ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Ухаанзаяа: Та өөрийн явдал мөрөө засч, зөв амьдарч л байвал танд өөр юу ч хэрэггүй

    Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Доржнамжинын Ухаанзаяатай ярилцлаа.

    -Монголчуудыг бурхны шашингүйгээр төсөөлөх аргагүй?

    -Монголчууд эхэндээ тэнгэр шүтлэгтэй байсан. Дараа нь бурхан шашны нууц тарнийн эрдэм орж ирсэн. Оюун санааны хувьд маш их шинэчлэл гарсан. Эзэн Чингис хаан гадна талд байгаа дайсныг дарж болдог юм байна гэдгийг харуулсан. Монгол төрийг нэгтгэсэн. Харин өндөр гэгээн Занабазар бол өөрийн дотоод дайсныг ялж болно гэдгийг харуулсан. Бурхны шашин Монголын уламжлалт зан үйлтэй яв цав нийлсэн. Уул ус, сав шимийн ертөнц, эцэг эх, хүн төрөлхтөн, амьтдыг хайрлах энэрэх тухайд буруу зүйл огтоос байхгүй. Бурхны шашнаас хүнд сөргөөр нөлөөлөх нэгээхэн ч зүйл үгүй.

    Алтыг шинжиж буй мэт бурхны шашныг шинжээд үзээрэй хэмээн Далай багш хэлсэн байдаг. Алт бүх металлаас илүүтэй хувирашгүй шинжтэй. Бусад бүх металл  цаг хугацааны явцад хувирдаг. Бурхны шашны Бодь мөрийн зэрэг сургаалыг өнөөдөр ч судлаад үзэхэд гайхалтай шинэ шинэ мэдлэгийг өгсөөр байна. Үнэхээр гайхалтай. Бурхны шашин Монголд орж ирснээр бид оюун санааны хувьд сэргэн мандсан гэж би боддог. Сэтгэлийн ариусал, гэгээрэлд ойртсон.

    Цагаан сарын баяр монголчуудын хувьд үнэхээр чухал баяр. Ямар ч сүжиггүй хүн байлаа ч жилдээ нэг удаа гандан хийдээрээ орж буян номд шамдаж байдаг шүү дээ.

     

    -Нүүдэлчин ард түмний хувьд жилдээ нэг удаа бүх ах дүү нараараа уулзан учирна гэдэг үнэхээр чухал. Мэдээллийн маш том урсгал, хүн амын тооллого ч гэж хэлж болохоор байдаг?

    -Удам угсаагаа танин мэдэх, цус ойртохгүй байх, угийн бичгийг хөтлөх гээд маш өндөр ач холбогдолтой. Төрсөн ах дүү хоёр нэг нэгнээ мэдэлцэхгүй хоорондоо суучихсан тохиолдол байна шүү. Залуучууд энэ баяраас хойш сууж, цааргалах тохиолдол сүүлийн үед ажиглагдах болсон. Ингэж болохгүй. Хэтэрхий техникжсэн учраас материаллаг эд зүйлс давамгайлж хүн байх, хүн чанартай байх гэдэг чанараасаа зарим залуус холдоод байна.Тэгэхээр бууз, идэх бэлэг авахдаа биш садан төрлөөрөө орж мэнд усаа мэдэлцэх нь л энэ баярын гол утга учир гэдгийг ойлгох хэрэгтэй. Настай хүмүүс нь хүүхдүүдээ тэр тусмаа бүгдийг нь дагуулаад явах учиртай.

    -Хүн яагаад заавал засал хийлгэх ёстой байдаг вэ?

    -Хүн өөрөө долгионы буюу хийн шинж чанартай. Хөрс шороон дээр гишгэж яваа хүний хувьд заавал засал хийлгэх ёстой. Хүн бусын нөлөөлөл, энэ сав шимийн ертөнц, од гарагс хүнд нөлөөлдөг. Хүн, хүндээ ч нөлөөлдөг. Ийм сөрөг нөлөөлөлд орохыг сүлд хийморь доройтох гэдэг.Цагаан шүхэртэд хүний сүлд хийморийг хамгийн ихээр доройтуулдаг зүйл нь хар, цагаан хэл ам гэдэг. Заслын ном нь тухайн хүний энергийг сэргээж өгдөг. Номонд тарнийн нарийн үг хэллэг, дом гардаг.

    Дөрвөн удаа үр суулгуулаад бүтээгүй нэг бүсгүй над дээр ирсэн. Ингээд судлаад үзэхэд хамгийн буруу буюу шуламсын зүгтээ гарсан байсан.Тэндээс ямар ч эм залаад нэмэргүй. Тэгэхэд нь зөв зүгийг нь заагаад өгөхөд л бие давхар болох жишээтэй. Энэ чинь миний ид шид биш шүү дээ. Судар номонд л бичигдсэн байгаа зүйлийг би дамжуулж хэлсэн төдий.

    Өндөр гэгээн Занабазар Монголын буян заяа, амны хишиг их юм. Хэзээ ч тасрахгүй гэж хэлсэн байдаг. Тиймдээ ч бид 37 оны их хэлмэгдүүлэлтээр хамаг сэхээтнүүдээ алдсан ч гэлээ өдий зэрэгтэй явж л байна. Манжийн дарлал, социализмийн дарангуйлалд ч бурхны шашин дарагдсангүй.

    -Бурхны шашин гэдэг өөрөө асар том шинжлэх ухаан юм биш үү?

    -Ялангуяа сүүлийн үед барууныхан бурхны шашныг шинжлэх ухааны үүднээс маш их судалж байна. Шинжлэх ухаан бол маш хожуу үүссэн зүйл шүү дээ. Бодит зүйлийг л судалдаг. Бурхны шашин гэтэл 3000 нь жилийн тэртээд үүссэн бүх бурхад биенээсээ гэрэл цацруулдаг. Одоо л шинжлэх ухаан аура буюу хүн гэрлэн бүрхүүлтэй гэдгийг олж тогтоосон. Сүнс байдаг гэдгийг баталчихлаа. Хүн олон хоногоор хоолгүй амьдарч чадах юм байна гэдэг талаар одоо л ярьж байна. Ер нь хүн өөрийн чадамжийнхаа арван хувийг л ашигладаг, үлдсэн 90 хувийг огт ашигладаггүй. Хүний төрөл дээр л бурхан болдог. Тиймээс энэ биеийн хэргийг бид зөв гаргах хэрэгтэй.

    -Хүн бүр энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн үүрэгтэй ирдэг болов уу?

    -Хүнд ядуу, тэнэг байх хувь тавилан гэж байдаггүй. Хүн болгонд боломж бий. Сонголт үргэлж байдаг. Та цагийн юмыг цагт нь хийж чадсан уу. Та хөдөлмөрлөж чадсан уу. Хүний төрөл хувь тавилангаа өөрөө өөрчлөх боломжтой. Арван жилийн сургууль төгсч байгаа хүүхдүүд ер нь бол нэг л гараанаас гарч байгаа. Хэн хөдөлмөрлөж, эцэг эхээ ачилж чадсан нь дээшээ гардаг. Эцэг эхээ зовоож явдаг хүн их уруу дорой амьдардаг. Үүний үйлийн үр нь их чанга шүү.

    Бурхны үнэнч шавийн хувьд бурхны сургаалийг бусдад түгээх нь миний гол зорилго, үүрэг. Үйлийн үр ба мөнх бус, ханийн тэнгэр, бэрийн зурхай гээд яг энэ цаг үед маш ихээр үгүйлэгдэж байгаа сэдвүүдийг би сонгож лекц уншдаг. Үхлээс айх хэрэггүй. Далай багш өдөрт долоон удаа үхээд сэрдэг хэмээн ярьдаг. Энэ нь үхлийн тухай тарнийг өдөр бүр судлан, үхэлд бэлддэг гэсэн үг. Үхэл гэдэг бидэнд хэзээ нэгэн цагт заавал ирнэ. Үүнээс айх хэрэг байхгүй. Үхлийн талаар бид заавал судлах ёстой. Айх зүйл биш үүнд бэлдэх ёстой юм.

    Хийморийн сан уншуулаад байдаг мөртлөө. Хийморь гэж яг юу вэ гэдгээ огт мэдэхгүй хүмүүс олон байна. Үүнийг таньж мэдэх ёстой. Бурхны сургаалийг өөрөө танин мэдээд бусдад түгээн дэлгэрүүлэх нь жинхэнэ бурхны шашинт хүний чанар.

    Бурханы шашинт хүн архи, тамхи хэрэглэх ёсгүй. Өөрөө хэрэглэдэг байж гэм хорыг нь бусдад түгээнэ гэдэг утгагүй шүү дээ.

    -Монголчууд их зүүд, зөнтэй ард түмэн шүү дээ?

    -Зүүд зөн бол бурхнаас өгсөн бэлэг юм. Үүнийг ажиглан шинжилж чадвал та үнэхээр их зүйлийг ойлгох болно. Зүүд бүр хүнд ямар нэгэн дохио өгдөг. Үүнийг ялган салгаж бичсэн судар ном байна. Зүүдний тайллыг автоматаар орчуулаад гаргаж болохгүй. Нүүдэлчин ард түмэнд, суурин соёлтой улсын зүүд зөн тохирохгүй.  Монгол хүн анааш, усан онгоц зүүдлэхгүй. Монгол хөрсөн дээр буусан зүүдний тайлал хэрэгтэй. Далай багшийн бичсэн зүүдний талаарх судар байдаг. Олон ч судалгааны ажил байдаг юм билээ. Энэ талаар би ном гаргасан. Зүүд үүсэх ёсон ч гэж байна.

    Зүүдний иога, бясалгалын ном ч гэж ойлгож болно. Лам нарын бичсэн зүүдний тухай номыг энгийн ард иргэд ойлгоход хэцүү. Зүүдэн дотор сэрэх, зүүдээр аялах гээд янз бүрийн нарийн арга ухаан бий. Хэрвээ та хүсвэл өөрийнхөө зүүдийг удирдаж чадна.

    Дэлхийн суут ухаантнууд дотор зүүдэндээ нээлт хийсэн маш олон хүн бий.

    Гитлер буддын шашныг судалдаг байсан. Хас тэмдгийг ч буддын шашнаас авсан. Сэтгэлээ нарийсгах тусам зүүд ч нарийсдаг. Заримдаа хүн хайгаад олохгүй байгаа эд зүйлээ зүүдэндээ олдог.

    Эртний хаадууд зүүдний иога хийснээр их дайн тулааны өмнө зүүдээрээ ялах үгүйгээ мэдэрч хардаг байсан гэдэг.Нар, сар нь хаант төртэй их холбоотой. Нар, сар тэнгэрээс унах төр засаг ганхах, эрсдэлтэй байгаагийн шинж гэдэг ч юм уу. Муу ёртой зүүд зүүдэлсэн тохиолдолд зүүдээ засч болно. Зүүдийг зөв тайлах нь хамгийн чухал.

    -Зүүдний тайллаас жишээ дурдвал?

    -Усанд болон намагт живж байна гэж зүүдлэх нь сайн биш. Өвчин тусч, азгүйдэл тохионо гэдэг. Харин усанд сэлээд эрэг дээр гарч ирж байна гэж зүүдэлбэл маш сайн. Могой зүүдлэх нь үр тогтохын шинж гэдэг. Гэхдээ энэ нь дотроо ялгаатай. Могой бие ороож байна гэж зүүдэлбэл хөл хүндтэй болсны шинж. Олон могой зүүдэлбэл зундаа хур бороо их орохын шинж. Могойноос гэрэл цацарч байвал буян хишиг ирнэ. Шүд унах, тэмээ унаж байна гэж зүүдэлбэл ойр тойрны хэн нэгэн хүн үхэх гэдэг. Тэмээ унах болгонд муу ёр биш ээ. Дотроо их олон янз байна. Олон тэмээ зүүдлэх нь сайн. Тэмээнд хазуулж байна гэвэл өвчин тусаад хурдан эдгэрнэ. Ганц тэмээ зүүдэлбэл муу гэх мэт. Бүх хатуу зүүдийг засч болно. Миний хувьд Монголд анх удаа зүүдний тухай ном гаргасан.

    Давтамжтай зүүд бас байдаг. Зарим зүүд их олон жилийн дараа тайлагддаг.

    Монголд ёр шинжээч гэдэг хүн хүртэл байсан. Нохой гэнэт гэр дээр гарах, үхэх гэх мэтийн маш олон ёр шинж тэмдгийг бид тайлсаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн.Нар, сар, зул шинжих. Хэрээ, шаазгайны хэл тайлж унших гээд шинжээний судар хүртэл бий. Бидний энэ ёс заншил өнөөдөр алдагдсан. Тиймээс бид уламжлалаа эргэн санах, сэхээрэх хэрэгтэй.

    Нойргүйдэл нь нэг талаар зүүдийг эвддэг. Стресс, амьдралын буруу хэв маягаас үүдээд сүүлийн үед нойргүйдэл маш элбэг болсон. Нойргүйдэл бол нэг төрлийн там шүү дээ. Нойргүйдэлтэй хүн ихэвчлэн хар дардаг. Үүнийг үндэснээс нь цэвэрлэх хэрэгтэй. Зүүдийг ойлгосон хүнд зуурдыг ойлгох нь хялбар. Буддын шашинд хүн зөв үхэх, үүнд суралцах нь маш чухал байдаг. Буруу амьдарсан хүн төрлөө сонгож чадахгүй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй