Унгарын Будапешт хотноо өчигдөр буюу наймдугаар сарын 28-нд эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочид мөнгө, хүрэл медальтай Японы багийн дараа хоёрдугаарт бичигдээд байна.
Манай багийн араас нэг мөнгөн медальтай Азербайжаны баг нэхэж байна. Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэй 52 кг, 57 кг, эрэгтэй 66 кг, 73 кг жингийн барилдааны шилдгүүд тодорно.
Өчигдөр манай баг тамирчдаас гурван жүдоч хүч үзэж дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн эзэд болж Дэлхийн аваргын алтан медалиа хослуулсан юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяатын хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румын улсын жүдоч Александра Попыг, гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялсан юм. Харин дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдаж мөнгөн медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний тойрогтоо Европ тивийн аварга, Гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялж гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар яллаа. Харин хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдаж дагах барилдаан хийв. Тэрбээр, Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялсан бөгөөд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн жүдоч Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялж дэлхийн аваргын алтан медалиа хүрэл медалиар хос болгов.
Харин 60 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д Казахстаны жүдоч Гусман Киргызбаевтай барилдаж, торгуулиар ялагдаж энэ жилийн ДАШТ-ийг орхилоо.