Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн зургаан боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж, Монголын эх түүхийн зургаан боть бүтээлийг үндэсний монгол бичгээс кирил үсэг рүү буулгаж иж бүрнээр нь хэвлүүлсэн. Энэ оны нэг, хоёрдугаар сард уг бүтээлийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, номын сангуудад түгээж гардууллаа. Өнөөдөр энэхүү боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна” хэмээв.Үүний дараа цуврал боть ном бүтээсэн доктор О.Батсайхан, доктор З.Лонжид нар бүтээлийнхээ талаар танилцуулга хийсэн юм.
Нийслэлийн дээд боловсролын байгууллага, коллеж, номын сан зэрэг нийт 80 байгууллагын төлөөлөл Монголын эх түүхийн зургаан боть номыг гардаж авлаа. Дээрх эх түүхийн цуврал ботийг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга Төв номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоод гардуулан өгөв.Өнгөрсөн хугацаанд хэвлэгдэн гарсан түүхэн эх сурвалжуудыг ямар ч засваргүйгээр нэгтгэн хэвлэсэн нь оюутан судлаач, сонирхогчдод түүхээ танин мэдэхэд чухал ач тустай бүтээл болжээ.
Мөн ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Япон улсын Тотторигийн их сургуулийн Хуурай бүс судлалын төвийн эрдэмтэдийн хамтран бүтээсэн “Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” ном тус сургуулийн номын сангийн сан хөмрөгийг баяжууллаа. Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон зууны арвин туршлагатай.
“Тиймээс бэлчээрийн ургамлын талаар өргөн мэдлэг туршлага хуримтлуулсан байх нь тогтвортой ашиглах, сэргээхэд чухал ач холбогдолтой тул энэхүү бүтээл нь монгол орны эмзэг, өвөрмөц байгалийн баялаг болох бэлчээрийн ургамлын талаарх мэдлэгийн эх сурвалж болно” хэмээн профессор Г.Гантулга номын өмнөтгөлдөө тэмдэглэжээ.Уг номд ургамал тус бүрийн ургамалзүйн шинж, цэцэглэх, үрслэх хугацаа, ургах орчин, тархац, хэрэглээ зэргийг монгол, англи хэл дээр тодорхой бичсэний зэрэгцээ зургийг нь өнгөтөөр хэвлэжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт