Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан энд хуран цугларсан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье!
Монголын ард түмэн 25 жилийн өмнө буюу 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын 430 депутатыг сонгох болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт, ардчилсан сонгуульд оролцсон юм. Энэхүү сонгууль Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгож, Ардын Их Хурлын депутатыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч пропорциональ тогтолцоогоор сонгосон юм.
Энэ сонгууль 1990 оны цагаан морин жил өрнөсөн Монголын ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд монгол хүн сонгох, сонгогдох эрхээ анх удаа эдэлсэн түүхэн өдөр байлаа. Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийг боловсруулж, 1992 онд Ардын Их Хурлаар батлуулсанаар төр засгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улс зах зээлийн эдийн засаг бүхий шинэ нийгмийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орсон түүхтэй.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өөрийн бие даасан хуулийн дагуу тус бүр 6 удаа зохион байгуулагдсан.
2012 оны Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль шинэчлэгдэн батлагдсан хуулийн дагуу эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдаж анх удаа сонгогчийн санал авах, тоолоход сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл ашиглаж, сонгогчийг хурууны хээгээр нь бүртгэх, гадаад улсад байгаа иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж чадлаа.
Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, уламжлалттай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж байгаадаа баяртай байна. Тийм ч учраас Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд 5 орны 70 зочид төлөөлөгчид оролцож байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай, ноёд та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Та бүхний эрүүл мэндийн төлөө,
Та бидний цаашдын хамтын ажиллагааны төлөө,
Чөлөөт ардчилсан сонгуулийн ололт амжилтаа улам бүр бататгахын төлөө энэхүү сүүг өргөн барьж байна. Сүү өргөж байгаа учир нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны нэгдсэн чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон учраас архи бус харин сүү өргөж байна. Та бүхэнд амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт