ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МАРТАЖ ҮЛ БОЛНО /ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ/

    Хэлмэгдүүлэлт

    1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол нар нь 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан юм. 1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр эдгээр долоон хүн ээлж дараалан явцгааж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан тухай түүхийн хуудаст бичигджээ. 1923 онд нас барсан Сүхбаатар, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, Монголын түүхэнд их хэлмэгдүүлэлтийн он жилүүд үргэлжилсэн юм. Хэлмэгдүүлэлтийн үед эрчүүдээс гадна эмэгтэйчүүдийг тамлан зовоож, хахир хүйтэн өвөл, шоронгийн шалан дээр өлсөх даарахын зовлонг эдлүүлж байсан тухай ч олонтай дурсагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд бие давхар, хөхүүл нялх хүүхэдтэй эсэх нь хэнд ч, хамаагүй байсан бөгөөд тэр үед шоронгийн жорлонд хүүхдээ дутуу төрүүлэх, шоронгийн хүйтэн шалан дээр халуун амьсгаа нь тасрах нь тэр үеийн эх баригчдад өчүүхэн ч  өрөвдөм байгаагүй гэдэг. Энэ нь Улс төрийн хилс хэлмэгдүүлэлт нь ямар ч баримт нотолгоогүй, хэн нэгний өлссөн, цангасан, даарсан, тамлагдсан амны зоргоор буун дуу тас хийж байсан юм.

     

    Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.

    Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.

    Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг.

     

    УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ 3 ҮЕ ШАТАНД ХУВААДАГ

    I үе шат, 1922-1939

    Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерны заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хорогдов. 1932 оны зэвсэгт бослогын[1] дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. Зөвхөн 1937 оны 8 сараас 1938 оны 1 сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам, 322 нь хуучин феодал, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7171 хүний хэргийг мөрдөн байцаасан байх бөгөөд 6311 хүнийг цаазалсан байна.

    II үе шат, 1940-1955

    Порт-Артурын хэрэг

    Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

    III үе шат, 1956-1990

    Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

     

     Эх сурвалж: Зохиогч, хуульч Ц.Шаравдорж “Золиос” ном

    www.wikipedia.org

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй