай. Чамайг гурав удаа аварсан юм шүү” гэж захидаг байв. Хүүхэд байхдаа би Цэнхэр мандал сумын  сургуульд сурахаар очсон байхдаа бие муудан ухаан оролгүй тав хоносон. Нэг сэрээд хартал аав маань дэргэд сууж байна. Аавд багийн дарга Тангад “хүүгийн тань бие муу байна” гэж дуулгасан тул шөнөжин явж ирсэн байв. Аав намайг ухаан орсонд их баярлаж “ Аав нь чамайг замдаа байхгүй боллоо доо” гэж бодож ирсэн. Ээж тань айхтар хүн болохоор Хэрлэнгийн уснаас гүзээний буланд хийгээд чамд хэд балгуулаарай гэж захисан юм” гэв. Аав маань ээжийн захиснаар намайг ухаангүй байхад Хэрлэнгийн уснаас хэд балгуулжээ. Тэгтэл би ухаан орсон гэдэг. Усанд өвчин анагаах увдис ид шид байдаг гэдэгт одоо ч эргэлзэхгүй итгэдэг шүү.

    -Таныг элэгний аюулт өвчнөө эдгээхдээ янз бүрийн эмийн янз ургамал түүж, тусгай жороор найруулан уудаг байсан тухай хүмүүсээс сонссон л доо?  

    -Цагаа тулахаар хүн үхэхгүй төлөө өвчинтэй, бас саад бэрхшээлтэй их тэмцдэг юм билээ. Бурхан Халдун уулнаас Мянган уулын шүүдэр цэцэг хэмээх ургамал түүж хэрэглээд эдгэрсэн түүх бий надад. Өнөө цагт ховордож, нүдний гэм болсон энэ эмийн ургамлыг хавар зургадугаар, долдугаар сард түүдэг юм. Энэ ургамал 250 төрлийн өвчнийг анагаах ид шидтэй. “Хорыг хороор анагаана” гэдэг үг бий. Энэ ургамал хортой. Товчхон хэлбэл биед учруулсан хорыг түүнээс илүү чадалтай хор болох эмээр дарж эдгээнэ гэсэн үг.  Тиймээс энэ эмийн ургамлыг тусгай жороор найруулж хэрэглэдэг юм. Мянган уулын шүүдэр цэцгийн найрлага дахь бодисын талаар дурдъя. Хелодинин алкалоид нь морфин папаверинтай төстэй өвчлөлийг дарах үйлчилгээтэй. Булчингийн агшилтыг сулруулж, артерийн даралтыг бууруулан, судасны лугшилтыг удаашруулна. Гемохелидонин бол таталдуулах хор бөгөөд биеийн тодорхой хэсгийн өвчлөл намдаана. Сангвинарин нь шүлсний булчирхайн шүүрлийг өдөөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн, нойрсуулах үйлчилгээтэй. Мөн өвчин үүсгэгч нянгын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Протропин бол савны гөлгөр булчинг чангаруулах, вегататив мэдрэлийн системийн өдөөгдлийг бууруулна. Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд энэ ургамлын бэлдмэл хэрэглэвэл савны булчин чангарч, үр зулбаж болзошгүйг анхааруулдаг. Энэ ургамалд агуулагддаг бодис нь эд эрхтэнүүдэд болон эсийн түвшинд хүрч үйлчлэхдээ эрүүл эсийг хөнддөггүй, эмчилгээ, эм  тариатай харшилдаггүйгээрээ онцлогтой.

    -Танд хэрэглэж үзээгүй эмийн ургамал ховор биз?

    - Надад идэж, хэрэглэж  үзээгүй ургамал ногоо цөөн. Хүн өөртөө эзэн, бас эмч байх ёстой гэдгийг өвчинтэй тэмцсэн он жилүүдэд мэдэрсэн. Би хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн. Өглөө бүр дасгал хийж хэвшээд 30 гаруй жил болж байна. Хүн хөшиж үхдэг болохоос хөгширч үхдэггүй юм гэдгийг өөрийн бодит амьдралаар харуулж яваа. Өдөр бүр усанд орж, усан бамбардлага тогтмол хийнэ. Биедээ усан бамбардлага хийсний дараа алчуур хэрэглэхгүй хатаадаг. Усанд анагаах түмэн ид шид бийг дээр өгүүлсэн шүү дээ. Усан эмчилгээг зөв хийвэл эрүүл мэндэд сайн. Бодисын солилцоог сайжруулж, биеийг эрч хүчтэй, сэтгэл санааг өөдрөг тайван, ажил хийх бүтээмж өндөр болгоно. Эрүүл мэндэд ургамал ногооны үнэр их нөлөөлдөг. Ховд аймагт ургадаг чийр хэмээх модны давирхайг өглөө бүр үнэртдэг юм. Хүнд амьтан их тус хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Би морь, нохой хоёртоо их дасаж, анд нөхдөөс дутуугүй нөхөрлөсөн. Ойн хөвчид өвчнөө эмчилж байхдаа би чих хатуу, нүдний хараа муутай байлаа. Нохой маань өдөр болгон миний дэргэд ирж хэвтээд нүүр, нүд, чихийг минь долоодог байлаа. Тэгж долоосны хүчинд л би сонсгол, нүдний хараа хэвийн болсон шүү.

    -Элэгний хорт хавдар удамшдаг гэж хүмүүс яриад байдаг. Танд тийм зүйл тохиолдсон юм болов уу?

    -Элэгний өвчин удамшдаг гэдэг оргүй үг биш. Миний аав, ээж, ах дүү нар бүгд элэгний өвчнөөр хорвоог орхисон.  Ардын ухаан гэж агуу гайхамшигтай зүйл шүү. Намайг бага байхад нутгийн оточ маарамба Сэрээтэр хэмээх хүн “Хүн ус, цус хоёроо хайрлан гамнаж явах ёстой юм шүү” гэж хэлж захидаг байв. Би хоёр ахтай. Том ах маань түүнээс “Хэрвээ цус алдвал яаж анагаах вэ” гэхэд “Тэр үед уулын хаан амьтан тус болно доо” хэмээн хариулж байсан нь санаанд тод үлдсэн. Олон жилийн турш элэгний өвчинд шаналж явсан надад нэг өдөр тэр өвгөн оточ маарамбын хэлж байсан үг сэтгэлд буусан. Нутгийн эрдэмтэй цөлх ухаантай хашир өвгөд “Цус алдалтыг хөвчийн хүрэн баавгай цөс тогтоодог  юм даа” гэж хэлдэг байсан нь санагдав. Баавгай уулын хаан амьтан шүү дээ Ойд найман төрлийн баавгай амьдардаг. Тэдний дундаас Цахар минжийн хүрэн баавгай онцгой.  Баавгай бид хоёр нэг нэгнээ хардаг хэрнээ нэг нэгэндээ халдаж байсангүй.

       

    Бурхан Халдун уул өвчинд шаналсан намайг ингэж харж ивээсэн юм даа

    -Танай гэрт өлгөөтэй байгаа баавгайн савар ямар учиртай юм бэ. Таны яриад байгаа Цахар минжийн хүрэн баавгайн хөл үү?

    -Намайг бие муу байхад нам засгийн нөхөд, тэр үеийн удирдагууд санаа тавьдаг байлаа. Нэг удаа Төв аймгийн Мөнгөн морьт суманд Хэрлэнгийн застав дээр байтал сумын даргын машин хүрээд ирлээ. Би ч юун хүн хүрээд ирэв гэж гайхаад асуутал Улаанбаатараас С.Лувсан тантай уулзахаар ирж байна гэж хариулав. Ю.Цэдэнбал дарга миний биеийг асуугаад “Тэр нөхрийн хийморийг сэргээж өг” гээд Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга С.Лувсан гуайг явуулсан байлаа. С. Лувсан гуай бид хоёр сайн танил. Тэрбээр надад номхон морь унуулаад, нутгийн хоёр сайн анчнаар газарчуулаад Бурхан Халдун уулын оройд гарлаа. Их сайхан өдөр байж таарсан. Тэрбээр Орост элчин сайдаар олон жил ажилласан, мэргэн бууддаг хүн байлаа. Түүнтэй ярилцах зуураа “Би өвчнөөсөө салахын тулд баавгайн цус уух хэрэгтэй байгаа юм” гэж хэлэхэд “Энэ тухай бодож ирсэн. Би зөвшөөрлийг нь өгдөг хүн, чамд бол зөвшөөрнөө. Чехэд элчинг давхар хийж байхад надад энэ винтовыг Москвад очиход бэлэглэсэн юм. Нэг ёслол хийх үү” гээд хэдэн сум тавих санаатай бууныхаа гохыг дартал гацаад дуугарсангүй. Бид уулнаас уруудаж явтал унаж явсан морь маань гэнэт цочиж үргэлээ. Хартал зүүн урдаас баавгай ирж яваа харагдав. Тэгтэл С.Лувсан гуай ч  буугаа шагайлаа. Би ч дотроо “Хөөрхий дөө дуугарахгүй буу шагайгаад баавгай унагаж дийлэх үү” гээд дотроо шоолж байтал гэнэт буу тасхийтэл дуугарч баавгай ч ойчив. Баавгай цус, цөсийг нь  тэр даруй халуун дээр нь уув. Бурхан Халдун уул өвчинд шаналсан намайг ингэж харж ивээсэн юм даа. Энэ уулын ургамал, ан амьтан намайг аварсан. Тэр үед “Улаан Од” сонины эрхлэгч байсан, хурандаа СГЗ, түүхийн ухааны доктор У. Баярмагнай миний зааварлагч байлаа. Тэрбээр Герман руу ажлаар явахдаа Ёндон сайдтай уулзахаар эмнэлэг дээр очжээ. Тэгсэн намайг эмчилж байсан герман эмч  түүнээс “Танай хурандаа Жамсран  Монголдоо очоод хэр удсан бэ” гэж асуухад тэрбээр “Өө манай хурандаа амьд сэрүүн байгаа, аюулт өвчнөөсөө салаад эрүүл болсон шүү дээ” гэхэд дуу алдаад “Хөөх ямар гайхамшигтай хүн бэ. Энэ чинь дэлхийд байхгүй туршлага байна” гэж хариулсан гэдэг.     

    -Монголд элэгний өвчнөөр олон хүн шаналж байна. Эмчилгээгүй гэсэн оноштой олон хүн аргаа бараад аврал эрж танд ханддаг биз?  

    -Нэг өдөр манайд хоёр охин ирээд мэндийн сөхөөгүй учиргүй уйллаа. Гайхаад шалтгааныг нь асуутал тэд “Манай ээжийг Сумьяа гэдэг. Элэгний өвчин нь хүндэрсэн тул эмч ээжийг минь эмчилгээгүй гэсэн.  Өнөөдрөөс хэтрэхгүй байх. Аргаа бараад таныг туслах болов уу гээд аврал эрж ирлээ” гэж байна. Тэгэхээр өөрт хадгалсан баавгайн цөс найруулаад өгч явууллаа. Тэгтэл жилийн дараа манай хаалгыг нэг хүн тогшлоо. Онгойлгоод өгтөл өөдөөс нэг эмэгтэй “Би Сумьяа гэдэг хүн байна. Таны өгч явуулсан баавгайн цөсөөр хөл дээрээ бослоо. Танд баярласнаа илэрхийлэхээр ирлээ” гээд уулзсан. Мөн Хэнтий нутгийн харьяат Энхтуяа гэх бүсгүй мөн л нэг өдөр намайг зорьж ирэв. Нөхрийг нь бас л эмчилгээгүй гэж хэлсэн учир надаас арга чарга байна уу ханийн минь амийг аврах зүйл хэлж өгөөч гэж гуйлаа. Тэрбээр миний зөвлөснөөр нөхрөө эмнэж, аварч чадсан. Энэ мэтчилэн би олон хүнд өөрийн мэдэх чадах зүйлээр тусалж явна. Би өвчинтэй тэмцэж, өөрийгөө ялж чадсан. 90 насны босго хол давж 100 руу дөхөж яваа маань дэг журам баримталж, хорт муу зуршлаас хол амьдарсантай холбоотой.

                      

                        Өвдлөө гэхэд эдгэнэ гэж итгэдэг байх хэрэгтэй

    -Ширээн дээр чинь “Аюулт өвчнийг ялж, 100 насны босго алхав”, “Миний амьдрал тэмцлийн 90 нас” зэрэг ном харагдана. Эдгээр номыг та олонд зориулж хэвлүүлжээ?

    -Би элэгний аюулт өвчинтэй тэмцэж, өөрийн эмчилгээний туршлагад тулгуурлаж эдгээсэн тухайгаа өгүүлсэн 10 гаруй ном хэвлүүлсэн. Хоёр жилийн өмнө тархинд цус харваж эмнэлэгт хэвтлээ. Өөрийн аргаар эмчилж хөл дээрээ боссон. Намайг хүмүүс одоо “Үхээд боссон хурандаа”, “Өөрийгөө анагаасан хурандаа”, “Бурхан Халдуны зэрлэг хурандаа” гэж цаашлуулдаг юм. Гурван сая төгрөгөөр хэвлүүлсэн  номоо би Улаанбаатар хотоос алслагдмал аймгийн хүмүүст хэрэг болох болов уу гэж бодоод номын сан болоод сумынх нь удирдлагуудад өгсөн. Гэтэл хөдөөгийн иргэдийн дунд элэгний өвчин газар авсаар байгаа нь аймаг, сумын удирдлага нь  нуггийнхаа олны эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй байгаатай холбоотой байх.  

     -Та эмийн ургамлын арвин цуглуулгатай. Түүнийгээ ямар өвчинд хэрхэн хэрэглэж уух тусгай жортой. Өөрийгөө эмчилж эдгээсэн эмийн ургамлуудынхаа тухай сонирхуулж яриач?

    -Бололгүй яахав. Би Мянган уулын шүүдэр цэцэг, онгол, хулангийн ундаа, хөхөөний ундаа, баавгайн цөсөөр өөрийгөө эмчилсэн. Бурхан Халдун уулын хишиг баавгайн цусыг тан байдлаар найруулж, 21 хоног уугаад, мөн цөсийг нь (ичээний баавгайн) олон  удаа найруулан ууж, цусаар бөөлжихөө тогтоож чадсан. Тиймээс өөрийн хэрэглэж байсан эмийн ургамлуудын өвчин хэрхэн анагаадаг талаар өгүүлье.  Би өвчтэй байх үедээ залуу зандан мөчир ихтэй мод тэврэн зогсож, налан хэвтэх байдлаар өвчнөө илааршуулдаг байв. Мөн газрын чийг арилахаар хөл нүцгэн явж, тэрийн хэвтэх гээд олон аргаар байгалтай шүтэлцэж амьдарсан. Байгаль эхийг хэдий чинээ хайрлаж хамгаална төдий чинээ буян болдог. Би давстай, сүүтэй өтгөн цай халуун саванд хийж уудаггүй. Цайндаа давс хийхийг  бүр татгалздаг. Харин хааяа хужир хийнэ. Халуун саванд удаан хадгалснаас урвалд орж ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлөх талтай. Хааяа сүүтэй цай уудаг ч ихэнхдээ буцалгасан ширгээсэн ус уудаг. Би усыг чандмань эрдэнэ гэж их дээдэлдэг. Булаг шанд хурын ус, нар агаар үздэг ус бол жинхэнэ чандмань эрдэнэ юм. Эрүүл саруул аз жаргалтай явахад архи, тамхи хэрэглэхгүй байх нь чухал. Миний хүнд өвчнөө ялсан гол эх сурвалжийн нэг нь архи, тамхи хэрэглэхгүй явсантай холбоотой. Идэх унтах жаргал биш. Нойрыг сэрж барахааас унтаж барахгүй. Цэвэр агаар эм, тиймээс цэвэр агаарт алх. Гар хөлөа байнга хөдөлгөж бай.” Сууж таргалахаас явж тур” гэдэг үг байдаг. Сэтгэлийн тэнхээтэй байж хүн амьд явна, аюултай гэсэн бүхнийг даван туулна шүү дээ. Хүнд итгэл, бишрэл тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөртөө итгэх итгэлээ хэзээ ч хаяж болохгүй. Өвдлөө гэхэд эдгэнэ гэж итгэдэг байх хэрэгтэй.

    Онгол буюу Чага мөөгний анагаах шид

    Онголын гол шид нь хорт хавдар, элэг дэлүү, ходоод, гэдэс уушиг, улаан хоолойн хавдар, 12 нугалаа гэдэс, савны хортой, хоргүй хавдар анагаахаас гадна тамир тэнхээ оруулах, биеийн дархлааг сайжруулж, аливаа хавдрын вирус үржих чадварыг зогсоодог. Өвчний вирусыг шимэн өтгөн шингэнээр шүүн гадагшлуулна. Би 1975 онд Хэнтий уулын их хөвч Цахир минжийн тайгаас уг онголыг анх олж номноос санаа авч бэлдмэл хийж уугаад амжилт олсон юм.

    Хулангийн ундаа

    Монголын говьд ургадаг энэ ургамлын бэлдмэлийг 100 мл-ээр өдөрт хоёр удаа 14 хоног уусан. Элэгний усархах явцыг зогсоодог  юм билээ.

    Хөхөөний ундаа

    Элэгний хавдар, элэгний усжилт, шарх эмчилдэг. Цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлж шээсний замаар өвчин хөөх, уушиг зүрхний үйл ажиллагааг дэмжих, бөөрний аливаа өвчин, цистит, савны доторх цус алдалт, шамбарам зэрэг шарх  түргэн аниулах шээс хаагдах гэмийг засаж, судасны сүв нээнэ.

    Баавгайн цөс

    Судасны сүвийг боож, цус алдалтыг зогсоох, шарыг дарах, хараа сайжруулах, шинэ мах төлжүүлдэг тул хамраас цус гарах, цусаар суулгах, нүдний дотор цус хурах өвчлөл эмчлэхэд ач тустай. Түүнчлэн ходоод, элгэнд бэтэг тогтож, цөс гадагш цалгиж, цөсний ам алдран шараар бөөлжих, суулгах зэрэг өвчинд бусад эмийн ургамалтай хавсран хэрэглэх жортой. Энэ мэтчилэн Их тан-25 (зэрлэг гахайн цус оролцуулан) Наран мандал, Ванлаг-37 зэрэг тан өөрөө найруулан хэрэглэж эмч, оточ нартай санал бодлоо хуваалцаж дэмжлэг авч гайхалтай үр дүнд хүрсэн шүү. Хавдар тусаад эмчилгээгүй гэж хоногоо хүлээж байсан хүн ч надаас тан, баавгайн цөс авч уугаад илааршиж олон жилээр насаа уртгасан тохиолдол нэлээд бий.

    -Хэвлүүлсэн номнуудаас чинь “Хавдрыг эмчлэхдээ аймаар, ичмээр, сэжиглэмээр зүйлүүдийг хэрэглэсэн хүний яриа” гэх ном сонирхлыг минь их татлаа. Та энэ номондоо тэр бүх зүйлээ дэлгэрэнгүй бичсэн үү?

    -Тийм ээ. Миний хувьд өвчнөө ялна гэж шантрахгүй тэмцсэн. Эр зориг, өөдрөг сэтгэл минь намайг аварсан юм шүү. Элэг хэмээх эрхтэн хүсэл таашаал, гуниг санаашралыг хамгийн түрүүнд мэдэрч эмзэглэдэг. Би одоо ингээд өнгөрчээ гэсэн бодолтойгоо эвлэрсэн бол сэхэхгүй байсан болов уу.  Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчинд өртөж догшрохоороо дийлддэггүй эд. Өөрийгөө эмчлэхийн тулд аймаар, ичмээр, сэжиглэмээр зүйлүүдийг хэрэглэсэн дээ. Баавгайн цөс, чоно, могойн мах, хар хорхой, чийгийн улаан хорхой гээд таарсан бүхнээ идэж үзсэн. Залгих, чанах зэрэг олон аргаар хэрэглэсэн. Би өөрийгөө ямар архаг өвчтэйг эхэлж судалсан. Эр зориг гаргаж өвчинтэйгээ тэмцээгүй бол аль хэдийнэ тэнгэрт одсон байх байлаа. Тиймээс зэрлэгшиж явсан намайг хүмүүс үхэж босоод, дахиж амьдарсан хүн гэж ярьдаг юм. Би уулын хүн болж хэдэн жил амьдрахдаа мал, амьтан дотроос морь, нохой шиг үнэнч хань байхгүйг мэдэрсэн. Өдрөөс өдөрт өвчин зовлонгоо мартаж эрүүлжихээр байгаль хүн хоёр хүйн холбоотой гэдгийг сайн ойлгосон. Инээж, баярлаж явбал өвчин илааршиж, нас уртасдаг юм билээ.

    Халгай

    Би өвдсөн цагаасаа хойш халгайг өвөл зунгүй хэрэглэсэн. Одоо ч хэрэглэдэг хэвээрээ. Халгайгүй хоол идэхээ больсон. Хамгийн элбэг ургадаг энэ ургамлыг мэдэхгүй хүн байхгүй хэрнээ түүний ид шидийг мэдэж хэрэглэдэг хүн тун цөөн байдаг нь харамсалтай. Халгайг төмс, байцаа болон бусад хүнсний ногоо шиг идэж хэрэглэж болно. Тэдгээрээс шим тэжээл, витаминлаг чанараараа хол давуу юм. Халгай нь элэг цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод шулуун гэдэсний  салстын үрэвсэл, шээс  задгайрах, эмэгтэйчүүдийн савны өвчин, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, гэдэс гүйлгэх зэрэг өвчин анагаадаг. Мөн дотор хаванг арилгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн тамир тэнхээ сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, цусаар шээх, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад хэрэглэнэ. Үс уналтыг зогсоох, өнгийг нь сэргээх гялалзсан сайхан болгох, үсээ урт ургуулах зэрэгт халгайн ханд хамгийн үр дүнтэй. Халгайн навчийг хатааж, аяга буцалсан усанд хийж битүү жигнэж тавина. Хоёр цагийн дараа идээшмэлээс хөвөнд шингээн хуйхандаа түрхэхэд хаггүй уян зөөлөн өнгөлөг үстэй явна. Долоо хоногт хоёр удаа түрхэнэ. 0,5 грамм шинэхэн халгай, 10 грамм алтан хундага цэцэг хоёрыг  0,5 литр буцалсан усанд хийж битүү жигнээд дээрх хугацаагаар байлган хуйх болон арьсныхаа ил хэсгүүдэд түрхээд үзээрэй. Энэ бэлдмэлд арьсыг  өнгөлөг, уян хатан болгох гайхамшигтай ид шид нуугдаж байдаг. Халгайн хандыг бүх ужиг, хууч биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд дараах хоёр аргын аль нэгийг сонгож хэрэглэнэ.

    -Аяга халуун усанд амны том халбагаар халгайн нунтаг навч хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна.

    -200 грамм навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар хонуулна. Маргаашнаас нь харанхуй газар найм хоног хонуулж сайн зайлаад навчийг нь шүүж авна. Гарсан уусмалыг өглөө өлөн элгэн дээрээ унтахаас өмнө тус тус цайны халбагаар нэг ууна. 50 гр ийм уусмалыг гурван долоо хоног уухад хүний бие эрч хүчтэй болдог. Тэр тусмаа хаврын шинэ халгайн шүүс нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд илүү үр дүнтэй байдаг юм. Халгайгаар ядаргаа тайлах, витамины дутагдал, бусад олон шалтгаант өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халгайн  шөл, зууш, цай хийж хэрэглэх нь нэн тустай. Хог хаягдлаар бохирлогдоогүй газраас зургадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай шим тэжээлтэй. Түүсэн халгайгаа бүлээн усаар хоёроос гурван удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсхүл давслан даршлах байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно. Зөвхөн хатаасан нунтаг халгай нэгээс хоёр литр байхад нэг өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангана. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн турш витамин С-ээр дутахгүй байх бололцоотой. Энэ хэмжээний халгайг нөөцлөхөд халгайг хугацаанд нь түүж боловсруулалт хийнэ гэсэн үг. Шөлтэй хоолонд аягандаа нэг жижиг халбага хуурай халгай хийж идэхэд шөнөдөө нойртой хононо.

    Ягаан цээнэ

    Халуун ханиад, ханиалгах, уушигны янз бүрийн өвчин, цэр ховхлох, бөөрний өвчин, шээс задгайрах, ходоодны шархлаа, ходоод, бүдүүн гэдэсний үрэвслийн өвдөлтийг зогсооно. Мэдрэлийн өвчнийг тайвшруулах хөгшрөлтийг удаашруулах зорилгоор хэрэглэнэ. Хорт хавдрын эм хийхэд, толгой өвдөхөд, ходоодны хүчлийг нэмэгдүүлж хоолны шингэц сайжруулахад хэрэглэнэ. Найм, есдүгээр сарын эхээр түүж хатаагаад хэрэглэвэл зохино.

    Таван салаа

    Шовгор үзүүртэй таван салаа нь ходоодонд, харин мөлгөр навчтай нь гадуур хаван хавдарт сайн. Их таван салааны шинэ навчны шүүс нь нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх эдгээнэ. Ханд нь тайвшруулах болоод артерийн даралт буулгана. Бас цус тогтоох, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ. Идээ бээр цэвэрлэнэ. Арьсны янз бүрийн өвчин, яр шарх, хатиг, давсаг зэрэгт угаах шавших зайлах зэргээр хэрэглэнэ. Мөн ходоод болон бөөрний архаг өвчин амьсгалын замын өвчинд сайн.

    Сөд өвс

    Ардын эмнэлэгт хийсэн судалгаагаар элэгний архаг үрэвсэл, цусан суулга, идээ бээр, шар ус, уушигны өнгөр цус хатаах, бөөр савны өвчин, яр шарх, цөсний гэрийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг гэдэсний талын өвчинд тустай. Найм, есдүгээр сарын эхээр үндэс, иш, цэцэг зэргийг нь түүж, сүүдэр газар хатааж хэрэглэнэ.

    Нохойн хошуу

    Нохойн хошууг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Дараах өвчин эмгэгийн нохойн хошууны тусламжтайгаар анагаадаг. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч судас хатуурхаа болино. Нойр муудвал хонины гоньдыг нарийн талхлан ургамлын тосонд хуурч хөлийн уланд шавж эмчилдэг. Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан хоолны таван халбагыг  нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина. Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагдсан. Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана. Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна. Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно. Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр, арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана. Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.

    Чийрийн давирхай

    Монгол хүний биед нэн тустай энэ чухал эмийн ургамлыг өөрийн биеэр хэрэглэж ач тусыг нь мэдэрсэн юм. Гол нь амьсгалын замын болон мэдрэлийн талын өвчинд тустай. Даралт ихэссэн үед нунтаглаад хамрын тамхи, гаансанд нэрэх байдлаар татаж болдог. Товчхон хэлбэл амьсгалын замын өвчин, мэдрэл, үе мөч, элэгний талын өвчинд хэрэглэдэг олон төрлийн эмийн найрлагад ордог тул манай эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалж олонд хүргээсэй. Миний мэдэж байгаагаар монгол орны ганцхан цэгт багахан газар ургадаг ургамал билээ.

    Хус модны нэрмэл

    Хус модны хуучин үйсийг тусгай аргаар нэрж гарган авдаг. Миний хувьд цагаан мах гарах өвчнийг энэ бэлдмэлээр эмчилсэн. Түрхэх, утах аргаар хялбархан эмчилж болдог юм. Мөн нүүрэн дээр гарах яр шархийг эмчилж болдог ид шидтэй.

    Чацаргана

    Чацаргана элэг дотрын өвчин тэр дундаа ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, гэдэсний  гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжүүлэх, элэг уушигны аливаа шархийг засахад сайн чанарын эмчилгээ болдог. Би өөрийн ажиллаж явсан Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Донойн хөндийн чацаргана, Хэрлэнгийн голын хөвөөнд ургуулж буй Ч.Юра хэмээх хүний тарьж ургуулсан чацаргана жимс амтархан идсэн дээ.

    Гоёо

    Гоёо хорт хавдрыг эмчлэх увдистай. Гоёо нь улаан, цагаан хоёр янз байдаг. Улаан гоёо нь намар газрын хөрсөнд гүн нуугдаж өвөлжөөд, хавар дахин ургаж ханш нээгдэх үеэр бие гүйцэн толгой нь уушигны өнгөтэй болно. Их хурын улирлаар цухуйгаад зуны улирал эхэлмэгц цэцэглээд тэр чигтээ өтөлнө. Улаан гоёо эхүүн, амтлаг, гашуун гурван төрөл бий. Улаан гоёог намар, өвөл малтаж авна. Энэ нь халуун бүлээн чанартай, хий шар бадганыг дарах үйлчилгээтэй. Мөн ходоод гэдэсний архаг үрэвсэл, зүрх, уушиг, шүд зэрэг олон өвчин анагаадаг. Бас эхэн үедээ яваа хорт хавдрыг ч эдгээдэг.

    Зуун наст

    Зуун настын ид шидийг биеэрээ үзсэн билээ. Энэ ургамлыг хатааж нунтаглан усанд найруулан төрөл бүрийн харшил, арьсны янз бүрийн өвчин, үлд, түлэгдсэн болон бусад янз бүрийн яр шарх, сэтгэл санааг тайвшруулах, хүүхдийн унадаг өвчинд хэрэглэнэ. Мөн үс угааж, нүд арчиж болно. Шүд хорхойтвол аруу 1-2 граммыг нунтаглаад урьдаар давсаар шүдээ арчиж, дахиад угаасны дараа шүдэн дээрээ бэлдмэлээ тавина. Цустай цэрээр ханиавал аруугийн шинэ навч 15-30 граммыг цэвэрлээд усанд дэвтээж нялцгай хэсгийг гарган усыг буцалгаж ууна. Бас хатаасан цэцэг 9-15 граммыг усанд буцалгаж ууна. Машинд бөөлждөг бол өглөө нь хальсалсан түүхий аруугийн навч 3-9 граммыг иднэ. Зуун настын шүүс нь ходоод гэдэсний өвчинд бодисын солилцоог идэвхжүүлэн, хоолны шингэц сайжруулахаас гадна элэг, цөс, бөөр, зүрх, эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдарт ууна. Таван настай зуун настын жижиглэсэн хэсэг 150 граммыг сайн чанарын 250 грамм зөгийн бал, 350 гр усанд үзэмний чангаруулсан архийг нийлүүлж, сайн хутгаад харанхуй сэрүүн газар 5-7 хонуулаад уугаарай.

                                                                                                          Г.Батцэцэг

    Үргэлжлэл бий.

    Дараагийн дугаарт Ж.Жамсран гуайн ээдрээт амьдралын түүх, элэгний аюулт өвчнөө эдгээхдээ хэрэглэсэн “нууц жор”-ын тухай өгүүлнэ.  

     

     

          

                   

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй