Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэв.
СТАНЦУУД 20-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын систем, дулааны станц, халаалтын зуухны засвар, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийхийг даалгав.
Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн уурын зуухны янданд 09 дүгээр сарын 15-ны дотор утаа шүүгч суурилуулахаар боллоо.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дэргэд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн түүхий эд татаж төвлөрүүлэх, 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөцтэй болгохыг даалгав.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАНА
Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар болов.
Өвөлжилт, хаваржилт болон цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрэн бүрдүүлэх зэргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫГ ЭГҮҮЛЭН ТАТАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татав.
Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн.
С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны 09 дүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт