Герман улсад төрсөн, XX зууны хамгийн алдартай моделиудын нэг Клаудиа Шиффер өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд 45 нас хүрлээ.
Тэрбээр хуульч аавын гэр бүлд 1970 оны наймдугаар сарын 25нд төрсөн юм. Бага байхдаа Клаудиа маш өндөр хүүхэд байсан учир үүнээсээ ихэд ичдэг байв. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөн хуульч болохоор зорьж байсан ч 1987 онд нэгэн шөнийн клубт модель шалгаруулах тэмцээний үеэр Метрополитан Модел агентлагийн захирал түүнийг олж харж моделиор ажиллах санал тавьснаар түүний амжилтын их замнал эхэлжээ. Маш өндөр, ичимхий бүрэг байсан тэрбээр моделиор хэзээ ч сонгогдохгүй, сонгогдсон ч тэр хүмүүс алдаа гаргасан байж таарна хэмээн дотроо бодож байсан гэдэг.
Гэхдээ ямар ч алдаа гарсангүй. Клаудиа Шиффер 1990-ээд онд тухайн үеийн супермоделиуд болох Наоми Кембпелл, Синди Кроуфорд, Кристи Турлингтон, Линда Эванжелиста нартай мөр зэрэгцэн загварын түүхэн дэх хамгийн агуу моделиудын нэг болж нэрээ мөнхөлж чадсан юм.
Үүний дараа тэр 1989 онд найз нөхдийнхөө зөвлөсөнөөр Парис хотыг зорьсон бөгөөд очоод удалгүй Францын Elle сэтгүүлийн нүүрэнд гарч, 1990-ээд оны үед Guess брендтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлэв.
Paul Marciano буюу Guess брендийн ерөнхий дизайнер, үүсгэн байгуулагч E! сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа: "Клаудиа Шифферийн оролцсон сурталчилгаа Guess брендийн нэр хүндийг дэлхийн хэмжээнд хүртэл өсгөсөн" хэмээсэн байдаг. Клаудиа 180 см өндөр 60 кг жинтэй биеийн харьцаа 94-61-91.5 см.
Хувийн амьдралын тухайд Клаудиа Bon Jovi хамтлагийн гитарчин Richie Sambora, Монакогийн хунтайж Хоёрдугаар Алберт, дуучин Peter Gabriel нартай нэр холбогдож байв. Тэрбээр алдарт илбэчин Девид Копперфилдтэй 1994 онд сүй тавиж зарим шоунуудад нь оролцдог байсан ч 1997 онд тэд салсан юм.
Клаудиа 2002 онд кино найруулагч Tim Jefferies-тай гэрлэж өнөөг хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд тэд гурван хүүхдийн эцэг эх юм.
Клаудиа өнөөг хүртэл хувцас загварын ертөнцөд 25 гаруй жил тууштай ажиллаж байгаа ба дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр хэд хэдэн удаа тодорч байв. Мөн хамгийн үнэтэй тансаг брендүүдийн нүүр царай болж байснаас гадна 500 гаруй удаа загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт