Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож, энэхүү түүхэн өдөрт зориулсан баярын хурал "Шангри Ла" зочид буудалд боллоо.
Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын ардчиллын 25 жил: Ололт амжилт, туршлага сургамж” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр илтгэлийнхээ эхэнд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн бүхэн ардчиллын баатрууд. Монгол түмэн минь хүй элгээрээ ардчиллын баатрууд юм гээд нийт Монголын ард түмэндээ анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Мөн Монголын ардчиллыг анхны өдрөөс нь тууштай дэмжиж, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санаа, зохион байгуулалт, арга туршлага, хүний нөөц бүхий л талаар тусалж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийг төлөөлж баярын хуралд ирсэн төлөөлөгчдөд Монгол Улсын ард иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
25 жилийнх нь ойг тэмдэглэж байгаа энэ баярын ач холбогдол нь Монголчууд сүүлийн 300 гаруй жилд анх удаа өөрсдөө, хэнээс ч хамааралгүйгээр өөрийн хөгжлийн замаа сонгох, өөрсдөө төр улсаа төвхнүүлэх бололцоотой болсонд, Монголын төр улсын бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын баталгаа бий болсонд оршиж байгаа юм. Ийм ч учраас Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгох шийдвэрийг энэ ойн босгон дээр гаргаснаа дуулгалаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын ардчилал, түүний ололт амжилтыг өөрийн тавьсан илтгэлдээ дурдахдаа
Харин Ардчилсан сонгууль, түүний түүхэн ч холбогдлын талаар:
1990 оны анхны ардчилсан сонгууль нь: нэгд, Монголын анхны ардчилсан чөлөөт сонгууль байснаараа, хоёрт, чөлөөт сонгууль, ардчилалд монголчуудыг сургах анхны том сургууль болсноороо, гуравт, нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн үйл явц дахь улс төр, ардчиллын чиг шугамыг тууштай хамгаалан хөгжүүлэх үндсэн арга байснаараа, дөрөвт, сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин улс төрийн тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснээрээ, тавд, Монгол улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих бодит боломжийг олгосноороо, зургаад, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулж чадсанаараа, долоод, сонгуулийн хууль тогтоомжийг олон улсын нийтлэг жишгийн дагуу боловсруулах анхны эхлэл байснаараа, наймд, ардчилсан тогтолцооны үеийн сонгуулийн байгууллагууд хэрхэн ажиллах анхны туршлагыг хуримтлуулснаараа, есд, ардчилал жинхэнэ утгаараа нийгмийн амьдралд бодит зүйл болж, улсынхаа бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан зэрэг олон учир шалтгаанаар Монголын улс төр, ардчиллын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал юм гэж дүгнэлээ.
Мөн өнгөрсөн 25 жилд хуримтлуулсан туршлага, алдаа оноондоо тулгуурлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх цаг болсон гээд УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллана гэж хэллээ.
“Би Монголд төрсөн юм” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг биднийг хүлээж байна. 2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлооё. Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 25 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж ухрах бус, туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэлдээ дурдлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт