(Монголын Эдийн засгийн форумд тавьсан илтгэл)
Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой. Чухам үүнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм. 2009-2012 онд ГХО даруй тав дахин нэмэгдсэн байна. Энэ нь гол төлөв геологийн хайгуулийн ажиллагаа эрчимжиж, ОТ гэрээ зурагдан хөрөнгө орж ирснээс болсон. 2011 гэхэд ашиглалтад ороогүй, бүтээгдэхүүнээ экспортолж эхлээгүй ОТ-н бүтээн байгуулалтаас орж ирэх мөнгө дотоодод эргэлдэж буй нийт мөнгөний гуравны нэгийг эзэлж байв. Австралийн нүүрсийн ордууд усанд автсанаас болж нүүрсний үнэ бараг 10 дахин өссөн үед голдуу хувийн хэвшлүүд нүүрс экспорлосноос асар их валютийн урсгал буй болов. Энэ бүхний дүнд улсын валютийн нөөц болон улсын төсөв урьд хэзээ ч байгаагүй хурдаар өсөн тус болгондоо бараг дөрвөн тэрбум доллар хүрсэн юм. Харьцуулахад 2000 онд валютийн нөөц 53 сая доллар, улсын төсөв 280 сая доллароор батлагдаж байв. Хотын төсөв гэхэд 1990 онтой харьцуулахад 100 дахин буюу 10 мянган хувиар өсчээ.
Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бүтээсэн юмгүй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгүй, бодож олсон юмандаа өөрөө үнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж үзэх болов. Бүтээсэн баялагийнхаа унац, ашигт бус харин дайны олзонд дассан нүүдэлчин үндэстний сэтгэлгээ л дээ. “Тунгалаг Тамир” кинонд Улаан хувьсгалч Дорж гэгч хятад пүүсийн барааг тонож “Ялсан цэргийн сүр хүч гэж энэ. Угтаа бидний юм хуваагаад авцгаа” хэмээн дүрэмдэж гардаг даа. Үүлэн чөлөөний нар шиг олдох боломжоор бий болсон тэр их баялгийг капиталист Монголын төрийг барьж байсан улаан хувьсгалч Дорж нар яг л ингэж “ялсан цэргийн сүр хүч” болгон цацсан даа.
Одоо Монгол банкны албан нөөц 60%-иар, өөрийн нөөц 150%-иар буулаа. Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1,5 тэрбум доллар болчихоод байна. Өнгөрсөн онтой харьцуулахад экспорт гуравны нэгээр өссөн гэж гайхуулаад байгаа ч эндээс орж ирэх ёстой мөнгөний тэн хагас нь урьд зээлсэн өрөнд явчиж буй учир валютын урсгалд нэмэрлэж байгаа юм тун хомс. Уул уурхайн хөгжлийн амин судас болсон хайгуулыг хориглосон учир гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Гадаад цэвэр актив зургаан ихнаяд төгрөгөөр буурлаа. Төгрөгийн ханш жилийн дотор гуравны нэгээр унасан учир иргэдийн төгрөгт найдах итгэл үгүй болж зах зээлд долларын хэрэгцээ урьд жилтэйгээ харьцуулахад 135% өсчээ.
Валютын урсгал, Гадаадын хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч байсан 2012 онд ДНБ-ий өсөлт 17 хувиас дээш гарч байсан бол уруудсаар өнгөрсөн жил 6 хувь орчим гарсан. Энэ онд ДНБ-ий өсөлт гурван хувь гарна гэсэн нэлээд өөдрөг прогноз гаргаад байгаа ч мөнгөний болон төсвийн, популист арга хэмжээнүүдэд өөрчлөлт орохгүй бол хасах руу орох магадлал нэн өндөр. Нэг талаас бурханы хишиг гэлтэй түүхий эдийн үнэ огцом өссөн боломж эргээд олдох магадлал бага, нөгөө талаас нэгэнт хөөгөөд хавчаад гаргасан ГХО эргэж ирэх боломж мөдгүй учир эдийн засаг эргэж сэргэх хугацаа тун өөдрөгөөр бодоход ойрын таван жилдээ үгүй. 2017 онд урьд тавьсан өрүүдийн төлбөрийн эргэж төлөх хугацаа дээд цэгтээ хүрэх оргил үе юм. Энэ 2015 онтой харьцуулахад 2017 онд өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их байх юм. Мөнгө нь шавхагдсан уруудаж яваа эдийн засаг энэ ачааллыг даахгүй. Үүн дээр төлбөрийн чадвар сайтай байх үед тавьсан хувийн хэвшлийнхний өр олон тэрбум долларт хүрсэн, үүний хариуцлагыг ч ард нийтээр хүлээх болно. Татварын хэмжээ төгрөгөөр бодоход арав орчим хувиар буурч байгаа албан үзүүлэлт бий ч үүнийг хатуу валютад шилжүүлээд тооцохоор дор хаяж гуравны нэгээр хорогджээ. Үүний цаана хувийн хэвшлийн компаниудын орлого буурсан төдийгүй үй олноороо дампуурч буй дүр тодроно. 90 мянга гаруй компани бүртгэлтэй ч хагас нь татвар төлдөг, үлдсэн нь өөрийгөө аргалчихдаг гэсэн үг байх. Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо. 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор 6 болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ. Нэгтгэн дүгнэхэд Монголын эдийн засаг хямралд орлоо гэхээсээ хэдэн жил сансарт нисч найрлаж байгаад эргээд хуучин байрандаа эгэн ирж буй эвдэрхий тэвштэй алтан загасны эмгэн шиг л юм даа. Гэвч яаж ч уруудаад түүхэндээ өлсөж үзээгүй монголын ард түмэн малыхаа буянаар турж үхэхгүй. Гэмтэй тал нь машины толь, кабель, хэрэглээний зэс, траншейний ширмэн таг хавтгайдаа хулгай хийдэг үе рүүгээ орох байх даа.
Энэ бүхний буруутан хэн бэ? Түймэр гарчихаар унтраахын оронд бүгдээрээ биенээсээ буруу хайх боллоо. ГХО-ыг хориглосон хуулийг 2012 оны V сард гардан санаачилж батлуулсан эзэн нь ядахнаа “Манай намын үед 17 % өсөлттэй байсныг танай нам 6% болголоо” гэж байн байн орилохгүй байвал зүгээрсан. Энэ бүхний буруутан бид бүгдээрээ мөн. Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй, сансрын найранд бүгдээрээ л оролцож цадахаараа идэж, даахаараа ууталсан. Үүнийгээ бид их багагүй бүгдээрээ эх орон, ард түмнээ бодсон сайхан санаа гэж тайлбарласан. Монголд ямар ч гэмт үйлдэл, тэрдундаа алан хядах ажиллагаа, тэрбайтугай хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг хийсэн ч “дотроо эх орноо бодсон ариун сэдэлтэй байсан” гэдэг шалтгаанаар өршөөгддөг, сайшаалгадаг, үнэлэгддэг боллоо. Тэгэж ярьвал Гитлер ч төрлөх эх орноо цээжиндээ тээсээр 60 сая хүний аминд хүрсэн. Осама бэн Ладенийг эх орноо бодох ариун санаагүй хүн гэж бодож байна уу? Даяаршин ижилсэж буй өнөөгийн ертөнцөд бид гаж үйлдэл, увайгүй тэнэглэл, ёс журамгүй ааш, мунхаг араншин, ойлгомжгүй тогтолцоо, цагаандаа гарсан дээрэм, улаандаа гарсан луйвраараа алдаршиж ганцаардал руу явж байна. Дээрэмдэх ГХО дуусахаар улам бүр биенээ дээрэмдэх боллоо. АТГ богино хугацаанд 600 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 600 биш, 864 гэсэн яс тоогоор заргалдах жишээтэй. Баялаг үйлдвэрлэн Монгол улсыг тэжээж байгаа компани хүмүүсийн нийт тоонд харьцуулахад аль нь ч байгаад ихэдээд л байна даа. Одоо АТГ-ээс гадагш гарах хөлийг нь хорьсон гадаадын 54, дотоодын 200 орчим иргэн байгаа. Гадны хэвлэлүүдэд “Хотел Монголиа” гэсэн нэршил гарах болсон нь хөрөнгө оруулагчдад хандаж байгаа Монголын араншинг илтгэж болгоомжлуулж байгаа юм. Аль ч орон төрөө бэхжүүлэхэд анхаардаг бол бид улам бүр төрөө самарч тоглох боллоо. Ганц жишээ хэлье. Эрүүл өвчтэйг нь ялгахад бэрх нэгэн засаг солигдоход ганц жилийн сайд болоод авлаа. Тамгаа хүлээн авахтай зэрэгцэн ганц өдрийн дотор яамныхаа 34 ажилтныг халсан нь тус яамны нийт ажиллагсадын бараг 40 хувь болсон байна. Аль ч төр төрийн аппаратан дээр тогтдог болохоос сайд нэрээр түр ирсэн аль нэг бүлэглэлийн дээрэмчин төлөөлөгч дээр тогтдог юм биш. Төрийг бүлэглэн дээрэмдэх тонох луйвардах ажиллагаа улс даяар хавтгайрлаа, хямран дордох тусам энэ нь улам гаарах болно. Фракц, бүлэглэл, ТББ, эх орончид, улстөрийн нам зэрэг нэр зүүсэн хожмын хариуцлага хүлээхгүй дээрэмчид луйварчид төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг атгаж түр хугацааны ашигийн төлөө Монголын төрийг золиослон улс орныг самарч дуусч байна. Улс орны амин чухал шийдвэрийг эцсийн бөлөгт хэн гаргаж байгаа, хэний шахалтаар хууль болон боловсорч байгааг эрх биш эрүүл саруул ухаантай нэг нь эргэцүүлж нэг хараасай билээ.
Өнөөгийн бизнесийн ертөнцийн томоохон хар ангал болсон сүрдүүлэгчид, ард түмний нэрээр дарамтлагчдын армийг манай бизнесийн ертөнцийнхэн өөрснөө л бүтээлцсэн. Тэд тэнгэрээс унаагүй, эрэг гуунаас ургаагүй. Тендерт шалгарсан нэгнээ хорлон унагааж төслийг нь булаах, бизнесийн өрсөлдөгчөө буулган авах, улс төрийн өрсөлдөгчөө гутаан унагах замаар өөрийн нэр хүндийг өсгөх ажлын хүрээнд бүтээсэн үр могойнууд чинь томроод аймаар аймаар “завр”-ууд, франканштайн болчихсон хэрэг. Хайгуулын лиценз булаалдахдаа бүтээсэн байгаль хамгаалах сэдэвтэй хөдөлгөөнүүд чинь өнөөдөр өөрөө ч хайгуул хийлгэх боломжгүй болгоод байгааг харж байгаа биздээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа улам тансаг болж үнэтэй жип хөлөглөх нь энүүхэнд болсон, удахгүй нисдэг тэрэгтэй жагсан жижиг оврын цөмийн зэвсгээр сүрдүүлдэг болох байх. Тэгэхээр энэ тэжээсэн динозавраа өөрснөө л учрыг олж, угсарсан франканштайнаа өөрөө л задлан буулгахаас өөр замгүй. Замгүйгээр барахгүй гарцгүй, үргэлж өлсгөлөн тэр мангас маргааш чамайг өөрийг чинь залгина.
Таван жилийн дараа гэхэд эдийн засгаа эргэж сэргээж эхлэхийн тулд өнөөдрөөс суурийг нь тавих хэрэгтэй. Зүгээр л таван жилийн дараа эргээд болчихоно, нүүрс дахиад үнэд орно гэж хүлээвэл бид улам л дордоно. Юун түрүүн ард түмнээ гэгээрүүлж ухамсарлуулна гэдгээс ажлаа эхэлмээргүй байна, учир нь энэ нь урт хугацаа шаардсан түүхэн процесс. Иймээс энэ асуудлыг юун түрүүн баялаг үйлдвэрлэж энэ орныг тэжээж буй хувийн хэвшлийнхнээс эхлэх саналтай байна. Олон жилийн туршид улс орныг хорлож байгаа луйварчин дээрэмчид чухамдаа баялаг үйлдвэрлэгчдийн хөрөнгө мөнгөөр ингэж гаарч байгаа. Чухамдаа та нар санхүүжүүлээгүй бол, та нар мөнгийг нь төлөөгүй бол, та нар өдөөн хатгаагүй бол, та нар тухираагүй бол эд Монгол орныг маань сүйтгэх шийдвэр гаргагчид болохгүй байсан. Эмнэлэгийн хараанд байх ёстой хүмүүс, ертөнцийн тухай дундад зууны ойлголттой тонуулчид, бичиг үсэггүй дээрэмчид, сүүлдээ бүр алан хядагчид Монгол орны төр нийгэм улс төрийн шийдвэр гаргагчид болон өсөн дэвжсэн нь чухамдаа та нарын буруу. Та нар гэдэгт би юутай ч улсад бүртгэлтэй 90 гаруй мянган компани, хувийн хэвшилд ажиллаж буй хэдэн зуун мянган ажилтан ажилчид, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй 100 мянган шударга ажилтныг хэлж байна. Та нар гэдэгт би энэ орныг тэжээж байгаа татвар төлөгч иргэдийг хэлж байна. Та нар гэдэгт би төрийн шийдвэр, хууль, тогтоол, хүнд суртал, авилга, сүрдүүлгээс болж хохирсон, дампуурсан, ажил төрөлгүй болсон иргэдийг хэлж байна.
Юун түрүүн төрийн авилга, сүрдүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё. Үүнээ нэгтгэн Худалдаа үйлдвэрийн танхимд аваачиж өгье. ХҮТ нь ажил олгогчдын татвараар амьдардаг учир тэднийгээ өмгөөлж хамгаалж байх үүрэгтэй байгууллага. Гэтэл ингэж байхыг нь сүүлийн 25 жилд хэн ч олж хараагүй, сонсоо ч үгүй. Харин ч эрх баригчидтай нийлэн тэднийгээ гадуурхаж байсан олон тохиолдол бий. ХҮТ-ын шинэ дарга Лхагважав нь шудрага хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна.
Дээрэмчин луйварчдаас салах ажил тэднийг хөөн зайлуулснаар дуусахгүй. Тийм адгийн шаар, хувалзнууд төрдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд нь аборт хийхгүй бол үүдээр гарсан нь тооноор, тооноор буцаасан нь тотгоор орж ирээд дахин дахин төрнө. Тэдний үлдээж байгаа хамгийн жигшүүртэй хар мөр бол “ингэж болдог юм байна”, “ингэсэн нь хождог юм байна” гэсэн төөрөгдлийг шинэ үеийн гэнэн томоогүй залууст үлдээж буй явдал. Ийм төөрөгдөл нь хойч үеэ хорт хавдартай төрүүлж байгаагаас өөрцгүй аюул юм.
Ийм бүртгэл явуулсны үр дүнд бидэнд төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гараад ирнэ. Үүнийг хавтгайруулах, нүдэндээ эвгүй харагдсан болгоныг дарамтлах гэсэн увайгүй оролдлого зэргээс сэргийлэхийн тулд энэ ажиллагаа ил тод, сайн зохион байгуулалттай явагдах ёстой. Дээрэмчин луйварчдыг төрөөс холдуулах ажиллагаа мэдээж хойтонгийн сонгуулиар гараагаа авах юм. Чөлөөт ардчилсан Монгол улсад хүчирхийлэл хэрэглэлгүйгээр хэн ч өөрийн эсэргүүцлийг илэрхийлэх эрхтэй, тэр байтугай өнөөгийн хямралт үед бол тийм үүрэгтэй. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтаа гаргаад сонгуулийн үеэр тэднийг сонгохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно, үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуд өлхөн даана. Өнөөдөр үүнд гаргасан мөнгө нь маргаашийн тайван амьдралын, хуулийн дотор чөлөөтэй амьсгалах бололцооны баталгаа болно. Бид сайн хүмүүсийн биш муу хүмүүсийн жагсаалт гарган тэдний өмнө төрийн хаалгыг ямар ч хүчирхийлэлгүйгээр тас хаана гэсэн үг. Үүнийг манай ард түмэн, тэрдундаа төрийн удирдлагад буй муу хүмүүсийг байнга шүүмжилж байдаг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. Сайны хүч муугийн хүчээс үргэлж илүү байдаг, даанч зохион байгуулагдахдаа маруухан гэж суут Достоевский хэлсэн байдаг юм. Нийгмийн баялагийг бүтээж улс орноо тэжээж яваа сайн хүчин нь хувиа бодсон, шуналаа сайхан үгээр далдалсан цөөн тоотой муу хүчиндээ байнга дээрэлхүүлж хүчирхийлүүлж нурнайж явж болохгүй. Энэ бол юутай ч та бидний эх орон, энэ орны цаашдын ирээдүйд хүн болгон санаа тавих үүрэгтэй.
Одоо эргээд эх орон, төр, нийгэм, эдийн засгаа хар даа. Найман зууны тэртээх овог аймгуудын алалдаан арай боловсронгуй түвшинд гарч нам бүлэг хоорондын тулаан, гадаад дипломтой жамухуудын урвалт, булган дах нэхсэн тоорилуудын явдал л байгаа биз дээ. Олсноо дор нь хэрэглэж барах нь нүүдэлчний араншин. Учир нь ачаа бараагаа үргэлж хөнгөлөн, байгаагаа хэрэглэж дуусгах нь байгалаас тэдэнд тулгасан нөхцөл. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн тогтоцын бүхий л гажиг бидний нүүдэлчнээрээ үлдсэн сэтгэлгээнээс эхтэй. Бид XXI зуундаа зангиатай хоньчин, жийнстэй үхэрчин, баантигтай ямаачин, лүй вьютонтой тарвагачин, орон сууцтай бадарчин байгаа учраас хүний түүхийн шинэ эринд бүтээн босгож, хөгжиж чадахгүй байна. Дундад зууныхан шиг энэхүү манай шинж нь эд баялагт хандах үрэлгэн түйвээнч байдал, үндэстнийхээ нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн хүлцэх чадваргүй омогтой зан, муу юмыг дальдрахгүй хийдэг атлаа зөв алхам хийхээс хулчийдэг бэртэгчин чанар дээр тод харагдана. Нүүдэлчид юмыг нэг удаа аргалаад өнгөрөөх сэтгэхүйтэй байхад суурин иргэд юмыг нэгмөсөн шийдээд шийдээд явчихдаг хандлагаараа ялгардаг.
Нэмж хэлэхэд дээр дурьдсан энэ дээрэмчин авирыг популизм, популист гэхчлэнгийн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна. Популист гэдэг бол ард түмэн эх орноо бодсон алдартай сайн хүнийг нэрлэдэг гээд ойлгочихсон, бүр хөөрчихсөн тунхаглаад явна, цаадуул чинь. Хэрээг “хэрээ” л гэдэг болохоос өргөмжлилж байгаа нь гэж “бүргэд” гэдэггүй биз дээ.
Эх сурвалж: baabar.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт