Энэ сарын 26 нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж, тус салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болсон уулзалтад ШУА-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэм шинжилгээний ахлах ажилтнууд, Төрийн өмчийн их сургуулиудын захирал, судлагааны төвүүдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцлоо. 21 эрдэмтэн үг хэлж, 30 гаруй санал тависан байна. Тэд шинжлэх ухааны салбарын санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, төр засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд үндэслэдэг байхыг Ерөнхий сайдаас хүсэв.
Түүнчлэн төр, засгийн зүгээс Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлэх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт анхаарч, дэмжихийг хүссэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн байна. Одоо асуудлын шалтгаанаа олсон учраас цаашид шалтгааныг арилгахын төлөө ажиллах ёстой гэлээ. Уулзалтын төгсгөлд ирэх есдүгээр сард шинжлэх ухааны салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцах болсноо зарласан байна. хэмээн БСШУСЯ-наас мэдээллэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт