Монголын эдийн засгийн багтаамж өнөөдөр 10 тэрбум доллар болжээ. Арван таван жилийн өмнөх шигээ нэг тэрбум дээр очсон ч 60 сая малтай монголчууд турж үхэхгүй нь мэдээж. Гэхдээ ингэж их эрчимтэй тэлсэн эдийн засаг том эзэлхүүнтэй болсон учир эргээд хавчаад эхлэхээр илүү хурц хямралд очино. Хувийнхны болоод хувьсгалын гадаад өрийн нийт хэмжээ бараг 17 тэрбум доллар болж байгаа байх. Үүнээс гадна үндэсний 20 том зээлдэгчийн дотоод өр хоёр ихнаяд төгрөг давж байна. Энэ бол татварын ихэнхийг төлж байгаа компаниуд ээлж дараалан дампуурна, эсвэл арилжааны банкуудаа бүгдийг нь татаж унагана гэсэн үг. Учир нь Монголын бүх арилжааны банкны зээл олгох дээд чадвар ердөө 8-9 их наяд төгрөг шүү дээ.
Ойрын нэг хоёр жилдээ нэн яаралтай төлөх Засгийн газрын 500 сая доллар, Төв банкны төлөх 600 сая доллар юун түрүүн хүлээгдэж байна. Эхнийх нь Засгийн газрын бондуудын хүү, дараагийнх нь Хятадтай байгуулсан своп зээлийн өр. Үүнийг төлөх мөнгө манайд байхгүй болсон. Гаднаас валютийн урсгал орж ирэх нь бараг зогсох чиглэл рүүгээ явж байгаа ба хойтонгийн өрийг яаралтай барагдуулахгүй бол бүр таг зогсох нигуртай. Үүнийг гаргаж авахын тулд төсвийн таналт одоо хэрэгтэй. Нийт төсвийг одоо 25-30 хувь танахаас өөр аргагүй ... гэж өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэрт нийтлэлч Б.Баабар “Өдрийн сонин”-ы “Баабар ингэж өгүүлэв” хэмээх буланд нийтэлжээ. Түүний бичсэн “Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх вэ?” хэмээх нийтлэлээс шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэн түрүүнд хийх шаардлагатай гэсэн 10 зөвлөгөөг товчлон хүргэж байна.
Гадаад өрийн хүүгээ яаралтай төлөхгүй бол цаашид зээл олдохгүй. Зээлээр эхний хүнд давалгааг туулна. Иймээс үгүйдээ л Засгийн газрын өрийн таазыг яаралтай нэмэх хэрэгтэй. Өрийн тааз тэдэн хувиас хэтэрвэл улс сөнөдөг гэх мэтийн уран сайхны яриагаа зогсоомоор байна.
Татвар голлон төлөгч том компаниудад компаниар нь барьцаалж зээл олгох хэрэгтэй байна. Олон тийшээ сарваганаж жижиг дунд үйлдвэрлэл гэх мэтийгээ одоохондоо хйшоо тавих шаардлагатай. Чухам тэд л юун түрүүн эргэж сэргэн босч ирснээр цалин цавуу, тэтгэвэр халамжийн мөнгийг чинь олж ирнэ шүү дээ.
Нийгмийн салбарын хувьчлал хийж эрүүл мэнд, боловсролын салбарыг зах зээлийн тогтолцоо руу оруулбал асар их нөөц гарч ирэхээр байна. Зөвхөн энэ хоёр салбар улсын нийт төсвийн гуравны нэгийг эзэлдэг. Энэ суларсан мөнгөөр асар их зүйл хийж болохоор барахгүй эрүүл мэнд боловсролын салбарыг илүүтэй дэмжинэ.
Соёл олон нийтийн зориулалттай асар их хөрөнгө оруулалт баян байхдаа сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийгдсэн. Энэ болгоныг болохыг нь үнэ дуудаж, болохгүйг нь олон жилээр түрээслэх, зээлээр өгснөөр маш их урсгал зардал хэмнэгдэнэ.
Улсын мэдэлд асар их хэмжээний хөрөнгө байна. Улсын үйлдвэрүүд толгой дараалан алдагдалтай ажиллаж буй. Энэ болгоныг хувьчилж байж л дампуурах нэг нь дампуурч, босох нэг нь босно.
Үйлдвэрлэлийг ашигтай ажиллуулахын тулд төрөөс албаар барьж байгаа үнийн хязгаарлалыг болиулах хэрэгтэй. Ялангуяа эрчим хүч, шатахуун, нүүрс, цахилгаан дулааны үнийг чөлөөлөхгүйгээр хойшид ч цаашаа өндийхгүй.
Тавантолгойг ашиглаж эргэлтэнд оруулах оролдлого 1973 оноос эхэлсэн. Бараг 50 жил өнгөрлөө шүү дээ. Оюутолгойг 2001 онд нээсэн, хэрүүл нь дуусдаггүй. Хармалсаар байгаад хэнд ч хэрэггүй болох нь. Алив орон геологийн хайгуулыг хэнээр ч хамаагүй чөлөөтэй хийлгэдэг. Төр гагцхүү стандарт шаардана, хугацаа өгнө, гарсан үр дүнг нь нэхнэ. Ингэснээр тухайн улсын үнэлэмж нэмэгдэнэ. Судлагдсан баялагаараа дэнчин тавин зээлжих бүрэн бололцоотой болдог. Төр ашиглалтаа хянадаг болохоос хайгуул бол улсад орж ирж буй үнэгүй бэлэг, үнэлэмжийг нь нэмж дэлхийн зах зээлд гарч ирэх бололцоог нь дээшлүүлдэг.
Засгийн газар гадаад дотоодын ямар ч компанитай тэндэр зарлаж гэрээ хийж тохиролцчихоод удахгүй эргэж буцан булхайцах, тохироогоо өөрчлөх, хуулиа засах увайгүй үйлдлээ дахин давтаж болохгүй. Ийм увайгүй амьтантай хэн ч хамтардаггүй. Нэгэнт тохирсноо баримталдаг, оруулсан хөрөнгө болон бусад капиталыг нь хөндлөнгийн ямар ч халдлагаас хамгаалж чаддаг төртэй орон л итгэл хүлээдэг.
Өдгөө эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах технологид хувьсгал гарсны буянаар АНУ дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч боллоо. Ойрхи Дорнодын ач холбогдол буурч эхлэв. Занараас эрчим хүчний эх үүсвэр гаргаж эхэллээ. Давхрагын хийг ашиглах технологи нэвтэрлээ. Азаар Монгол нь занар болон давхрагын хийгээр баян. Энэ бол хурдан сэхэх нэг бололцоо.
Энэ бүх арга хэмжээг авч байж л өнөөгийн манай нийгмийн урагшлах замын гол бул чулуу болоод байгаа авилга байхгүй болдоггүй юм гэхэд эрс багасна. Нийгэм авилгад идүүлсэн байхад юун ардчилал, ердийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Төр хэдий их зүйл мэдэлдээ байлгана, авилга төдий л их байна. Хулгай хийдэг сав нь том болохоор аргагүй шүү дээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгөх Р.Амаржаргалын 10 зөвлөгөө
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2014.11.19
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт