Манай улсад төгрөгийн ханш суларч, вальютийн ханш өдрөөс өдөрт чангарсаар буй. Эдийн засгийн өсөлт буурч инфляци ирэх онд бүр ч гаарна хэмээн эдийн засагчид дүгнэж буй. Нэг хэсэг бага зэрэг суларч тогтворжсон долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болж нэг ам доллар 1885 төгрөгт хүрээд байна. Цаашид энэ тоо өсч нэг их удахгүй 2000 төгрөгт хүрнэ гэх муу мэдээг эдийн засагчид дуулгах болсон.
ОУВС энэ сарын 7-нд Дэлхийн эдийн засгийн төлөв гэх тайлангаа хэвлүүлсэн. Энэ тайланд ирэх онд Монголын эдийн засаг ердөө л 5,8%-иар өснө. 2016 онд ердөө 3,6%-иар өснө гэж тооцоод байна. 2015 онд Монголын ДНБ-ий хэмжээ одоогийнхоос 7%-иар унана. Энэ нь Хятадад нүүрс, төмрийн хүдэр, зэсийн эрэлт буурснаас хамааралтай хэмээн ОУВС-ын шинжээчид дүгнээд байгаа юм. Цаашдаа ч Хятадын эдийн засгийн сааралт удаан хугацааны турш Монголд сүүдрээ унагасаар байх болно гэж тэд анхааруулж байгаа.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа ч ОХУ үнээ нэмж баррель нефтийг 84 ам доллараар борлуулж буйгаа ирэх оноос 95-100 ам доллар болгохоор төлөвлөсөн гэх мэдээ гарах болсон. Ингэвэл шатахууны хувьд ОХУ-аас хараат манай орны хувьд бас л хүнд байдалд орхон нь дамжиггүй.
Хаа хаанаа эдийн засгийн хямралыг эрсдэл багатайхан давахаар ажиллаж буй энэ үед 2 хөрш маань эдийн засгийн ямар бодлого барьж буйг товчхон дуулгая.
Барууны хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналттай холбоотойгоор ОХУ ч эдийн засгийн хувьд хүндхэн байдалтай байна. Ерөнхийлөгч В.Путин энэ байдлыг зохицуулахаар бодлогын хүүгээ өсгөх зөвшөөрлийг Төв банкиндаа өгсөн бөгөөд ингэснээр рублийн ханшийн уналтыг сааруулж, инфляцийг барина гэж төлөвлөсөн байна. Гэвч түүний энэ алхам үр дүн муутай, ОХУ-ын эдийн засгийг ирэх онд улам хямрахад хүргэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Евродын сэргээн босголт, хөгжлийн банк 2015 онд ОХУ-ын эдийн засаг өсөлтгүй, харин ч 0,2 хувийн бууралттай гарах тооцоо гаргаад байна. Рублийн ам долларын эсрэг ханш он гарснаас хойш 29 хувиар суларсан бөгөөд ОХУ ганцхан сарын дотор 30 тэрбум ам доллараар интервенц хийгээд байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болоод буй БНХАУ-н эдийн засгийн өсөлт 2009 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээндээ буюу 7,3 хувь болж буурсан. Тэгвэл Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч буурна гэж Хятадын тал дүгнээд буй юм. Иймээс тэд төсөв мөнгөний зөөлөн бодлого барихаар шийдээд байна.
Саяхан тэд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргажээ. Хадгаламжийн хүүг 3,0 байсныг 2,75 болгож, зээлийн хүү 6.0 байсныг 5,6 хувь болгож бууруулсан байна. Ингэснээр өнгөрсөн тавдугаар сараас хойш ам долларын эсрэг чангарч буй юанийн ханш аажимдаа сулрах төлөвтэй байгаа аж.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт