ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг яаж хийлгэх вэ

    Яагаад даалгавар хийх, хичээл давтах нь чухал вэ гэдгийг мэдсэн, өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлсон хүүхдүүд энэ давааг амархан туулдаг. Хүүхдийн нас, анги, оюун ухааны чадамж, ур чадвар, сонирхлоос хамаарч гэрийн даалгаврын хэмжээ, хийх хугацаа өөр өөр байна. Гэрийн даалгавраа олон цагаар хийх нь чухал биш бөгөөд тухайн цагт үр бүтээлтэй хийж гүйцэтгэх аргыг багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд эзэмшүүлэх нь чухал. Тухайлбал, багш гэрийн даалгавар өгөхдөө сурагчдаас юу хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, тэдэнд юу хийх ёстойг нь хэлж өгөх хэрэгтэй. Харин эцэг эхчүүд хүүхдээ даалгавар хийхэд нь хянах, тухайн даалгаврыг хийхэд нь урамшуулж, эелдгээр шаардаж, хамтран ажиллах нь зүйтэй. Хүүхдэдээ гэрийн даалгавар хийх орчныг нь хамгийн түрүүнд бүрдүүлж өгөөрэй. Та бүхэн хүүхдээ шалгах, дэмжих ажлаа түүнд хичээл хийхийг дадал болтол нь үргэлжлүүлэн хийгээрэй. Загнаж шийтгэх нь тийм ч сайн арга биш.

    Түүнчлэн эцэг эх, багшийн зүгээс сурагчид аливаа үүрэг даалгаврыг цагт нь бие даан гүйцэтгэх нь хүнд байх ёстой чухал чадваруудын нэг гэдгийг тайлбарлаж, амьдрал дээрх бодит жишээн дээр тайлбарлан ярьж болно шүү дээ. Даалгавар хийх орчин хүүхдэд хэрэгтэй. Гэрэл, дуу чимээний хувьд тохиромжтой байх ёстой. Хэрэв хүүхдэд тусгай өрөө гаргаж өгөх боломжгүй бол гэрийнхээ аль нэг буланг гэрийн даалгавар хийхэд тохиромжтой байдлаар тохижуулж өгөөрэй.

    Хүүхдийн сонирхол, дуртай зүйлсийг хориглох хэрэггүй. Ялангуяа бага ангийн сурагчдын хувьд тоглох дуртай учраас тоглох цаг, хичээл хийх, давтах цагийг зөв хуваарилах ёстой. Хичээл давтах цагийг хүүхэдтэйгээ ярьж тогтоох нь зүйтэй. Таны хүүхдэд ямар давуу тал, сайн чанарууд байгааг олж мэдээрэй. Хүүхдээ урамшуулж, урам зориг өгснөөр хүүхэд тань өөртөө итгэлтэй болж улмаар амжилт гаргана гэдэгт та итгээрэй.

    Дараах алхмуудыг хий

    Нойр

    Унтах цагтаа хангалттай сайн амарсан бол хичээл хийхэд сайн талтай. Унтахаасаа өмнө уншсан ном, хийсэн хичээл нь тархинд сайн тогтдог.

    Хооллолт

    Хүүхэд зөв хооллосоноор өөрт хэрэгтэй амин дэмээ авдаг. Ялангуяа хичээлдээ явахын өмнө өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Энэ нь хүүхдийн сурлагад нөлөөлдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон.

    Сэтгэл санаа

    Хүүхдийн сурлагын амжилт, гэрийн даалгавраа үр дүнтэй хийх нь гэр бүлийн харилцаа, тэр дундаа эцэг эхийн хоорондын харилцаа, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг зэргээс хамаардаг. Аливаа зүйлд санаа зовох нь суралцах үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

    Хичээл давтахад тохиромжтой цаг

    Хамгийн үр өгөөжтэй цаг бол өглөө эрт давтах юм. Өглөөгүүр ухаан санаа сэргэлэн байдаг. Уншсан, давтсан зүйл ой санамжинд илүү бат үлддэг. Энэ цагийг ашиглахын тулд дор хаяж 30 минут дахин уншиж давтах нь үр өгөөжтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй