ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүдээс хураасан 10 сая төгрөгөөрөө Эрээнээс бараа авчээ

    Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж хурааж байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 5-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал дээр “Тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлнэ. Ном, тоглоомыг аваад өгчихвөл болно” хэмээн танилцуулаад  эцэг эхчүүдээс 10-48 мянган төгрөг, нийт 12.5 сая төгрөг хураан авчээ. Гэвч өнөөдөр ангиудад тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэг дээр байхгүй, хурааж авсан эцэг эхчүүдийн гар дээр байсаар байна.

    Тус цэцэрлэгийн эрхлэгч 2010 онд мөн хууль бусаар хандив хураамж авч шийтгэврийн арга хэмжээ авахуулж байсан ажээ.

    Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  Б.Ганхуяг нь  багш,  ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны  дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдлын дагуу Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар мөн шалгалт хийсэн байна.

    Тус цэцэрлэгийн эрхлэгч “Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгууллага, “Монголын нийгмийн даатгалд хамрагдагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу“ нийгэмлэг гэх хоёр байгууллагын шагналыг авахын тулд багш ажиллагсдаасаа хураан авсан 855.0 мянган төгрөгийг төлжээ.  

    Мөн эцэг эхчүүдээс хандив нэрээр мөнгө авахдаа тоо хэмжээг тогтоосон, албадлагын болон тэгшитгэн хураасан шинжтэй төдийгүй, цэцэрлэг хөгжүүлэх сан байгуулах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, сангийн хөрөнгийг хүлээж авах журам албан ёсоор баталгаажин гараагүй байхад 31.2 сая төгрөгийг хурааж авсан байна. Улмаар эрхлэгч  Б.Ганхуяг нь хөрөнгийн зарцуулалтын талаар хамт олон, эцэг эхчүүдэд нэг ч удаа тайлан тавиагүй бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын даргад гадаад оронд явах хүсэлтээ гаргаж чөлөө авалгүй эцэг, эхчүүдээс хурааж авсан 10 сая төгрөгийг авч нярвын хамт БНХАУ-д очин бараа материал худалдаж авчээ.

    Тэрээр 2013 оны 10 дугаар сард томилогдсоноос хойш хамт олондоо нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм. Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчид 576.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газрын дарга нарт албан тоот хүргүүлэхэд       Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/25 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчид цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан байна.

    Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт хууль бусаар хандив хураамж авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас анхааруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй