Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол дүүргийн Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар” хороолол, “Алтай” хотхоны авто зам, нүхэн гарц дагуу ус тогтсон зэрэг нийт 33 удаагийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарт иржээ.
Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дээрх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. Нийт 60 дуудлага ирсний дагуу 43 албан хаагч 13 техник хэрэгсэлтэй ажиллаж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд үерийн усанд боогдсон 18 том хүн, 15 хүүхэд, Налайх дүүрэгт 3 том хүн 13 хүүхэд, нийт 49 хүнийг аюулгүй газар гаргасан байна. Нийт 14 байршлаас Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын 30 ажилтан, 5 техник хэрэгсэлтэй 135 удаагийн ресс хийж 2094 тонн усыг соруулан, авто замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан” хэмээн танилцуулгадаа дурдлаа.
Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар боллоо.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан гамшгаас урдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэн, биелэлт, хэрэгжилтийн талаар цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт