ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Богд хааны ордон” музейн захирал Ц.Эрдэнэбаатар: Жуулчид маань өөрийн төрөлх хэл дээр музейн тайлбар сонсох боломжтой

    “Богд хааны ордон” музейг анх VIII Богд Жибзундамбын үед Ногоон ордны уран барилгын цогцолбор Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгаж байжээ. Оросын II Николай хаанаас VIII Богд Жибзундамбад бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх Европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьсан түүхтэй. Богд хааныг нас барсны дараа Засгийн газраас комисс томилон хөрөнгийг нь хурааж, Богдын ордныг Гэгээрлийн яаманд шилжүүлсэн бөгөөд 1926 оноос музей болгосон байна.

    Тийнхүү Монголын түүх, соёлын өв болсон дурсгалт газруудын нэг бол яах аргагүй “Богд хааны ордон” музей билээ. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Богд хааны ордон музейгээр жуулчин иргэд маань тасралтгүй үйлчлүүлсээр байна. Энэ жил Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой болж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж байгаа ажил болон музейн талаарх захирал Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа.

    Богд хааны ордон музей хэр ачаалалтай байна вэ? Жилд хэдэн жуулчдад үйлчлүүлж байна?

    Аль ч музейн хувьд зургаан сараас есөн сар хүртэл ид оргил үе байдаг. Ялангуяа 7, 8 сар бол жуулчид ихээхэн ирдэг сар юм. Жилдээ 30-40 мянган жуулчин ирж үздэг.

    Үзмэр үзсэн иргэд, жуулчдын сэтгэл ханамж хэр байдаг бол?

    Манай музейн дотор ногоон байгууламж байдаг тул дотоодын иргэд маань гэр бүлээрээ орох дуртай байдаг. Мөн өв соёл, үүх түүхийн үзмэрээс гадна уламжлалт шашны эд өлгийн зүйлс хадгалагдаж байдаг учраас сүшиг бишрэлийнхээ үүднээс үйлчлүүлдэг үйлчлүүлэгч ч олон байдаг. Найман богдын үеээс л Монголчуудын нийтээрээ шүтэж ирсэн бурхдууд байдаг учраас тэд нарт мөргөх гэж ирдэг үйлчлүүлэгч цөөнгүй. Тиймээс ирж үзсэн хүмүүс маань мэдлэг хүртэх, таашаал авахаас гадана бишэрч сүслэдэг болохоор сэтгэл ханамж гайгүй байхаа.

    Иргэд санал хүсэлтээ илэрхийлж байна уу, юуг голдуу хэлж байна?

    Үзмэр үзсэн хүмүүс санал хүсэлтээ их илэрхийлдэг. Бид санал хүсэлтийн дэвтрээ идэвхитэй ажиллуулж хардаг. Бас Олон улсын музейгээр аялагчдын клуб гэж байдаг. Тэр клубын гишүүдийн санал сэтгэгдэлийг уншиж, анзаарч байна. Манай ордны тухай сэтгэгдлээ илэрхийлсэн үзэгчийн санал хүсэлт, шүүмж зэргээс, мөн өөрийн Пэйж хуудас, сайт зэргээс үзэж хардаг. Манайх дээр ямар асуудал байдаг гэхлээр музей нь 1893- 1903 оны хооронд баригдсан дорнын хийцтэй модон барилга юм. 1961 онд ганц удаа бүхэлд нь сэргээн засварласан түүнээс хойш сэргээн засварлалт явагдаагүй. Жижиг сажиг засвар хийгдэж байсан л даа. Тиймээс яаралтай сэргээн засварлалт хийх хэрэгтэй гэсэн санал сэтгэгдэл их байдаг.

    Сэргээн засварлалтын ажил хийгдэж байгаа гэж сонссон энэ талаар?

    Үнэнийг хэлэхэд сэргээн засварлах ажил манай Монголын хувьд нийтээрээ хоцрогдсон. Музейн хөгжил бол 100 жилийн хоцрогдолтой гэж үздэг хүний нэг нь би. 1990 хэдэн онд сэргээн засварлалтын бодлогоо төр нь өөрөө алдчихсан улс шүү дээ. Сүүлийн үед л өв соёл минь...музей яав ийв гэдэг болж байна. Энэ сэргээн засварлалтыг хийх эрх бүхий байгууллагын хөгжлийн тухай ярьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Соёлын өвийн төвийн шинэ барилга ашиглалтанд орох гэж байна. Орон тоо юм нь батлагдсан сурагтай. Энэ бол сайн хэрэг...Учир нь музейн аль нэг үзмэр, дурсгалт барилгыг сэргээх, тэр ч бүү хэл цэвэрлэх үйл ажиллагаа хуулиараа энэ төвийн ажил болж байна. Жишээ нь манайх сүмүүддээ их цэвэрлэгээ хийх боллоо гэхэд энэ төвийн мэргэжилтний удирлаган дор хийх ёстой болдог. Музейн зүгээс халцарсан газарт нь будаг хүрэх, тэрчлэн угаах эрх байхгүй гэж боддоо. Мөн “Өв эрдэнэ” төслийн хүрээнд энэ жил эрсдлийн 9 үнэлгээ хийсэн, энэ маш сайн үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. АНУ-н Элчин сайдын яамны дэмжлэгээр “Богдын ирвэсэн арьсан тугдам” буюу гэрийг сэргээн засварлаад ажлын явц 90 хувьтай байна. 8 сарын 10 дотор гүйцэтгэлийн тайлан өгнө. Мөн “Лавиран”, “олон бурхад”, “Найдан” гэх сүмүүдийнхээ сэргээн засварлалтын зураг төслийг хийлгэж байна. 2020 онд ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна. Уран барилгын Сэргээн засварлалтын ажлын тендер их өвөрмөц ажил учир үүнийг хуульчилж тусгай заалтаар явуулмаар санагддаг. Тэгэхгүй бол түрүү түрүүчийн ихэнх ажлууд үр дүн маш муутай байгаа нь манай музей дээр батлагдаж байна.

    Энэ жил Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байна, энэ хүрээнд хийгдэж байгаа ажил юу вэ?

    Богд хааны мэлмий гийсний 150 ой энэ жил болж байна. Энэ хүрээнд ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Богд хааны ордон музейд “Богдын ногоон лаврин бичил цэцэрлэгт хүрээлэн” төслийн ажил эхэллээ. 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн бий болно. Төрийн соёрхолт, зураач Л.Ганхуягийн скизээр явагдаж байна. Одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил явагдаж байгаа.

    Музейн үзмэрт хэр орчим бүтээл байдаг вэ?

    Музейд маань 8600 гаруй үнэт өв байна. 12- 13 % орчим үзмэр ил байдаг. САН хөмрөгийнхөө үзмэрээр мэдлэг түгээх ,түүхэн үнэт өвөө сурталчлан таниулах зорилгоор улирал тутамд үзэсгэлэн гаргаж үзэгчдийн хүртээл болгож байна.

    Мэргэжлийн хөтөч тайлбарлагч хүртээмжтэй юу?

    Богдын музей маань нийт 20 ажилтантай. Жуулчид цөөхөн орж ирсэн үед хөтөч тайлбарлагч маань болоод байдаг. Харин 2,3-н автобус жуулчид ирлээ гэж бодоход ганц тайлбарлагч ганц эрдэм шинжилгээний ажилтан хүрэлцдэггүй нь ойлгомжтой. Заримдаа музейн удирдлага, менежер гарч тайлбарлах нь өдөр тутмын асуудал гэж хэлж болно. Ер нь ажилтан бүр 2-3 давхар ажил хийж байна. Слеасарь цэцэрлэгчээ, цахилгаанчин камер хянагч нарийн бичгийн дарга нь архив, бичиг хэрэг, захирлын туслах гээд ажиллаж байна. 2016 онд удирдлагын академийн балансаас манайд ирсэн “Хайстайн лавиран”, “торгон цэргийн байр гээд гурван объект байна. Тэдний ашиглалтыг хангаж ажиллах хэрэг байгаа. Төслийн төсөвтөө өгчихсөн байгаа.Орон тоо нэмэх шаардлага бол зайлшгүй байна.

    Ихэнхдээ аль улсын жуулчид орж ирж байна?

    Хуучин америк, европын жуулчид их байдаг байсан. Энэ жил азиуд тэр дундаа солонгос жуулчид олон үйлчлүүлж байна.

    Та музейн захирлаар ажиллаад нэг жил орчим болж байна. Энэ хугацаанд таны хийсэн ажлууд?

    Нэн түрүүнд хийх ажлууд бол маргаантай байгаа газруудын асуудал, хамгаалалтын бүсэд баригдсан зөвшөөрөлгүй объектууд, дохиолол хамгаалалт, бүрэн камержуулалт гээд олон жил шийдэгдээгүй ажлууд байсан. Тэднийг шийдвэрлээд тохижилтын маш их ажил байгааг ойлгож энэ ажлуудын зураг төсөл гээд албажуулах ажлуудаа албажуулаад авлаа. Одоо төр засаг, хувь иргэд, албан байгуулгуудтай хамтарч хийх төлөвлөгөө боловсрогдож байна. “Гайгүй сайн ажиллаж байгаа шүү чи! Өшөө сайн ажил!” гэж өөрийгөө ташуурдаж байгаа. /инээв/ Хийж болох ажлуудыг жагсааж байгаад 2 жилийн хугацаанд ингэж шийдвэрлэх юм байна гэж үзээд төлөвлөгөө гаргаж ажилласан тул ихэнхийг нь шийдвэрлэж чадсан, шийдвэрлэгдээгүй байгаа ажлуудын ийм зүйлс хийх ёстой гээд төлөвөлгөө боловсруулаад ажиллаж байна. Жишээ нь Одоо байгаа авто зогсоолоо Пантаам буюу усан оргилуур болгож зогсоолоо өмнө хэсэгтээ байгуулахыг зорьж байгаа. Манайх дээр одоо сервер хийгдэж байгаа. Серверийн судалгаа хийгдэж гэрээ байгуулж байна. Сервертэй байж гэмээ нь бид нар музейн хөгжлийн талаар ярих ёстой. Жишээ нь wifi тэй болоод музейн үзмэрүүдээ олон орны хэл дээр тайлбарладаг аппликейшн бүтээхээр зэхэж байна.

    Өөрөөр хэлбэл хөтөч тайлбарлагч хүн бүрт хүрч үйлчилж чаддаггүй тул жуулчин, Богдын музейн апп татаад бар код уншуулаад л өөрийн төрөлх хэл дээрээ тайлбарыг нь сонсож болдог болохыг зорьж байна. Ингэж цахимжуулснаараа гадны орны музейн хөгжилтэй жоохон ч гэсэн ойртохыг зорьж байгаа. Мөн хаягжуулалт, дохиолол хийх гээд олон ажил хийгдэнэ. Дэлхий дээр музей нь мөнгө олж болдог уурхай байж байхад манай улсын хувьд тийм биш байдаг. 2019. 1. 1-с эхлэн музей, театр нь олсон орлогоо өөрсдөө авч хөгжилд хувь нэмэр оруулах боломж нээгдсэн юм. Тиймээс аль хэр их мөнгө олж чадна тэр чигээрээ хөгжих боломжтой болж байгаа. Энэ нь бидний хувьд музейгээ хөгжүүлэх том боломж гэж харч байгаа.

    2020 онд Тайваны үзэсгэлэнд оролцох гэж байгаа гэж сонссон энэ талаар?

    2020 онд Тайванд болох үзэсгэлэнд манайхнаас хэдэн үзмэр тавигдах гэж байгаа. Энэ үеэр Тайваны мерчендайз хийдэг компаниудтай хамтарч ажиллах болно. Музей ер нь билетээрээ биш ийм зүйлээрээ орлогоо олдог гэж үздэг.

    Хүүхэд, сурагчид үзээд түүх өв соёлын тухай мэдлэг авч чаддаг болов уу?

    Манай дээр боловсролын ажлын байрыг шинээр бий болгож нийгэмд болон оюутан сурагчдад мэдлэг, өв соёлын тухай танин мэдүүлэх ажил явагддаг болсон. Түүхтэйгээ байгаа ард түмэн чинь хэзээ ч мөхдөггүй шүү дээ. Тиймээс манай музейн зүгээс түүхийн боловсрол олгох зорилгоор боловсролын байгууллагуудтай хамтарч ажилладаг.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье

    Баярлалаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй