Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.12/ хуралдаанаар Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Комиссын даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Орлогч даргаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүүг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар нарыг багтаахаар тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, эсвэл түүний орлогчийг, мөн Хүний эрхийн үндэсний комисс, Монголын өмгөөлөгчдийн холбооноос төлөөлөл оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан бөгөөд энэхүү саналыг тусган тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт