ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Нямдорж: АН-ынхан өрийн босгыг нэмэх гэж МАН-ыг засагт урьсан

    Ц.Нямдорж: АН-ынхан өрийн босгын хэмжээг нэмэх гэж МАН-ыг засагт урьсан

    -Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдэж, засагт хамтрах асуудлыг би эсэргүүцэж байсан. Мега төслүүдийг АН-ынхан өөрсдөө гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг АН-ынхан ахалж байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар хуулийн төсөл бэлэн болоогүй байна. Тиймээс АН-ынхан өрөөлийн бус өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. АН-ынхан өрийн босгын хэмжээг нэмэх гэж МАН-ыг засагт урьсан. Үүнийгээ ч хийсэн. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, газар шороогоо ухах зорилгоо ч бас биелүүлсэн. Өөрсдийн зорьсон бүхэндээ хүрчихээд, буруу бүхнийг МАН руу чихэж, түүгээр шалтаглаж, засгаас хөөх оролдлого хийж байна. Үүнийг хэн ч ойлгоно. Зөвшилцлийн гэрээнд заасны дагуу Сонгуулийн хуулийг батлахгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь худлаа. Хууран мэхэлж хамтарсан Засгийн газрыг байгуулаад, МАН-аар бамбай хийж Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Одоо хэрэгцээ нь дууссан учир яаж засгаас гаргах вэ гэдгээ л бодож байгаа. АН-ынхан хэзээ төрийн албан хаагчдыг хамгаалдаг болчихов. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхи болсон даруйдаа төрийн албан хаагчдыг халж, төрлийн алба болгосон. МАН-ын Засгийн газрын үед ажиллаж байсан гэсэн шалтгаанаар халсан. Төрийн албаны 25 дугаар зүйлийг илт зөрчиж, яамдын Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Намайг Хууль зүйн сайд байхад ажиллаж байсан төрийн албан хаагчдаас нэг ч хүн үлдээгүй. Төрийн албанд ажиллаж байгаагүй, ах дүү, хамаатан садан, танил талынхаа хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Төрийн албан хаагчдад хайртай байсан юм бол 2012 онд хууль зөрчихгүй байх хэрэгтэй байсан юм. Өөрсдийнх нь чадваргүй хүмүүс ажлаас чөлөөлөгдөж байгаа учир уурлаж байна. Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж байна гэдэг нь худлаа. Нийгэм, эдийн засгийн байдлыг элгээр нь хэвтүүлсэн. Гурван жилийн хугацаанд улс орныг хүнд байдалд орууллаа. АН-ын рейтинг ард түмний дунд байтугай, гишүүдийнх нь дунд навс унасан. АН-ын жирийн гишүүнд намын ялалт ямар ч хамааралгүй.

    Ч.Хүрэлбаатар: Учир байдлаа хэлээд хоёр тийшээ салаад явчихвал хүмүүст ч ойлгомжтой

    -АН-ынхан хэрвээ хамтарч ажиллаж чадахгүй байсан юм бол анхнаасаа яах гэж уйлан дуулан гуйсан юм. Хамтрах хүсэлт тавих шаардлагагүй байсан. Манай бүлгийн хурал дээр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед Ерөнхий сайдаар томилогдож байсан Ч. Сайханбилэг нар орж ирээд л гуйсан шүү дээ. Тэр битгий хэл манай намын Бага хурал хуралдаж байхад Ерөнхий сайд дахиад“хайрын захиа” илгээж байсан. Энэ дээр нэг харамсалтай зүйл ажиглагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр МАН, АН хоёр хоёулаа улс төрийн дадлага, туршлагатай хүчин. Тэгэхээр АН өөрсдөө нөхцөл байдлаа дүгнэж үзээд тодорхой шийдэл гаргаж байгаа бол бодит үнэнээ хэлчих хэрэгтэй. Муур хулгана болж цаана наана болж нэг нь хөөж нөгөөх нь хөөгдөж байгаа юм шиг ойлгомжгүй байдал үүсгэх шаардлага байхгүй шүү дээ. Аль аль нь засгийн эрх бариад, улс орны хүндхэн ачааг аваад үүрээд үзсэн туршлагатай хоёр нам. Тийм учраас байдлаа хэлээд хоёр тийшээ салаад явчихвал хүмүүст ч ойлгомжтой. Хий хоосон улс төр явахгүй болно. Тэгээд ч улс төрийн том соёл бүрдэнэ гэсэн бодол надад бий. Та бүгд сайн санах байх. 2013 оны төсвийн гүйцэтгэл гарсан. Одоо бид2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Өмнө нь хоёр жилийн хугацаанд эдийн засгийн байдал сайн байна, болж, бүтэж байна. Ард иргэдийн амьдрал сайжирч байна, улс орон хөгжиж байна гэдэг яриаг тасралтгүй хийж байсан. Тэгвэл одоо Засгийн газартай хамтарснаараа нөгөө ард түмнээс нуугаад байсан тоо баримтууд олон нийтэд ил болсон. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр үнэхээр санхүүгийн өнөөгийн байдлыг бодитоор мэдэрч байж бид шийдвэр гаргах ёстой. Оношоо зөв тавиад зөв шийдвэр гаргаад явбал эдийн засгийн хямралыг давах бүрэн боломжтой. 2014 оны төсвийн гүйцэтгэлээс харахад эдийн засаг маш хүнд байгаа нь харагдаж байна.

    Б.Чойжилсүрэн: Бид зууралдаад байх шаардлагагүй. Харин АН хариуцлагаа үүрэх л хэрэгтэй

    -АН-ынхан анхнаасаа засагт хамтарч ажиллах хүсэлтийг манай намд тавьсан. Тухайн үед эргэлзэж байсан гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар эдийн засаг хүндэрсэн байсныг бид ойлгож байсан. Улс төрөө бодсон бол МАН энэ Засгийн газарт хамтрах нь дэндүү утгагүй зүйл байсан. Харин бид улс орноо бодсон учраас Засгийн газарт ороод хамтарч ажилласан. Зургаан сар орчим хамтарч ажилласан байна. Харамсалтай нь ингэж хамтарснаас хойш ард иргэдийн хүсэн хүлээж байсан үр дүнг бид гаргаж чадахгүй байна. Энэ шийдлийн Засгийн газар нэлээд сул дорой, үлбэгэр, санаачлагагүй, голдуу шоуны хэлбэрээр“Бид ийм юм хийнэ, тийм юм хийнэ” гэсэн хоосон амлалтаар ажиллаж байна. Яг ажил хэрэг болж байгаа юм харамсалтай нь маш бага. Тиймээс АН-ын зүгээс МАН-ыг засгаас гаргая гэхэд хоргодоод, зууралдаад байх шаардлага алга. Ерөөсөө хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа АН-тай шууд холбоотой. АН-ын өнөөгийн нөхцөл байдал, улс орны амьдралд үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлэх үнэлэмж нь манай намын үнэлэх үнэлэмжээс хол зөрж байна. Нөхцөл байдлаа зөв оношлохгүй байгаад байвал энэ хүндрэл улам цаашаа явна. Сүүлийн үеийн эдийн засгийн холбогдолтой ард түмний амьдарлыг дээшлүүлэх бизнесийн шийдлүүд орж ирэхдээ дандаа хэт нэг талыг барьсан, ард түмнийхээ эрх ашгийг орхигдуулсан шийдвэрүүд гараад байгаа учраас УИХ дээр гацаад байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гаргая гэж байгаа бол гараад л явъя. Харин2012 оны УИХ-ын сонгуулиар арай олуулаа болсон юм бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Ард түмэндээ амласан сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хэрэгтэй. АН амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэдгийг л хэлье.

    Ж.Энхбаяр: Эрх барьж байгаа хүчний бодлого тодорхойгүй байна

    -Парламентын засаглал гэж юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Парламентын засаглал гэдэг нь бид ард түмнийхээ төлөөлөл болоод сууж байгаа. Сонголтын үр дүн хоёр хувилбартай болоод гарчихсан. Нэг хэсэгт нь хяналт тавь гэдэг үүрэг өгчихсөн. Эрх баригчид нь эрхийг нь өгсөн. Өнөөдөр нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдлаас болж улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа. Төрд итгэх олон түмний итгэл суларлаа. Цаашлаад парламент өөрөө сонгодог утгаараа парламент ёсоо хэрэгжүүлж чадахгүйтэй холбоотой буюу хяналтгүй үйл явц яваад байна. Сөрөг хүчний байр суурь харагдахгүй, Засгийн газар буюу эрх барьж байгаа хүчний бодлого тодорхой биш, хар цагаан нь ялгараад өнцөг гарч өгөхгүй болохоор нийгэмд ийм нөхцөл байдал үүсээд байна уу даа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр сонгууль болтол бүтэн жилийн хугацаа байна. Нэгэнт олон түмний сонголт учраас АН ачаагаа үүрээд явах хэрэгтэй. Харин МАН олон нийтийн сонголтын дагуу хяналтаа тавиад сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явбал энэ парламент ёс бэхжихэд их чухал. Ийм маягаар удах юм бол бид парламент ёсоо үгүйсгээд, олон түмэн парламентад итгэх итгэлээ алдаад, засаглалын өөр хувилбарт шилжих байдал үүсч болзошгүй болчихлоо. Өөр хувилбар гэдэг нь бид хаантай болох асуудал гарч ирж болзошгүй. Эсвэл Ерөнхийлөгчийн хатуу засаглал руу орох асуудал гарч ирж магадгүй. Өнөөгийн нөхцөлд эрх баригч сөрөг хүчний үүрэг дээр ард түмэн хоёр талын мэдээллийг зөв авч байх хэрэгтэй. Санаачилга АН-д байгаа. АН-ын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж байгаа. Оруулж ирсэн олон санаачилга, асуудлууд нь намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжлэг авахгүй байгааг бид харж байна. Энэ бол олон түмний нүдэн дээр болж байгаа асуудал. Тавантолгойгоос эхлээд. Энэ мэтэд МАН-д нялзаагаад байх асуудал бага л харагдаад байгаа юм.

    Эх сурвалж: MAN.mn М.ӨНӨРЖАРГАЛ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй