Дэлхийд хоёрдугаарт бичигддэг түргэн хоолны сүлжээ болох KFC компани 2018 оны сүүлээс эхлэн АНУ-аас худалдаж авдаг тахианы махандаа антибиотик хэрэглээгүй байх шаардлага тавихаар болсноо зарлалаа. Энэ шийдвэр нь антибиотикт эмчлэгддэггүй өвчлөлийг нэмэгдэхийн эсрэг тэмцэлд том хувь нэмэр болохоор байна. Бүр 1980-аад оноос эхлэн эмч мэргэжилтнүүд антибиотикт тэсвэртэй бактериуд бий болж байгаад санаа зовж эхэлсэн ба үүний гол шалтгааныг фермийн амьтдад антибиотик эмчилгээ хэрэглэж байгаатай холбож байв. Гэсэн хэдий ч хүнсний компаниуд антибиотикоос татгалзахдаа тун хойрго байсаар ирсэн юм. НҮБ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын шаардлага ч нэмэр болохгүй байв.
Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөж эхэлсэн юм. Panera, Chipotle зэрэг хүнсний компаниуд антибиотик эмчилгээ хийлгэсэн амьтны махыг бүтээгдэхүүндээ хэрэглэхгүй байх алхам хийсэн нь эхний амжилт байв.
Үүний араас McDonald’s, KFC зэрэг томоохон компаниудыг мөн дагаж өөрчлөгдөхийг тал талаас шахаж эхэлжээ. Тиймээс жил бүр олон сая тахиа худалдан авдаг KFC компанийн мэдэгдэл чухал дэвшил болж байна.
Одоохондоо KFC яг ямар төрлийн антибиотикийг хориглож байгаагаа дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын хувьд энэ нь том ялалт гэж үзэж байна.
Антибиотикт тэсвэртэй бактерийн өсөлтөд хоёр салбарыг буруутгадаг. Нэгд нь эмнэлгүүд антибиотикийг зайлшгүй бус тохиолдлуудад хэт замбарааүй хэрэглэх болсон. Хоёрт нь фермийн амьтдыг өвчнөөс сэргийлэхийн тулд өргөнөөр хэрэглэдэг болсон нь юм.
АНУ-ын мэргэжлийн байгууллагын (Center for Disease Control and Prevention) тооцоолсноор антибиотикт тэсвэртэй өвчлөл нь Америкийн эдийн засагт жил бүр $20-$30 тэрбумын зардал үүрүүлдэг гэжээ. Мөн жил бүр 2 сая хүн ийм өвчлөлд нэрвэгдэж, 23,000 хүнийг үхэлд хүргэдэг байна.
Хэдийгээр зах зээлийн эрэлтийг хангахын тулд амьтдыг эрүүлжүүлэхэд зориулж хэрэглэх шаардлага байдаг ч зарим томоохон фермерүүд антибиотикоос татгалзаж эхэлсэн нь бас нэг сайн үр дүн юм. Томоохон компаниудаас Perdue Farms, Tyson Foods, Foster Farms гурав одоогоор бүх тахианы фермүүддээ антибиотикийн хэрэглээг бууруулах амлалт аваад байна.
Эх сурвалж: Quartz
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт