ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дорнын их яруу найрагчтай 85 насных нь ойгоор “эргэн уулзав”

    1929 оны гуравдугаар сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн Дорнын их найрагч Б.Явуухулангийн шүлэг, найраглалыг нь уншиж өсөөгүй хүн өдгөө ховор. “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Би хаана төрөө вэ”, “Тэхийн зогсоол”, “Сохор зоосны дууль” зэрэг түүний олон бүтээл монгол хүн бүрийн цээжинд бий. Их зохиолч Д.Нацагдоржоос хойш Монголын яруу найрагт тодрон гарч ирсэн найрагч бол тэрбээр.

    XX зууны Монголын яруу найрагт нэгэн шинэ үзэгдэл болж, араасаа бүхэл бүтэн үеийг төрүүлж, уншигчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан уран бүтээлч түүнээс өөр байгаагүй. Тиймээс Монголын ард түмэн түүнийг дорнын их яруу найрагч, уянгын их дууч хэмээн өргөмжилдөг билээ.Түүний 85 насны ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам өнөөдөр болох юм.

    Уралдаанд оролцох яруу найрагчдад зохион байгуулагчид сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн нэг шилдэг ном, Очирваань бурхан, Отгонтэнгэр уул, хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлэг ирүүлэх, харин оюутан залууст өөрийн бичсэн гурван шилдэг шүлгээ ирүүлэх шаардлага тавьсан аж.

    Наадам хоёр үе шаттай явагдаж, тэргүүн байр эзэлсэн найрагчийг Хутагтын хишигт яруу найрагчаар тодруулж, мөнгөн шагналаар мялаах гэнэ.

                Би хаана төрөө вэ

    Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
    Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
    Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
    Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
    Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
         Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
         Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
         Цасан ширхэг царцаж мөс болох халилд
         Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
         Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

    Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
    Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
    Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
    Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
    Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
          Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
          Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
          Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
          Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
          Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

    Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

    Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
    Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
    Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
    Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
         Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
         Зүйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
         Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
         Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
         Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
    Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
    Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
    Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
    Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
    Сайхан бүсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
             Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
             Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
             Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгvй
             Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
             Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
    Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
    Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
    Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
    Алтан талд татах солонгын долоон өнгөнд
    Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
          Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
          Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
          Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
          Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
          Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
    Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
    Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
    Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
    Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
    Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

                                                                                           Г.Золзаяа
     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй