Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.
"Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.
Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна.
Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.
АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.
Монгол Улсад бүртгэгдсэн COVID 19-ийн 12 тохиолдол:
Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
2020. 03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт