Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Туул дагуу завьт эргүүлийг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 1650 ажилтан, албан хаагчид, 176 техник хэрэгсэлтэйгээр усны эргүүлийг хийж байна. Мөн энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх постуудыг ажиллуулахаар төлөвлөж байна гэв.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдийн нутаг дэсгэрийг хамруулан нийт 540 мянган га талбайд мод, байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан шалгалт хийсэн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна гэлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа: Монгол Улсын хэмжээнд зохилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг. Бид Халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээн ажилладаг. Манайд судлагдаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тийм учраас бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Он гарсаар зоонозын халдварын 930 дуудлага авч, үйлчлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн. Тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотоос байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан. Хууль бусаар тарвага агнах явдал зогсоогүй, буураагүй байна. Бид өвчин гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна хэмээв.
Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал: Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу алба хаагчдынхаа бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Байнгын пост болон бусад хулгайн замаар хууль бусаар нэвтрүүлдэг учраас хяналт шалгалтыг идэвхжүүлж ажиллана. Иргэд Улаанбаатар хот руу санаатай болон санаандгүй байдлаар, бие биенийхээ гуйлгаар тарваганы тулам болон боодог зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулъя гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт