Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Монгол улсын эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн статистик тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төвөлөлт, аж үйлдвэрийн байршлын зураглал буюу хөгжлийн бүсийн тухай асуудлыг Аж үйлдвэрийн яам нэн тэргүүний бодлого болгон гаргасан. 2014 онд Монгол улс 5,2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авч хэрэглэжээ. Нийт импортын 28 хувийг шатахуун, 30 хувийг машин, механизм түүний эд анги, 10 хувийг төмөр хийц эдлэл эзлэж байна. Харин нийт экспортын дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 0 байна. Эдийн засагт улс төр байхгүй, харин ганцхан бодит тоо л байгаа. Энэ тоон дээр тулгуурласан эдийн засгийн болон үйлдвэржилтийн бодлого байх ёстой гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.
Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш суурь бодлогоо тодорхойлж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж, ажлын хэсэг гарган шуурхай ажиллах болсон тухай Аж үйлдвэрийн сайд хэллээ. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.
Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн төслүүд дотор үр ашигтай ажиллаж байгаа үйлдвэр олон байгааг сайд хэлээд эдгээрийн дундаас монголд анх удаа хадаас хийж байгаа үйлдвэрийг онцоллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлуулснаар зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргуулсан. Энэ хоёр байршилд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулан ажил эхлүүлснээр ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт