Монгол Улсын Их Хурлын дарга өчигдөр /2015.03.19/ БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийжээ.
Уулзалтын өмнө УИХ-ын дарга Сенатын чуулганы хуралдаанд хүндэт зочноор оролцон, Сенатын гишүүдтэй мэндчилсэн байна.
Уулзалтын эхэнд, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Польш-Монгол улсын хамтарсан бизнес форум зохион байгуулагдсан нь хоёр талын бизнесийг хөгжүүлэхэд чухал болсон. Бид Монголд бизнес хийх боломж асар их байна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчиж ирсэн бөгөөд 2015 онд хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголд жуулчлах Польш иргэдийн тоо өссөн статистик судалгаатай би танилцаж байсан. Таны айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож байгаад баяртай байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр орны хоорондын улс төрийн харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаанд манай улсын зүгээс сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Польшийн Сейм, Сенат, УИХ дахь Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөжүүлж буйд талархаж байна. Польшийн Сеймийн Тамгын газартай Монгол Улсын Их Хурлын Тамгын газар уламжлалт харилцаатай. Айлчлалын үеэр өнөөдөр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд Тамгын газрын удирдлагууд шинэчлэн гарын үсэг зурж байна. “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны 01 дүгээр сард байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монгол иргэдийн Польшийн виз авах, хоёр талын худалдаа, эдийн харилцааг өргөжүүлэхэд Польшийн Дипломат Төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Польшийн тал 2015 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээнэ гэдэгт итгэж байна гэлээ.
БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, бид Улаанбаатар хот дахь Польшийн Элчин Сайдын Яамны үйл ажиллагааг энэ жил сэргээх болно. Учир нь бидэнд хоёр талын эдийн засгийн харилцааг өндөр түвшинд гаргах том зорилт бий гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Гданьск хотноо очиж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт