ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжууд

    Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь тухайн хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хүнийг идэвхжүүлж, зорьсон зорилгодоо хүрэн аз жаргалтай амьдрахад ихээхэн тус дэм болдог. Үндсэндээ та амьдралдаа сэтгэл хангалуун байх нь өөрийн амьдралаа, өөрийгөө юу гэж харж, дүгнэж байгаагаас ихээхэн шалтгаална. Итгэл найдвар болон өөдрөг үзэл хүнд байснаар, энэ хоёр эерэг сэтгэл хөдлөл танд тогтвортойгоор үүссэнээр та өөрийнхөө амьдралыг хангалуун, бүрэн дүүрэн байна гэж харж, ирээдүйдээ итгэлтэй байж чадна гэж сэтгэл судлаачид үздэг. Харин эсрэгээрээ итгэл найдвараа алдсан, гутранги хүн сэтгэл гутрал, стресс зэрэг сэтгэл зүйн өвчлөлд илүү өртөмтгий байдаг байна.

    Бие хүний аливаад хандах хандлагаас амьдралдаа сэтгэл ханамжтай байх эсэх нь ихээхэн хамаардаг. Хүнийг хичнээн сайхан зүйлс хүрээлж байлаа ч түүнийг сайхан, үнэ цэнэтэй гэдгийг ухамсарлаж чадахгүй бол тэр сайхан зүйлийн утга учир нь алдагдана. Тэгэхээр хүн жаргалтай, жаргалгүй, сэтгэл хангалуун эсвэл хангалуун бус байх нь юун түрүүнд хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаалдаг. Дээр дурьдсанчлан өөдрөг, эерэг, итгэлтэй байхаас гадна нээлттэй, уян хатан – хүлээцтэй, аливаа шинэ зүйлд таатай ханддаг, сэтгэл санаагаа удирдаж чаддаг гэсэн үндсэн таван шинжийг бий болгож чадвал аливаад дасан зохицох, асуудлыг даван туулах, шийдвэрлэх болон өөрийн амьдралаа, өөрийгөө удирдаж авч явахад илүү хялбар байж, амьдралаа эерэгээр үнэлэх боломжийг ӨӨРТӨӨ өгч чадна.

    Магадгүй хэн нэгэнд хүндхэн асуудал тулгарчээ гэж бодоход тухайн хүн түүнийг хүлээн зөвшөөрч, даван гарах чадвар өөрт нь бий гэдэгт итгэж найдан, өөдрөг байж асуудлаас гарах арга замыг эрж хайснаар асуудлыг харах өнцгөө өөрчлөх боломжтой. Түүнээс биш тулгарсан саадад тоомжиргүй хандах, түүнээсээ зугатах, бусдад буруу тохсноор үр дүнд хүрэх нь юу л бол. Гол нь хүнээс өөрөөс нь олон зүйл шалтгаалж байдгийг ухамсарлах нь чухал юм. Үгүй ядаж үнэхээр хүч чадал, нөөц боломж нь хүрэхгүй гэхэд асуудалтай эвлэрэх гэдэг эцсийн арга ч байгаа шүү дээ.

    Энэ мэтээр цааш үргэлжилвэл хүний амьдрал дандаа хар бараан юмуу гэрэл гэгээтэй байдгүйгээс хойш үлгэрт гардаг шиг сайхан зүйл бидэнд байнга тохиолдох нь юу л бол. Харин хүний хүн байгаа, хүн гэж нэрлэгдэж байгаагийн учир болсон аливаад дасан зохицох чадвар байдаг тул өөдрөг байдал, итгэлээ алдахгүйгээр урагш алхах нь чухал юм. Хэрэв хэн нэгэнд хэцүү санагдах өдөр, үйл явдал тохиолдвол өөртөө итгэхээс гадна өөрийгөө хайрладаг, санаа тавьдаг хүмүүсээс дэмжлэг авах нь зүйтэй. Хайртай аав ээж, ах, эгч нараасаа, найзуудаасаа, эхнэр, нөхрөөсөө гээд өөрт тусладаг хүмүүсээс асуудлаа шийдэх, даван туулахад тус болох эрч хүчийг олж авдаг байх нь сэтгэл зүйн хувьд эрүүл амьдрахад ихээхэн тустай. Тиймдээ ч тэдэндээ цаг гаргахаас татгалзахгүй, өөрөө ч гэсэн тэдэнд тус болж байгаа үнэ цэнэтэй хүн гэдгээ үргэлж мэдэрч байх хэрэгтэй. Энд мөн анхаарах ёстой нэг зүйл байдаг нь хүн өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм. Гэр бүлийхэндээ, найзууддаа таныг аз жаргалтай болгож байдаг зүйлсээс эрч хүчийг авахаас гадна тэдэндээ талархалтайгаар хандаж чадвал амьдрал илүү зөөлөн, эерэг санагдах болно. Хүнд заримдаа хайр, халамж, баяр, талархал гээд зүгээр л эерэг мэдрэмж хэрэгтэй байдгийг мартаж хэрхэвч боломгүй билээ.

    Ингээд эцэст нь хүний амьдралд хүрээлэн буй орчин түүн дотор нийгмийн бүлгийн нэг хэсэг байх нь амьдралаа сайхнаар, эерэгээр харахад томоохон байр суурь эзэлдэг. Бүлэгт хамаарагддаг буюу ангийн сурагч, ажлын хамт олон, сургуулийн гишүүн зэрэг байх нь тухайн хүнийг нийгмийн харилцаанд идэвхтэй оруулж өөрийгөө танин мэдэхэд тусалдаг ба хүн бусдын дундаас өөрийгөө олж нээснээр аз жаргал, сэтгэл ханамж, баяр баясал, бахархлыг мэдэрч байдаг. Мөн боломжийн хирээр олон бүлэгт хамрагдах нь хүнийг сэтгэл зүйн болон бие махбодийн хувьд эрүүл байлгадаг ажээ.

    Ганцхан сургууль – гэр, ажил – гэр гэсэн журмаар амьдрах биш нийгмийн харилцаагаа илүү баялаг болгож өөрийн давуу талыг бататгасан эсвэл дуртай зүйлээ хийж болох, таныг чадваржуулдаг, хөгжүүлдэг хөтөлбөрүүдэд хамрагдах юм бол та амьдралаас илүү их таатай зүйлүүдийг мэдрэх болно. Нэг ёсондоо өөрийгөө мэдрэх, өөрөөрөө бахархах сэтгэлийг та авч чадна.

    Аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх тусам хүн сөрөг, саар зүйлд анхаарал хандуулах нь бага байдаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Өөрийн бүтээсэн амьдралаа хайрлах, улам бүр утга учир дүүрэн, эерэг байлгах нь тухайн хүнээс өөрөөс нь илүүтэйгээр хамаардаг гэдгийг эцэст нь хэлээд сэдвээ үүгээр өндөрлөе!

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй