ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хямралтай эдийн засгийн горьдлого тавьсан Тавантолгойн хэлэлцээ

    Монголын эдийн засаг хямарч хаа сайгүй бүсэ чангалсан энэ үед  Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр олны анхаарлын төвд байна.  Энэ сарын 5-наас эхэлсэн албан ёсны хэлэлцээгээр Тавантолгойг тойрсон асуудлаар Засгийн газар хөрөнгө оруулагч талтай нэгдмэл ойлголтод хүрсэн гэж манай талаас мэдэгдээд байгаа. Хамгийн гол нь хэлэлцээрээр эмзэг асуудлуудыг шийдэх тохироогоо олох ёстой учир өчигдрөөс эхэлсэн хоёр дахь шатны хэлэлцээ буюу энэ долоо хоногийн хэлэлцээ онцгой үүрэгтэй гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдээд буй. Одоогоор хамгийн гол нь Таван толгойн ордыг тойрсон томоохон мэдээлэл солилцох ажил хийгдэж байна. Энэ ордын лицензийг эзэмшигч “Эрдэнэс Таван толгой”-н санхүүгийн асуудлыг хүртэл ярилцаж байгаа хэмээн тэрээр тайлбарласан.

    Гучин жилийн хугацаатай энэ төсөл амжилт олбол хамгийн багадаа Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардлын хөрөнгө мөнгийг босгох үнийн дүн нь 94 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэсэн тооцоог тус ордод хөрөнгө оруулагч сонгох ажлын хэсгээс мэдээлээд байгаа юм.

    Хэлэлцээ 50 хувьтай үргэлжилж байна

    УИХ 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" 39 дүгээр тогтоол гаргаж үүнээс хойш үндсэндээ 5 жил Тавантолгойн ордын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа гэж болно. Тухайн үед уг ордыг дэлхийн томоохон компаниуд сонирхож хөрөнгө оруулах санал тавьж, дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ өндөр  байв. Харамсалтай нь үүнээс хойш  5 жил өнгөрч өнөөдөртэй золгоход нөхцөл байдал урвуугаар эргэв.  Одоогоор тус ордод хөрөнгө оруулахаар Шиньхуа, Сумитомо, Эм Си Эс компаниудын хамтарсан консерциум шалгараад  буй бөгөөд манай талаас хатуу гэж болох дараах шаардлагуудыг  тавиад  байгаа юм.  

    • Хөрөнгө оруулалтаа хариуцах
    • 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах
    •  270 км төмөр зам тавих, урьд өмнөх өр зээлийг төлж барагдуулах
    •  Монгол Улсын нийт иргэдэд олгосон байгаа 1072 хувьцааны асуудал нь Монгол Улсын Засгийн газрын асуудал ч гэсэн энэ асуудалд хөрөнгө оруулагчид адилхан санаа тавих

    Урьд өмнөх өр зээлийг төлж барагдуулах гэдэгт Чалкогийн өр ч багтаж буй бөгөөд  Чалкод  төлөх өрийн төлбөр зогсож хүү  бодогдож эхэлсэн байна. Дээрх бүх  шаардлагыг  зөвшөөрч орж ирсэн нь дээрх консерциум гэж ажлын хэсгийнхэн хэлж буй. Тэдний хэлснээр хэлэлцээний ажил ид дундаа орж байгаа аж.

    Тавантолгойн ордын тухай

    Тавантолгойн ордоо ашиглалтад  оруулж мөнгө болгоход бид Орос, Австрали, Индонез, Мозамбектай өрсөлдөнө. Гэвч нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр  байхад эхлүүлье  хэмээн шийдсэн  уг төсөл хөрөнгө оруулагчаа олох гэсээр 5 жилийг  үдэх зуур дэлхийн бусад орны ижил төстэй төслүүд томоохон ажлуудынхаа ард гарч өрсөлдөөний талбарт биднээс өмнө харайлгаж явна. 2,2 тэрбум тонн нөөцтэй ОХУ-ын Эльга гэж төсөл 321 км төмөр замаа бариад дуусгачихаад дахиад нэмэлт 2,5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар уурхайн дэд бүтцүүдээ босгож байгаа аж.  Мөн 2010 онд манай Тавантолгойд хөрөнгө оруулъя гэж санал тавьж байсан Мицүй, Валя гээд дэлхийн том компаниуд Мозамбект очиж 20 сая тонноос дээш гарах төмөр замын бүтээн байгуулалтаа хийгээд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс цаг хугацааны хувьд  алгуурлахгүй ажиллах ёстойг дээрх түүхүүд бэлхэнээ харуулж байгаа юм. Чанарын хувьд  манай нүүрс Эльга төсөл, Мозамбекынхтай адил, харин Австрали сайн чанарын коксжих  нүүрсний баялаг сав газруудтай тул өрсөлдөхөд хэцүү аж.

    Дэлхий дээрх коксжих нүүрсний экспортын гол тоглогч, гол нийлүүлэгч нь Австрали. Австрали улс  Япон, Энэтхэг, Европ, Америк руу болон  манай мөнхийн хөрш Хятад руу нүүрс нийлүүлж байна. Иймээс бидний өмнө Австрали гэсэн хамгийн том өрсөлдөгч буй бөгөөд нөгөө талд БНХАУ гэсэн хамгийн том хэрэглэгч байгаа юм.

    Таван толгойн орд бол газрын гадаргад ойрхон байрласан, ил аргаар олборлолт явуулах боломжтой орд  аж. Иймээс харьцангуй өртөг багатайгаар  зах зээл дээр өрсөлдөх бололцоотой гэдэг нь тус ордын цор ганц давуу тал гэж мэргэжлийнхэн сануулж буй.  Гэвч дэд бүтэц байхгүй, төмөр зам, авто зам, цахилгаангүй учраас эхний удаа асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж шаардлага хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа.

    Нэгэнт цаг хугацааг ухрааж хар алтны үнэ дэлхийн зах зээлд өндөр байсан цаг үед, Тавантолгойн төслийг анх хэрэгжүүлэхээр зорьсон нөхцөл байдлын хувьд таатай үедээ эргэж очиж болохгүйгээс хойш одоо алдаагаа давтан цаг хугацааг үрэх эрх монголчуудад байхгүй юм. Тэр тусмаа эдийн засгийн ийм хүнд үед, боломжтой л бол үхрийг ч хамаагүй “сааж” нөхцөл байдлаа зөөллөх, мөнгө босгох нь эрх баригчдын үүрэг гэж болно.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй