БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /9-р сарын 3/ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ оролцож байгаа нь хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна.
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр , Эрхэмсэг ноён Даргатай энэ онд дахин уулзаж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний парадад Монголын цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаад сэтгэл хангалуун байна гээд чөлөөлөх дайнд оролцож байсан Монголын ахмад дайчидаа хүлээн авч уулзсан тухайгаа дурдлаа.
Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол,Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол хүчин зүйл болохыг дурдаж цаашид улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улсын “Талын зам” санаачлагыг Хятадын “Торгоны зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцолж, Монголоос малын махан бүтээгдэхүүн экпортлох асуудлыг нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ уулзалтын үеэр Си Зиньпин дарга илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ирэх онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархлаа илэрхийлээд тус уулзалтад Си Зиньпин даргыг оролцоно гэдэгт найдаж байна гээд мөн 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авсан Хятадын Засгийн газар болон ард түмэнд баяр хүргэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт