Уншигч-сурвалжлагч Н.ЖАНЦАННОРОВ
Энэ удаагийн“Уншигч-сурвалжлагч”-аар хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров ажиллав. Тэрбээр “Жигүүр гранд” группийн ерөнхий захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин, “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөрийг зочноороо урьж ярилцсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй, завгүй энэ эрхмийг олж авч, “байцаан”, хүүхэд ахуй нас, барилгын салбарт анх хөл тавьсан хийгээд хэрхэн өнөөдрийн амжилтад хүрсэн, хөгжмийн ертөнц, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлийг нь уудалсан илэн далангүй ярилцлагыг уншигчдадаа дэлгэж байна.
-“Би өнөөдөр мэргэжлээ өөрчилж, хөгжмийн зохиолч биш, сурвалжлагч болчихсон явна. Тэгэхээр хоёулаа таны нутаг усны талаар ярилцлагаа эхэлье. Баттөр маань уугуул нутаг хаанахынх билээ?
-Аав, ээжийн минь нутаг Өвөрхангай. Аав маань Есөнзүйл сум, хуучнаар Илдэн бэйлийн хошууны хүн. Ээж Хайрхандулааных. Би Сэлэнгийн Зүүнхараад төрсөн. Манай аав Баян-Өлгий аймагт баруун хилд Хязгаарын цэргийн офицероор ажиллаж байсан юм.
Томилолт нь дуусаад хотод амьдрах болсон. УБТЗ-ын томилолтоор Зүүнхараа өртөө байгуулагдах үед тэнд боловсон хүчнээр очиж, тэнд би төрсөн юм аа.
-Зүйлийн хойд талд Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойг тэмдэглэж, анх удаа Бат-Оршил өргөх наадам хийсэн шүү дээ, 1995 онд. Та хэдэн жилийн өмнө тэр буурин дээр их сайхан өргөө босгосон байсан. Нутагтаа зориулж хийсэн үү?
-Аав минь Илдэн бэйлийн хошууны, одоогийнхоор Зүйлийн хөндий, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн газар шорооны ойролцоо төрсөн юм билээ. Өндөр гэгээн Монголын газар шороон дээр нэг ч хятад хүн хүрз барихгүй, бас монгол хүнтэй суухгүй байх шаардлага тавьж, Манжтай гэрээ байгуулсан гэдэг. Магадгүй тэр нь өнөөдөр бидний оршин тогтнох үндэс болсон болов уу гэж боддог юм.
Аав ээжийнхээ нутгийг хайрлаж явдаг. Тэр утгаар нь тэнд өргөө босгосон.
-Та шашин шүтдэг үү?
-Тодорхой хэмжээгээр шүтлэг байлгүй яах вэ. Монголчуудын эртнээс шүтэж ирсэн бурхны шашнаа шүтдэг. Гэртээ бол Янжинлхам бурхнаа залсан.
-Эцэг эхээс та хэдүүл вэ?
-Эхээс есүүлээ. Би дундах нь. Доороосоо тав, дээрээсээ ч бас тав дахь нь.
-Ямар мэргэжилтэй билээ?
-Би 1977 онд Худалдааны техникум төгссөн, таваар судлалын мэргэжилтэй. Сүүлд ардчиллын үед Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль төгссөн.
-Барилга руу ороход ямар өдөөгч байв?
-Намайг багад манайх одоогийн хороололд, тэр үеийн нэршлээр Таван зуун айлд байлаа. 13 дугаар сургууль төгссөн. Манай ангийн гайгүй сурлагатай гэсэн хүүхдүүд нь бүгд техникумд орсон юм. Яагаад гэвэл тэр үеийн стипенд боломжийн байлаа ш дээ. Худалдааны техникумд реклам чимэглэлийн маш гоё анги шинээр нээгдэж, ангиасаа сурлагаар хоёрдугаарт жагсаад би тэр ангийг сонгосон.
Шугам зураг, математикийн хичээлд их дуртай байсан. Намар хичээл эхэлтэл харин реклам чимэглэлийн ангийн багш нь Оросоос төгсөж ирээгүй гээд хоолны анги, бараа судлал, таваар судлалын ангиас сонголт хийх санал асуусан. Тэгээд л би таваар судлалын ангид суралцаж төгссөн дөө.
-Яг хэдийд барилгын бизнес рүү орчихов оо. Эсвэл бусдын жишгээр ганзагын наймаагаар эхэлж байв уу?
-Барилгын ажлыг бүр багаасаа гадарласан гэх үү дээ. Зургадугаар анги төгссөний дараа зун мөнгө олмоор санагдаад болж өгдөггүй. Миний доод талын хоёр дүү нэг нь гурав, нөгөө нь хоёрдугаар ангид байлаа. Одоогийн “Материал импекс”-ийн цаад талд “Комплекс импекс” гэж байсан юм. Хашаандаа нэг том уурын зуухтай. Тэр хавиар явж байгаад тэндхийн аж ахуйн даргатай уулзахгүй юу.
“Энэ хавиар надад таарсан ажил байна уу. Би зуны амралтаараа ажил хиймээр байна гэж учраа хэлтэл “Ээ, чи яаж ажил хийнэ ээ. Чамд таарах ажил байхгүй” гэж байна. Маргааш нь дахиад гүйгээд очихгүй юү. Настай хүн байсан юм. Над руу харж байгаа харц нь нэг тийм өрөвдсөн ч юм уу, ямар айхавтар хүүхэд вэ ч гэж бодсон уу. Тэгээд эргээд очсон чинь “Чи мөнгө олох гэж байгаа бол ийм ажил байна. Энэ уурын зуухыг засах гэж байгаа юм. Хятадууд мөнгийг нь голоод явчихсан. 700 төгрөг ажлын хөлсөнд өгнө. Уурын зуухны дотор талыг хусаад, шохойдоод, шаланд нь бетон цутгах юм. Хэрэв чамд ах нар байдаг бол нийлээд хийчихэж болно” гэж байна.
Тэр үед хятадууд л ийм халтуур хийдэг байж. Тэгээд дүү нартайгаа яриад гэрээ хийгээд, ажиллахаар болсон. 700 төгрөгөөр бид тэр уурын зуухыг засчихсан шүү. Мөнгөө хувааж авав аа. Би 60 хувийг нь, 400 төгрөг авсан. Нөгөөдүүлдээ хэдийг нь ч өглөө дөө. Гурвуулаа ямар ч гэсэн мөнгөтэй болчихсон л юм.
-Энэ хэдэн он бэ?
-1969-1970 юм уу даа. Манайх Төмөр замд байшинд ороод удаагүй байсан үе. Дүү нар өнөөх мөнгөөрөө баахан загас авсан. Мөрөөдөл нь загас байж. Нэг жижигхэн аквариум аваад өнөөх загаснуудаа хийчихсэн. Би бодож бодож гэртээ 140-ийн, румын сандал хосоор нь авлаа. Бусад мөнгөө өөрөө хэрэглэсэн. Ингэж л анх барилгын ажил нэг иймэрхүү юм байна гэсэн шинж төрх ажигласан.
Хүнд хэцүү, сайн ажиллавал бас үр өгөөжөө өгдөг юм байна гэсэн бодол төрсөн.
-Бэрхшээлгүй зүйл гэж үгүй. Ер нь энэ олон жилд хамгийн хүнд бэрхшээл юу байсан бол?
-Ажил төрөлтэйгөө холбож ярья л даа. Эрэлттэй, эрэлтгүй, сэтгэлд дарамттай, дарамтгүй гэхчилэн бизнес олон янз. Анх би Хоршооллын гуанз ажиллуулж бизнесээ эхэлсэн. Манай найз Банзрагч хотын Төмөр замын трестийн дарга байсан юм. “Энэ дан байшинг засаад чи юм хий. Төмөр замын өмч шүү. Хоёр жил ашиглаж болно” гэлээ. 1988 он шүү дээ. Тэр барилгыг бас зассан.
Эргээд бодоход хуулиар юмыг хэтэрхий хатуу хорьчихвол тэр л хамгийн хүнд юм билээ. Чи тэгж болно, ингэж болохгүй. Тэдэн цаг ажиллуулах ёстой. Тийшээ ч юм зарж болохгүй гэдэг ч юм уу. Мах авах гэхээр олдохгүй, одоогийнхтой адил бэлэн байсангүй. Дэлгүүрийн худалдагч, няравтай нь уулзаж бөөн юм болж махаа авна. Тэгээд удалгүй картын барааны үе эхэлж, юу ч хийж чадахгүй болсон.
Гэртээ мах авч чадахгүй байж юун гуанз ажиллуулах манатай. Гэхдээ би тэр үед Хоршооллын гуанз ажиллуулаад машины мөнгө хийсэн шүү. Барилгын бизнес эрсдэл ихтэй. Биднээс шалтгаалахгүйгээр хөдөлмөрийн ямар нэгэн аваар осол гарна. Тэр болгонд шүүх, цагдаа янз бүрийн асуудал босно. Хүний алтан амь эрсэдвэл компанийн захирал холбогдож л таарна шүү дээ. Талх зарах бол өөр хэрэг. Маргааш нь хэн ч ямар ч гомдол гаргахгүй.
Барилгын хувьд хэдэн жилийн дараа ч ямар нэгэн асуудал гарвал “Баттөр барьсан, “Жигүүр гранд”-ынх” гэх жишээтэй. Тэгэхээр мөнхөд эрсдэлтэй бизнес байгаа биз. Хожим эмнэлгийн бизнес рүү орохдоо ч би бодсон. “Бас л эрсдэлтэй шүү дээ, Баттөр өө” гэж цаанаас нэг юм хэлээд байсан. Гэхдээ монголчууд бид өөрсдөө хийхгүй бол өөр хэн үүнийг хийх вэ, тийм биз дээ.
-1960-аад онд УИД, Энхтайваны гүүрийг хятадууд барьсан. 120-ийг ч мөн тэд барьж байгаад дутуу орхисон гэдэг. Дараа нь Зөвлөлтийн ах нар III, I хороолол, бусад олон барилгыг барьсан.
Монголчууд бие дааж барилга руу хүчтэй орж чаддаггүй байсан шүү дээ. Танай компани зах зээлийн үед анхдагчдын нэг болж гарч ирсэн байх, тийм үү?
-Ерөнхийдөө цөөхөн компани байсан. Тухайн үед монголчуудын барьсан барилга оросуудынхаас эрс ялгаатай харагддаг. Жишээ нь, барилгын цэргүүдийн барьсан байшингууд их сонин, муруй хазгай. Оросууд ч их голдог байв. Сүүлд зах зээлд орж, хувийн компаниуд гарч ирэх үед барилгын суурь дэвсгэрүүд хэдийнэ бий болчихсон байсан л даа.
Ардчиллаас өмнөх үед инженер техникийн мэргэжилтнүүд бүгд Орост төгссөн, тэндхийн школоор бэлтгэгдсэн байв. Барилгын ТМС төгссөн, олон сайхан барилгачид байсан ч барилгын зах зээлийн систем нь бүрдээг үй байсан гэх юм уу даа. Систем гэдэг маань зургийн захиалга өгөхөөс эхлээд, газар сонголт, суурь цутгах, барих, хамгийн сүүлд барилгаа барьж дуусаад, ажилчдадаа цалингаа өгөөд, улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх циклийг хэлж байгаа юм.
Өнөөдөр ч барилгын салбар энэ системээр явдаг. Тэр үед маш олон алдаа дутагдал байсан гэж би боддог юм. Тэр нь зах зээлд шилжсэнээр аажимдаа алга болсон.
-Та хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Манайх нэг их том компани биш. Ерөнхийдөө 1000 гаруй ажилчинтай.
-Гаднаас ажилчин авдаг уу?
-Улирлын чанартай, 200-300 гэрээт ажилчин авна.
-Урдаас авах уу, Солонгосоос уу?
-Үгүй, монголчуудаа авч ажиллуулдаг. Бид 26 жил барилга барьсан гэж бодоход компани маань 28 жил болж байна. Анх “Жигүүр” нэртэй хоршоо байгуулж, дараа нь хувиараа эрхлэх аж ахуй болсон. Тэр үеэс л барилга руу орсон доо. Барилгын засвар хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
-“Монголчууд гэрээт ажилчид юм уу, улирлын чанартай ажил хийхээрээ хулгай хийдэг, цалингаа аваад маргааш нь ажилдаа ирдэггүй ч юм уу, маш хариуцлагагүй байдаг. Тэгснээс хятад ажилчдыг авчраад майханд байрлуулаад, барилга бариулсан нь дээр” гэсэн яриа байдаг. Энэ яриа ортой юу?
-Харьцангуй ойлголт байх. Манай монголчууд бүтээмж сайтай. Юмыг их хурдан сурдаг. Барилгаа сайн мэдэхгүй, эсвэл төсөл хариуцаж буй компаниуд гүйцэтгэгчээ буруу сонгосноос болж л иймэрхүү яриа гардаг болов уу. Монгол ажилчид хятад, солонгосчуудтай зарим юмаараа зүйрлэхийн аргагүй шүү дээ.
Би өөрийнхөө ажилчдыг шүтэж явдаг. Солонгост барилга дээр очиход хятад, тайланд, монгол гурваас монголчуудыг л авдаг. Бид нэг юмыг ойлгохгүй байх шиг. Монголд барилга хөгжиж байгаа шүү. Оросын Улаан-Үд ч юм уу, зарим хотын барилгын дэргэд манайх илүү сайн. Бээжингийн зарим барилгын дэргэд ч чанараараа илүү.
- Барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн чадвар өсөж байна уу?
-Өсөлгүй яах вэ. Монголд барилгын бизнес эрчимтэй хөгжиж, Улаанбаатар хотын ихэнх айл өрхийн амьжиргаа барилгаас хамааралтай байлаа шүү дээ, нэг үе. Зарим нь барилгын материал үйлдвэрлэдэг, нэг хэсэг нь зарж борлуулдаг ч юм уу. Төр засгаас жаахан дэмжээд өгвөл барилга цаашдаа хэнээс ч дутахгүй хөгжинө гэж боддог юм.
-Барилгын салбарт өрсөлдөөн хэр байна. Тэр нь яаж мэдрэгддэг юм бэ?
-Өрсөлдөөн мэдээж байна. Хийж байгаа төслүүд нь цаг хугацаандаа босож байна уу, барьсан бүтээгдэхүүн нь ард түмний сэтгэлд хүрч байна уу, захиалга борлуулалт, эдийн засаг талдаа нөлөөлөл юу байна, бизнес төлөвлөгөөгөө яаж зөв зохицуулж байна вэ ч гэдэг юм уу, өрсөлдөөн бүх талаар явагддаг.
Жишээ нь, миний бизнес зарчим гэвэл би улс төрийн ямар ч харьяалалгүй хүн. Аль ч намд элсэж үзээгүй. Миний хувь хүний онцлог гэх үү дээ, улс төр сонирхдоггүй. Улс төр хийдэг хүмүүс нь улс төрөө хийгээд, бизнес хийдэг нь бизнесээ хийгээд өөр өөрсдийнхөө түвшинд хөгжөөд явбал Монгол Улсын хөгжилд нэмэр болох болов уу гэж боддог.
-Танд улстөрчдийг лообийдох, өөрийнхөө талд шийдвэр гаргуулах талаар хөөцөлдөх шаардлага гардаг уу?
-Тийм асуудалд би оролцдоггүй ш дээ. Зарим үед хүнд л байдаг. Гэхдээ би өөрийнхөө замыг сонгосон учраас хүнд хэцүү байсан ч туулаад гарахаас өөр яах вэ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үг байдаг. Энэ үгийг бодохоор миний бодлого буруу л юм шиг байгаа юм.
-Танай барьсан барилга байгууламжууд ихэвчлэн хотын зэрэглэл өндөртэй байршлуудад байдаг. Газар олоход лообийдох, танил тал хайх шаардлага гардаггүй юм уу. Яаж та ийм аятайхан зэрэглэлийн газруудыг олж авдаг юм бэ?
-Амгаланд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга барихаар бид таван жил шахам хөөцөлдөж байна. Ардчиллынхны санаачилсан ажлыг хамтраад хийчих гээд өнгөрсөн дөрвөн жил үзлээ, бичиг цаасны асуудлаас болоод одоо хүртэл төслөө эхэлж чадаагүй л явна. Дөрвөн байршилд зөвшөөрөл авах ёстойгоос нэгийг нь л арай ядан аваад байна. Энэ төслийн нэг гарын үсгийг зургаан сар хөөцөлдөж байж сая арай гэж зурууллаа.
-Яагаад зурж өгдөггүй юм бэ?
-Хот өөрийн гэсэн дүрэм журам, хууль эрх зүйн орчинтой. Тэр нь зарим зүйл дээр маш их зөрчилддөг. Төрийн албан тушаалтнууд тэрийг ашиглах ч юм уу, саад тотгор тавьдаг тал бий. Жишээ нь, Бат-Үүл даргын үед бид “Park View Residence” дээрээ швейцарьчуудтай хамтраад 18 давхар зочид буудал барья гээд зураг төслөө хийгээд өгсөн.
Хойд талдаа орон сууцтай, нар хаана гээд зөвшөөрөөгүй. Гадаад явдлын яамны дэргэд “Гранд оффис центр” гээд намхан барилга барьсан. Тэрийг бас л зургаан давхраас дээш барихыг зөвшөөрөхгүй гэсэн. Би лообийдсон бол болох л байсан. Тэгээгүй.
-Барилга, газартай холбоотой авлига, хээл хахууль энэ салбарт байдаг гэж өчнөөн жил ярьж байна. Энэ чиглэлээр олон жил ажилласан хүний хувьд ийм асуудал үнэхээр бий юү?
-Шуудхан хэлэхэд байгаа байх. Хуулиараа өгсөн, авсан нь хэрэгт ордог учраас нууц байдалд байдаг болов уу. Хууль буруу гарахаар хууль биш, гууль болдгийн жишээ л дээ. Соц үеийн тэр хуулиуд олон жилийн явцад шүүгдэж гарч ирсэн сайн хуулиуд байсан. Тэдгээрийг ардчилсан цаг үедээ зохицуулж зөв өөрчлөх ёстой байтал тэгээгүй.
Хэт нөгөө өнцгөөс нь хараад дураараа өөрчилснөөс болоод өнөөдрийн гажуудал, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл, бүх юм тэндээс үүсэлтэй. Улс төрийн тогтолцоо, өнөөдрийн бодлого ч гэсэн тийм л байна шүү дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, ер нь бүх л хуулийг хамаа замбараагүй өөрчилсөн.
Америкт, Канадад ийм байна гээд хэн нэг эрх мэдэлтэн дураараа өөрчилдөг. Тэр нь бидэнд тохирч байгаа юм уу, үгүй юү. Үүнийг л тодорхойлж, хуульчилж өгөх ёстой. Түүнээс биш нэг хүнд хариуцлага тооцохдоо гол биш.
-“Гранд мед” эмнэлэг, “Гэгээнтэн” цогцолбор гэдэг ч юм уу, танай зарим барилга байгууламж нэг талаасаа бизнесийн юм шиг мөртлөө нөгөө талаасаа нийгмийн хандлагатай бүтээн байгуулалтууд байх юм?
-Япон, Солонгосын, гадаадын зарим томоохон компанийн захирлуудтай уулзахдаа би санаа зовдог. Алинд нь ч хүчтэй амжилт олоогүй байж танилцуулга дээрээ баахан юм биччихдэг. Надад ичих булчирхай байна биз дээ. Энэ жижиг зах зээлийн эрх зүйн орчны ороо бусгаа байдлаас болж өнөөдөр барилгын бизнес хөгжиж чадахгүй байна.
Хятад, Оросын том зах зээл дээр тоглолт хийж байгаа бол өөр хэрэг. 20-иод жилийн өмнө хамтран ажиллаж, надад үйлчлээд явж байсан хятад нөхөр өнөөдөр тэрбумтан болчихсон явна шүү дээ. Манай өнөөдрийн зах зээлийн орчин маш жижиг, эмзэг. Энэ зах зээл дээр хөлөө олж, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд зарим нөхөд ашигтай гэсэн хувилбарууд руу ороод байгаа юм. Тэр бизнесмэнүүдийн буруу биш ээ.
Жишээ нь, барилга ашигтай гээд баахан хүн барилга руу ороод зах зээл нь уналаа шүү дээ. Иймэрхүү байдлаар би ч бас өөр салбар руу, жишээ нь эмнэлгийн бизнес рүү орсон. Ганц хөлтэй байсан бол хоёр хөлтэй болъё гээд. Хоёр хөлтэй байснаа тулгын гурван чулуутай болъё гэдэг ч юм уу. Солонгосын эмнэлгийн үүдэнд дугаарлаад зогсож байхдаа “Монголчууд бид цөөхүүлээ. Яагаад энд ингэж дугаарлаж зогсох ёстой юм бэ. Өөрсдөө эмнэлэг байгуулж болохгүй гэж үү” гэж бодсон.
Монгол хүний генийн фонд алдагдаж эхэлж байна шүү дээ. Гэтэл монгол хүн гадаадад очоод бүх юмаа даатгачихдаг. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч болохгүй асуудал.
-Танай “Гранд мед” эмнэлэгт би тархины судасны зургаа авахуулаад, Япон руу явсан юм, саяхан. Японы өндөр мэргэжлийн эмч нар тэр зургийг үзээд танай эмнэлгийн аппарат хэрэгсэл, хийсэн дүгнэлт нь олон улсын түвшинд хүрчээ гэж хэлж байна лээ?
-Эмнэлэг байгуулах гэж би нээрээ онигоонд орсон. Солонгос бол жилд 40-50 эмнэлэг дампуурч, шинээр мөн тооны эмнэлэг ашиглалтад орж байдаг газар шүү дээ. Орчуулагчтайгаа хоёул эмнэлэгт байгуулна гээд Солонгосын эмийн компани, эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанийнхантай уулзаад явахгүй юү.
“Монголоос ирсэн нэг нөхөр эмнэлгийн ямар ч мэргэжилгүй байж бүр нуруу нугасны эмнэлэг байгуулна гэж яриад явах юм. Энэ бүтэхгүй ээ. Хөөрхий, мөнгө нь гижигдээд байгаа юм байлгүй” гэж нөгөөдүүл хоорондоо ярьж л дээ. Энэ тухай сүүлд бүр эмнэлэг барьсны дараа орчуулагч надад хэлсэн. Нуруу нугасны эмнэлэг байгуулах гэж солонгосчууд өөрсдөө 10-аад жил судалж, дараа нь дахиад арав гаруй жил болж байж олон улсын түвшинд хүрдэг байхгүй юу. Бид нэг л зүйл дээр “number one” байя гэж бодсон юм.
“Гранд мед” эмнэлгээ нуруу нугасны чиглэлээр байгуулсан. Өөр эмнэлгүүд бусдыг нь хийг. Солонгосын нуруу нугасны мэргэшсэн 40-өөд эмчтэй уулзсан. Солонгос хүн мөнгө л байвал хөдөлгөөн сайтай юм байна лээ. Тэндээс 4-5 эмч, арваад мэргэжилтэн, сувилагчийг эмнэлгээ нээсэн даруйд авчирсан. Америкт суралцаад ирсэн, Солонгосын өндөр мэргэжлийн, сор болсон эмч нарыг дагалдуулж өөрийнхөө эмч нарыг тавьсан. Солонгосчууд хоёр жил ажиллаад буцсан.
2015 онд БНСУ-ын Чэжү хотод болсон Ази, Австралийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн хурал дээр 470 илтгэлээс манай эмч нарын илтгэл эхний наймд шалгараад, тэндээсээ Азидаа нэгдүгээр байранд орсон. Өөрийнхөө эмнэлгийн хамт олныг магтмаар байна. Эрдэнэ шиг сайхан хамт олон цугласан.
Нуруу нугасны дискний хагалгааг хэрийн эмч нар хийж чаддаггүй. 2016 онд Америкийн Чикаго хотод болсон мэдрэлийн мэс заслын хуралд манай эмч нарын илтгэл дэлхийн 200 шилдэг илтгэлд багтсан. Эндээс нуруу нугасны дискний хагалгаагаараа бид дэлхийд нэгдүгээрт орсон шүү.
-Өөрийн барьсан объектуудаас дэргэдүүр нь өнгөрөхдөө сэтгэл хангалуун байдаг, бахархдаг ямар барилга байгууламж байна?
-Барьсан бүх л барилга эргээд харахад их, бага ямар нэгэн дутагдал байдаг. Өөрөө мэдэрч хийж байгаа учраас үүний дутагдал нь эндээ байна гэж анзаардаг. Гэхдээ хүмүүс надад урам хайрладаг юм аа. Чиний барьсан барилгын өнгө, доторх төлөвлөлт, орон зайн ашиглалтын төлөвлөгөө таалагддаг шүү гэж найз нар, худалдан авсан хүмүүс хэлдэг.
-Манай нэг үеэл ах барилгын зургийн инженер л дээ. Танай “Хос жүрж”-ийн хоёр барилгыг улсын комисс хүлээн авахад тэр бүрэлдэхүүнд нь байсан хүн. “Улаанбаатарт газар хөдлөхөд хамгийн сүүлд үлдэх нь “Жигүүр гранд”-ын энэ хоёр барилга шүү” гэж надад хэлж байсан?
-“Хос жүрж”-ийн хоёр барилгын хувьд технологийн шинэчлэл хийсэн. Бид каркасан барилга дээр шууд хучилтын хавтан тавьдаг байсан бол Монголд анх удаа хучилтыг нь цутгасан юм. Бага багаар туршаад, технологио сайжруулж, өөрсдийгөө бид жил ирэх тусам хөгжүүлээд явж байна л даа.
Жишээ нь, гадна талын энэ шилэн хийцийг бид өөрсдөө хийдэг болсон. Ер нь Монголын барилга дэлхийн түвшинд хүрчихсэн шүү. Жаахан л дэмжээд өгвөл Монголын барилга бүр илүү хөгжинө.
-Жаахан дэмжинэ гэхээр яах ёстой юм бэ?
-Бодлогоор дэмжих ёстой. Чөлөөт өрсөлдөөний зөв бодлогыг бий болгох хэрэгтэй юм. Зарим нэг нь улс төрд гарч ирчихээд өөрийнхөө компанийг тордоод байж болохгүй биз дээ. Биднийг цааш хөгжихөд чөдөр тушаа болдог нэг аюултай юм бий. Аль нам гарч ирэх нь хамаагүй, төрийн байгууллагын, төрд ажиллаж байгаа мэргэшсэн суурь ажилтнуудыг л халмааргүй байна. Яам ч, хот ч ялгаагүй. Энэ хамгийн аюултай.
Төрийн албан хаагчдыг тэр аяар нь өөрчлөөд дадлага туршлагагүй хүмүүс тавьчихдаг. Тэр улсуудаас болж төр өөрөө тэнцвэргүй байдалд орчихоод байгааг ойлгодог ч юм уу даа. Бидэнд энэ байдал хүнд тусдаг.
-Гаднын зарим Элчин сайд нар яг л энэ асуудлыг ярьдаг. Танай аль нэг яамаар ороод хуучин ажлаа ярья гэхээр хүн нь ч байхгүй, асуудал нь ч байхгүй болчихсон байх юм, ямар учиртай юм бэ гэдэг.
-Төрийн албан хаагчдын хуулийг боловсруулж байгаа юм билээ. Манай дарга нар, улстөрчид энэ тухай бодох цаг болсон шүү, ний нуугүй хэлэхэд. Та нар 20 хэдэн жил алдлаа, болоо. Одоо хийх ёстой.
-Таны мөрөөдөл юу вэ. Одоо юу бүтээж, юу босгох бодолтой байна. Эсвэл хэдэн төгрөгтэй болчихоод, тэгээд .... ?
-Надад мөнгө нэг их хэрэггүй ээ. Би мөнгөний хойноос явдаггүй ш дээ. Их гоё тайван амгалан амьдралыг л хүсэж байна. Харин өөртөө тавьсан нэг төлөвлөгөө бол зав гаргаад хөгжим дээрээ нэг мюзикл хийчихье гэсэн бодол бий. Бизнесийн хувьд энэ барилгуудаасаа илүү аятайхан хотхон барьчих санаа байна.
Манай “Жигүүр гранд” группийн эмблем дээр нар, сар хоёр, мөн аз жаргалын улаан, сэтгэлийн цагаан өнгө байдаг. Энэ бэлгэдлийг би өөрөө хийсэн. “Жигүүр гранд” группэд яг надтай ижил, тэтгэвэрт гарах насны хүмүүс бий, 35-55 орчим настай дунд үеийнхэн байна. Мөн залуу үе бий. Гурван үеийнхэн, ажиллах хүчний систем нь нэгэнт тогтчихсон.
Нэг нь нөгөөгөө сургадаг залгамж халаа бий болчихсон байна. Энэ хамт олныг ирээдүйд Монгол Улсын хөгжилд нэмэр болдог компани байгаасай гэж бодож төлөвшүүлэх асуудалд зүрх сэтгэлээсээ ханддаг.
-Таван төгрөгтэй, жаахан нэр хүндтэй болохоороо хүмүүс морь уяад байх юм. Та энэ талаар сонирхдоггүй юм аа даа?
-Морь хийморилог амьтан. Монголыг морьгүйгээр төсөөлөхгүй. Уяач “Макс”-ын Ганбаа ээжийн талын хамаатан л даа. Тэднийхэн удмаараа уяач улс шүү дээ. Удам дагана гэдэг чинь гоё юм байна. Миний сонирхол тэс өөр. Би хөгжим сонирхдог, хааяа нэг дуу биччихээд “Жааяа ах аа, нэг хараад өгөөч” гэж асуух жишээтэй. Та намайг мэднэ дээ. Миний хообий бол тэр.
-Ер нь анх яагаад хөгжим рүү орсон билээ?
-Би зургаа, долдугаар ангиасаа хөгжим сонирхсон. Тэр үед гитар олдохгүй, цэцэрлэгээс мандолин авчраад тоглож сурч байлаа. Наймдугаар анги төгсөөд, техникумд орохдоо хөгжмөөр шалгуулаад, цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж, ахлагчаар нь гурван жил ажилласан. Тэр үед цахилгаан хөгжим ид моодонд орж байлаа.
Дараа нь Дорноговьд хоёр жил ажиллахдаа Соёлын ордонд нь ажлынхаа хажуугаар уран сайханч хийсэн. Тэндээсээ цэрэгт яваад бас л цахилгаан хөгжмийн хамтлаг толгойлж байв. Рок, попын гадаад дотоодын хамтлагуудыг сонсоно. “Битлз” оргил үедээ байсан. Тэдний дуунуудыг хааяа дагаж дуулдаг байлаа. Тэр үеийн үзэгчид ч өөр байж дээ.
-Таны дуунууд шалдар булдар гэхээсээ нийгэм, хүний харилцааны их нарийн юмнуудыг агуулсан байдаг. Хөгжмийн сэтгэлгээний хувьд энгийн түвшнээс их өргөн. Таныг хөгжимд зүрх сэтгэлээ бүрэн өгдөг юм байна гэж би ойлгодог.
-Баярлалаа.
-Хөгжим рүү нэг шургачихвал салахгүй үзэх үү?
-Хообий шүү дээ. Түүндээ дуртай учраас зүрх сэтгэлээсээ хийнэ. Хүн ерөөсөө л дуртай зүйл рүүгээ л тэмүүлдэг юм биш үү, Жааяа ах аа. Нэг ч шаардуулахгүйгээр, өлсөж байсан ч, янз бүрийн ажилтай байсан ч тэмүүлдэг.
-Та дуу бичлэгийн студи, продакшнууд, хамтлаг дуучдад чадах чинээгээрээ тусалж, ивээн тэтгэдэг юм билээ?
-Би өөрөө уран бүтээлч хүн учраас найз нөхөд, ажил төрлийн уялдаатай, урлагийн хамтран зүтгэгчдэдээ тусалдаг л даа. Жишээ нь, “Нью стар” студи, Гавьяат И.Болоож, Ш.Гүрбазар, дуучин Б.Амархүү, П.Хэрлэн, мөн “Sweetymotion” хамтлагийнхан байна. Байр сав авахад нь хөнгөлөлт үзүүлэх, мөн тоглолтод нь дэмжлэг, хандив өргөх зэргээр тусалж байсан.
Өөрийнхөө чаддаг юмаар л туслахаас би өөрөөр чадахгүй шүү дээ.
-Хөгжмийн зохиолчдын холбооны нэг өрөөг та сайхан тохижуулсан байдаг шүү?
-Тийм ээ, тавилга авч өгсөн.
- Саяхан болсон П.Хэрлэнгийн концертыг та ивээн тэтгэсэн гэл үү?
-Хэрлэнтэй би уран бүтээлийн хүйн холбоотой. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын “Морин хуур” наадамд би дөрвөн удаа оролцсон л доо. 2006 онд, ээжийн тухай “Миний гэр” гэж дуугаар оролцоод тэргүүн байр эзэлсэн. Дараа жил нь “Анд минь чамайг үгүйлэх юм” дуу минь түрүүлсэн. Түүнийг Хэрлэн дуулсан юм.
Бас “Хайрласан хайр” гээд Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан дуугаар тэргүүн байр авсан. Тэрний хойтон П.Хэрлэнгийн “Эх орон” гэж дуугаар түрүүлсэн. Иймд дуучин Хэрлэндээ ямагт тусалж явна гэж боддог юм.
-Сониноос би саяхан сонслоо. Миний шавь Б.Чинбат төгөлдөр хуур дээр Чикагогийн симфони оркестртой таны дуунуудаар CD хийжээ. Таны оргинал, эх аялгуунууд найруулгын их том суурь болсон байна лээ. Олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд, галт тэрэг, зочид буудал, ресторанд эгшиглүүлж баймаар гайхамшигтай сайхан бүтээл болжээ.
Орчин үеийн, монголжуу, бас сэтгэл тайвшруулах амт шимттэй. Америкийн аварга хөгжимчид хөгжимдсөн байх юм. Та энэ сэдлийг яаж олсон юм бэ?
-Би нэг их олон дуу хийгээгүй, 50-иад л дуутай юм уу даа. Тэндээсээ 20-иодыг нь шилж байгаад оркестрт оруулъя гээд Чинбаад хандсан юм. “Чи найруулгыг нь хий. Төгөлдөр хуурыг нь тоглож болно шүү дээ. Бичлэгийг нь Америкт хийе. Америкийн нэг оркестртой ярьж байгаад цуг тоглуулъя” гэсэн.
Тэгээд зургаан сарын дотор бүгдийг нь хийж дуусгасан. Чинбаа маань гол үүрэгтэй оролцсон юм. Чикагогийн Америктаа нэг, хоёрт ордог, Дэвид Тейлор гээд хийлч тоглосон. Сайн ч тоглосон, ярих юм байхгүй.
-Өөрийнхөө дуунуудаар найруулга хийснийг сонсоход бахархмаар санагдах юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Өөрөө бүгдийг нь тоглоод байгаа ч юм шиг. Тайзан дээр гараад буухад нэг тийм гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Тэнгэрт хөвөөд байгаа ч юм шиг, хэдийнэ буучихсан мөртлөө тайзан дээр байгаа ч юм шиг санагдаад л. “Баатарван” амралтынхаа газарт CD-гээ тавьдаг юм. Энэ юун гоё ая вэ гээд хүмүүс их асуудаг.
3000 ширхгийг хэвлүүлсэн нь дуусчихсан. Сая нэмж 5000 хувь хэвлүүлсэн. Одоо харин телевиз, сонинд ярилцлага өгч сурталчилдаг юм уу гэж бодоод байгаа.
-Уран бүтээлийн хувьд ямар зорилго байна, танд?
-Сүүлийн үед жилдээ гурван дуу хийж байна уу даа. “Камертон”-ы Болдод хоёр жилийн өмнө нэг дуу өгсөн. Дуучин “Харанга”-ын Лхагваад “Ухаарал” гээд нэг дуугаа өгсөн. 20-иод хөгжмийн зохиолч оролцсон, “Энэ дуу хит мөн үү” гэдэг тэмцээн болсон доо. Тэгэхэд мюзиклийнхээ гол уран бүтээл, “Чамаас би холдмооргүй байна” гэдэг дуугаараа оролцсон. Агиймаа дуулсан. Ер нь мюзиклээ бэлдээд л байна.
Тэрийг бэлдэхэд дор хаяж хоёр, гурван сар нам суух хэрэгтэй. Ер нь тун дөхсөн байгаа.
-Та ч тэгвэл бизнесийн ажлаасаа хоёр сар салахгүй бол хэцүү дээ.
-17-18 дуутай мюзикл шүү дээ. Цаг гучин минут үргэлжлэх мюзикл хийхийн тулд бүх юмыг нь бодож, чамбай хийхгүй бол болохгүй гэж бодож байна даа.
-Хөгжим зохиодог хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөнтэй, бараг л юмтай, сумтай юм шиг ойлгодог хэсэг байх юм. Хөгжмийн зохиолч хүн тэнэг байх ёстой юу, юмны учир мэддэг байх ёстой юу. Урлагийнхныг хүн баясгадаг, хөнгөн шингэн амьдралтай гэх ойлголт нийгэмд бас бий ?
-Би энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ урлаг бол маш их стресс шаардсан, хүнд хөдөлмөр гэж боддог. Та гэхэд л жишээ нь тэр олон морин хуурыг бүгдийг нь нэг хүн шиг дуугаргаж чаддаг. Энэ бол агуу хөдөлмөр. Гэтэл тэр хөгжмийг эхлээд зохионо шүү дээ. Барилга бол бас л хатуу боорцог шүү дээ. Яг урлагтай тэнцүүлээд үзэхэд нэг тэрэгний хоёр дугуй ч юм уу даа.
-Мартсанаас та хэдэн хүүхэдтэй билээ?
-Найман хүүхэдтэй.
-Эхнээсээ хоолонд хүрч байна уу?
-Хүрэлгүй яах вэ. Компанийн гүйцэтгэх захирлаар манай охин ажилладаг. Австралид хоёр ч сургууль төгссөн. Нэлээд чадварлаг. Би ирээдүйтэй гэж боддог шүү.
-Та бол бүтээдэг хүн. Алт ухдаг, нураадаг, сүйтгэдэг нэг хэсэг байна. Мянга мянган жилийн уламжлалтай, нүүдлийн соёлтой холбоотой мал аж ахуй эрхэлдэг хэсэг бий. Таныхаар улс орны хөгжлийн гарц юу юм бэ?
-Ямар ч улс орны хөгжлийн гарц тухайн орны хөгжлийн суурь бааз юу байна вэ гэдгээр тогтоогддог. Монголд хөгжлийн гарц нэгдүгээрт, уул уурхай, хоёрт аялал жуулчлал гэж боддог. Аялал жуулчлалыг зөв хөгжүүлбэл уул уурхайгаас дээшээ гарч болно. Аялал жуулчлал хөгжих нөхцөл бололцоо Монголд бий.
Азийн өндөр хөгжилтэй орнуудын цаг улирлын зон Монголд солигдож орж ирдэг. Тэнд долоо, найм есдүгээр сард маш халуун болдог. Дэлхийн ихэнх улсуудаар тойроод үзчихсэн нөхөд чинь Америк руу 10 хэдэн цаг нисэхийг бодохгүй. Хоёр гуравхан цаг нисээд очдог, ойрхон сэрүүн бүс рүү аялахыг илүүд үзнэ.
Аюул осол багатай, хүн ам цөөн, байгаль сайхантай, нүүдлийн соёл иргэншилтэй Монголыг сонирхоно. Мөн мөхсөн үлэг гүрвэлийн эх орон шүү дээ. Хэдэн сайхан музей байгуулах, эртний нийслэлийн туурийг сэргээн босгох гээд ойлгомжтой тодорхой ажлууд бий байх гэж боддог.
-Хүн болгонтой уулзахад эх орондоо хайртай гэдэг. Та ч бас хайртай л гэж хэлнэ. Эх орноо хайрлаж байгаа чинь танд яаж мэдрэгддэг юм бэ?
-Гадаадаас ирээд онгоцны буудалд буухад салхи сэвэлзээд л, нэг л сайхан “Эх орон минь ямар ч гоё юм бэ дээ” гэж боддог. Уудам талд морь унаад, адуу туугаад явж байхад ч гэсэн “Би монгол хүн шүү дээ” гэж омогшдог ш дээ.
-Монгол орон Улаанбаатарыг эс тооцвол амар амгалангийн туйл гэмээр шүү, тийм ээ. Балхжавын нэг дуу байдаг даа. “Талын монгол айл тайван амгалан” гэж. Манай төрийн шагналт нэг найрагч бас “Монголын их амар амгалан” гэж шүлэг тэрлэсэн.
-Хөдөө зун гэрт ороход сүү цагаа бялхчихсан. Тогооны хусам үнэртэж байх шиг. Банаг дотор айраг бүлээстэй. Гоё ш дээ. Бид өөрсдийнхөө дассан энэ орчинд эзэн нь болж төрсөн. Бурхан биднийг энд л заяасан. Энэ нутаг биднийх учраас хайртай байхаас өөр аргагүй юм л даа.
Тэмдэглэсэн Г.ОЮУНГЭРЭЛ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт